“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт (2022.04.25) өргөн мэдүүлжээ.

Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл“-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг, өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасахаар заасан байна.

“Хөтөлийн цемент шохой” үйлдвэр нь 1983 онд байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2001 оны 442 дугаар тогтоолоор хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 52 дугаар зүйлд “хувьчлан авагч хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн", ”хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;”, “хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;” гэсэн үндэслэл байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно гэж, мөн зүйлд дээрх үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох шийдвэрийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана гэж тус тус зааснаас гадна Концессын тухай хуулийн 8.1.2-т “концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргах”-ыг хориглохоор заасан.

Авлигатай тэмцэх газраас энэ оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлжээ.

Энэхүү “Мөрдөгчийн мэдэгдэл”-д Хөтөлийн цемент шохой ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ Бейзмент ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг дурдсан байна. Улмаар хувьчлалыг хүчингүйд тооцох хэд хэдэн үндэслэл байгааг шалгаж тогтоосон тул Хөтөлийн цемент шохой ТӨХК /хуучнаар/-ийг төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргахыг даалгасан байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцох зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа юм байна.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл“-ээс “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг, өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэсэн заалтыг хасах, өөрөөр хэлбэл, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахгүй байхаар уг Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж