Хилчдийн гэм бурууг энэ сард хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Хилчдийн гэм бурууг энэ сард хэлэлцэнэ

Увс аймгийн Давст сум дахь хилийн цэргийн 0245 дугаар ангийн “Мөнхцахир” заставт Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар цэргийн алба хааж байх үедээ орлогч дарга болон харуулын даргаа буудан хөнөөсөн хэрэг гарч байсан. Уг хэрэгт холбогдох шүүх хурал наймдугаар сарын 25-ны өдөр   тус аймгийн сум дундын шүүхэд болохоор товлогджээ. Өнгөрсөн 2005 оны тавдугаар сарын 11-ны өдөр Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар дарга нараа буудаж хөнөөсөн даруйдаа заставын орлогч дарга, талийгаач Ж.Лувсаншаравын гар бууг 100 сумтай авч хойд хөрш рүү оргосон юм. Тэднийг тухайн үед ОХУ-ын хилийн 1641 дүгээр тэмдэгтээр хил зөрчсөн болохыг тогтоож, тус улсын Тагнуулын албанаас баривчилсан билээ. Тэдэнд ОХУ-ын хуулийн дагуу 3-4 жилийн хорих ял оноосон байдаг. Харин өнгөрсөн жил тэдний ял эдлэх хугацаа дуусч эх орондоо ирсэн юм. Уг хэргийг манай улсын хууль хяналтынхан сэргээн шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж