Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

76:1

МАН-ын "дуу хоолой"

МАН-ын "дуу хоолой"

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт   УИХ-ын гишүүн Н.Ганибалыг танилцуулж байна.


Багш, хэрэглээний математикч мэргэжилтэй Н.Ганибал нь 2020 онд Ардчилсан намаас Сүхбаатар аймгаас парламентын гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр ажлын гараагаа ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд математикийн багшаас эхлүүлж, компьютерийн ухааны секторын эрхлэгчээс аймгийн Засаг даргын зөвлөх хүртэл дэвшиж байв. Түүний улс төрийн гараа нь 2016 оноос эхэлсэн.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, намын байгуулалтын газрын даргын албыг  2016-2019 хүртэл хашиж байгаад 2020 онд УИХ-ын гишүүн болж Төрийн ордонд "суурьшиж" байлаа.   Олон нийтэд төдийлөн танигдаагүй түүнийг бүлгээсээ хөөж байгаагаа АН-ын бүлгийн дарга Б.Ганбат мэдэгдсэн. Түүнтэй хамт хөөгдсөн гишүүд бол УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь нар юм.  Тэрбээр улс төрийн хувьд өөрийн үнэт зүйлгүйн дээр өөрийн толгойгүй мэт харагддаг. Нэг хэсэг О.Цогтгэрэлийг дагаж, Х.Баттулгад үйлчилж байсан бол АН-ын даргын сонгуулиар Ж.Батсуурийг дэмжсэн.

Н.Ганибал нь хууль санаачилч гавьдаггүй ч харин улс төрийн могойд барьдаг мод болохдоо гаргуун. Учир нь, өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнийг эсэргүүцэж  Н.Алтанхуяг нарын хамт Х.Баттулгын заавраар долоо хоног талбай дээр өлсгөлөн зарлаж байлаа. Түүнчлэн Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсанаараа  МАН-ын "дуу хоолой", могойд барьдаг мод нь болохоо харуулсан.

Өөрөөр хэлбэл, МАН-ынхны өмнөөс ҮХЦ-д хандах болсон нь нэг бол тэр эрх баригчдад хөлслөгдсөн, нөгөө бол их том эрх ашгаараа "барьцаалагдсан" гэж дүгнэхэд хүргэсэн юм.

Н.Ганибал нь  үнийн өсөлтийг тогтвортой барих хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийг төлөөлөн хэмнэлтийг сайд дарга нараас эхлүүлэх санал гаргасан. Ингэхдээ 15 яамны дэд сайд сард 34 сая 740 мянган төгрөг, жилд 521.1 сая төгрөгийг цалинд зарцуулж байгааг онцолж байв. Сонгогдсон цагаасаа эхлээд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхээс илүү Ардчисан намын бүлэг дотроо сөрөг хүчин болж гүйсэн нь түүнийг хэр итгэл үнэмшилтэй улстөрч болохын илрэл.

НЭГ Ч ТӨГРӨГИЙН ЗЭЭЛГҮЙ ГИШҮҮН

Тэрбээр АТГ-д өгсөн 2020 оны мэдүүлэгтээ жилийн орлого 89 сая 577 мянга бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 76 сая 263 мянган төгрөг.  125 сая төгрөгийн Lexus-570 нэг ширхэг, Nissan Qashqai ширхэг тус бүр жийп загварын хоёр автомашинтай.  Мөн 219 сая 100 мянган төгрөгөөр үнэлэгдэх 20 удмын адуу, 61 адуу, хоёр сайн үүлдрийн үхэр, 10 үхэр, 20 хоньтой. Нийтийн зургаан орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой бөгөөд нийт 696 сая 740 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгээ  дурджээ. Түүний хадгаламж 60 орчим сая төгрөг, зээлгүй. Н.Ганибал нь “МОСМЕП” ХХК, “Ардчилал таймс” сонин болон бусад газраас 1-50 хувийн ногдол эзэмшдэг гэж мэдүүлсэн нь бий.

ТОВЧ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
  • 1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатарын Их сургууль, хэрэглээний математикч
  • 2001 онд ШУТИС, программ хангамж, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 2000-2002 онд ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургууль, математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч
  • 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
  • 2012-2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга
  • 2016.02-2016.09 Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга
  • 2016-2019 онд Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ:
  • Англи

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж