Орос, Украины дайн болон хил гаалийн гацалт, барааны үнийн өсөлтийн улмаас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам /ЦХХХЯ/-ны төсвөөс 5 орчим тэрбум төгрөг хасахаар болжээ.
Энэ талаар ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Манай яам 2022 оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор байгуулагдсан. Яамны орон тоо, бүтцийн хувьд 87 орон тоотой батлагдсан. Өнөөдрийн байдлаар 48 орон тоо бүрдсэн. Төрийн албаны зөвлөлтэй хамтран салбар зөвлөл байгуулсан. Салбар зөвлөлөө олон нийтэд нээлттэй зарлаж, үлдсэн албан хаагчдыг шалгаруулж авна.
ЦХХХЯ-ны харъяанд И-Монголиа академи, Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар хамаардаг.
Өнөөдрийн орж ирсэн төсвийн тодотголоор манай төсвөөс нийтдээ 5 орчим тэрбум төгрөг хасахаар байна. Дээрх байгууллагуудаас төсөв хасахад хамгийн хэцүү байгууллага бол Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар. Учир нь өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Үндэсний дата төв дээр Засгийн газар, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар 30 орчим тэрбум төгрөгийн программ хангамжийн хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид лицензийг нь сунгаж авч явахад 5.5 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Энэ зардал төсөвт суугаагүй учраас Үндэсний дата төвөөс 152 сая төгрөгийн зардал хасах нь байгууллагад хүнд тусна.
Төрийн өмчийн компаниудын хувьд Мэдээлэл холбооны сүлжээ компани, Монголын цахилгаан холбоо компани, Монгол шуудан компани ажилладаг. Эдгээр нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харъяанд явдаг. Мэдээлэл, холбооны сүлжээний компани бол Монгол Улсын мэдээллийн дэд бүтцийн стратегийн гол компани. Тиймээс тус компанийг хувьчлахгүйгээр илүү тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн" гэв.
Холбоотой мэдээ