Ардын намын дотоодын зөрчилдөөн хурцдаж, “зодоон” улам ширүүсэх бололтой. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн өчигдөр (2022.04.26)-ийн үйл явц түүний өрнөл гэлтэй.
Прокурорын байгууллагаас УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн нь нэгэнт тодорхой болов.
Дөнгөж сая УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, маргааш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар боллоо. Хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг тав хоногийн дотор хэлэлцэх ёстой тул энэ дагуу энэ долоо хоногт тодорхой шийдвэр гарах нь.
Хөгжлийн банкны дуулиан УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртэл хөвөрч буй нь энэ буюу. Өдгөө ШШГЕГ-ын харъяа, урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй, Хөгжлийн банкны дэд захирал Б.Ч гэгч ам нээж, Ардын намын гишүүд албан тушаалаа ашиглан хэрхэн “дураараа аашилсан”-ыг илчилсэн мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалж өгч байна.
Ардын намын “муу бүхний манлайлал” болсон гэгддэг нөхөдтэй харьцуулбал Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар “жараахай” л даа. МАН тэднээр эхний ээлжид "туг тахих" нь гэж хардаж буйгаа сөрөг хүчнийхэн илэрхийлж байна. Гэвч хууль бол хууль, хэнийг ч алагчлалгүй тэгш үйлчлэх ёстой билээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг, "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татжээ. Тэд олон жил нөхөрлөж буй бөгөөд Ё.Баатарбилэг гишүүн мэдүүлгээ илгээж, өнөөдөр тогтоолтой танилцсан байна. Тэрбээр Ц.Баатарбилэгийг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүйгээ мэдээлэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар ч яллагдагчаар татагдсан. Тэд асуудал иймдээ тулахыг эртнээс мэдсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд Г.Амартүвшингийн хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлт гаргасан. Х.Ганхуяг гишүүн хуулийн байгууллагаас дуудсан цагт очиж мэдүүлэг, тайлбар өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.
Хөгжлийн банкны дэд захирлын өгч буй мэдүүлэг төрийн олон түшээг түгшээж, "айдас"-т автуулж буй биз ээ. УИХ-ын гишүүдээс Хөгжлийн банкнаас зээл аваагүй гишүүдийг нэрлэ гэвэл цөөхөн хүн л нэр цэвэр үлдэж магад. Тиймээс ирэх өдрүүдэд Г.Дамдинням, Ч.Ундрам тэргүүтэй Хөгжлийн банкны дуулианд нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал хөндөгдөж болзошгүйг эх сурвалж мэдээлж байна.
Энэ парламентад бие даан нэр дэвшиж орж ирсэн Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал хөндөгдөв. Тэрбээр Хөгжлийн банкны хэрэгт хамааралгүйгээ удаа дараа илэрхийлсэн ч прокурорын байгууллага түүнээс ямар нэг "но" илрүүлсэн бололтой, ямартаа ч яллагдагчаар татжээ. Түүний араас тун удахгүй Б.Бейсен, А.Адъяасүрэн тэргүүтэй АН-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал сөхөгдөж болзошгүй гэх мэдээлэл бий.
Холбоотой мэдээ