Швейцарийн 500 жилийн түүхтэй төвийг сахих бодлого ганхав уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Швейцарийн 500 жилийн түүхтэй төвийг сахих бодлого ганхав уу?

Швейцарийн 500 жилийн түүхтэй төвийг сахих бодлого ганхав уу?

Швейцарийн төвийг сахих бодлого тэртээ 1515 эсвэл 1516 оноос эхлэлтэй гэж үзэж болно. 1515 оны есдүгээр сард Мариньяногийн тулаанд хуучин Швейцарийн холбоо ялагдсан. 1516 оны арваннэгдүгээр сард Швейцарийн холбоо Францтай энхийн гэрээ байгуулж байсан. Дээрх үйл явдлуудаас улбаатайгаар Швейцарь улс нь өнөөг хүртэл төвийг сахисан бодлого баримталсаар иржээ. Үүнээс өмнө тус улс экспасионист гадаад бодлоготой байв. Экспасионист гадаад бодлого гэдэг нь цэргийн эзэнт гүрэн байгуулах эсвэл колоничлолоор дамжуулан нутаг дэвсгэрээ өргөжүүлэх бодлого юм.

Швейцарь нь дэлхийн хамгийн эртний цэргийн төвийг сахих бодлоготой улс бөгөөд 1815 онд Парисын гэрээгээр төвийг сахих эрхээ тогтоосноос хойш гадаадын дайнд огт оролцоогүй аж. Түүнчлэн 2002 он хүртэл НҮБ-д элсээгүй. Төвийг сахих бодлогын хүрээнд идэвхтэй гадаад бодлого баримталж, дэлхий даяар энх тайвныг тогтоох үйл явцад байнга оролцдог. Газарзүйн байршлын хувьд Европын холбооны орнуудаар хүрээлэгдсэн байдаг хэдий ч өөрийн гэсэн дүрэм журамтай. Европын холбоотой байгуулсан хоёр талт гэрээ хэлэлцээрүүд байдаг ч төвийг сахисан байр сууриа тууштай баримталсаар байна.

Аливаа улс орон төвийг сахина гэдэг нь бусад улс хоорондын зэвсэгт болон улс төрийн мөргөлдөөнд оролцохгүй байх үндсэн зарчимтай.

ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ БА ТӨВИЙГ САХИСАН БАЙДАЛ

Гэтэл Украины дайн 500 гаруй жил үргэлжилсэн тогтолцоог ганхуулав. Швейцарь улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаарх байр сууриа эргэн харж, урьд өмнө хэзээ ч байгаагүй арга хэмжээ авахад хүрлээ. “Украины дайн манай улсын төвийг сахих бодлогыг эсэргүүцээд зогсохгүй улс төрийн хорио цээрийг нурааж байна” гэж тус улсын хэвлэлд бичжээ. Төвийг сахисан орны хувьд Швейцарь нь улс төрийн, цэргийн аливаа мөргөлдөөнд аль нэг талыг баримталдаггүй. Гэвч энэ уламжлалаасаа эрс татгалзаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй нэгдэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авав.

Хоёрдугаар сарын 28-нд Швейцарийн ерөнхийлөгч Игнацио Кассис мэдэгдэл хийхдээ, “Түрэмгийлэгчийн талд орох нь төвийг сахих үйлдэл биш. Энэ шийдвэр нь өвөрмөц хэдий ч бид төвийг сахих амлалтаасаа ухраагүй” гэжээ.

Тэд хориг арга хэмжээ аваад зогсохгүй 2023 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байнгын бус гишүүнээр элсэхээр шийджээ. Аюулгүйн зөвлөлд элсэх нь тус улсын нэр хүндийг олон улсад бэхжүүлнэ гэж Швейцарийн засгийн газар үзэж байна. “Энэхүү шийдвэр нь Швейцарийн ашиг сонирхлоор тогтохгүй дэлхий нийтийн ашиг сонирхол” гэж Игнацио Кассис хууль тогтоогчдод хэлсэн.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Одоогийн байдлаар Орос, Украины дайн нь Швейцарьт шууд үзүүлэх аюул байхгүй ч тус улсын засгийн газар аюулгүй байдал, батлан хамгаалахын бэлэн байдалд санаа зовж байна. Үндэсний аюулгүй байдалд нь ямар нэгэн заналхийлэл байгаагүй учраас сүүлийн 10 жилийн хугацаанд Швейцарь улс зэвсэгт хүчнийхээ тоог эрс цөөлж, цэргийн зардлаа эрс бууруулсан. Мөн цэргийн техник хэрэгслийнхээ ихэнхийг устгасан бөгөөд дараагийн жилүүдэд ч энэ нь үргэлжлэх хандлагатай байна. Одоо дэлхий дахинд нөхцөл байдал өөрчлөгдсөн тул Швейцарийн Батлан хамгаалахын сайд Виола Амхерд цэргийн төсвийг нэмэгдүүлэхийг дэмжлээ.

Энэ хүрээнд агаарын хүчнийг шинэчилж, одоо ашиглагдаж байгаа “F/A-18” онгоцуудыг 2030 он гэхэд ашиглалтаас гаргах ба хуурай замын цэргүүдийг дахин тоноглох юм байна.

Швейцарийн засгийн газар хуучирсан флотыг солихын тулд 2021 онд АНУ-аас 36 ширхэг “F-35A” сөнөөгч онгоц худалдаж авах санал гаргасан. Гэтэл энэ шийдвэр нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулжээ. Армигүй Швейцарийн төлөөх бүлгүүд болон Социал демократууд, Ногоонтнуудын зүгээс АНУ-ын тийрэлтэт онгоц худалдаж авахгүй байх санаачилга гаргасан байна. Уг санаачилгын дагуу 2023 онд бүх нийтийн санал асуулга явуулах ёстой байсан боловч Зүүн Европт дайн болж байгаа тул санал асуулгыг үл харгалзан энэ жил худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ.

УЯН ХАТАН ТӨВИЙГ САХИСАН БАЙДАЛ

Швейцарь төвийг сахисан гэх хэдий ч үргэлж хатуу байр суурьтай байсан уу гэвэл үгүй ажээ. Тухайлбал, 1951 оны долдугаар сард Швейцарь-АНУ хооронд Хоц-Линдерийн хэлэлцээр хийсэн. Энэхүү хэлэлцээрээр Швейцарь улс АНУ-ын шахалтад бууж өгч, “Зүүн блокийн орнуудын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг хүлээн зөвшөөрнө” гэж албан бусаар амлажээ. Үүнийг худалдааны албан бус бичигдээгүй гэрээ гэж болно.

Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах апартеидын тогтолцооны эсрэг Өмнөд Африкт олон улсын бойкот зарлахад Швейцарь улс нэгдэхээс татгалзсан. Энэ үйлдэл нь алтны худалдаанд зуучлагч болох боломжийг олгосон гэж Лозаннийн их сургуулийн хүндэт профессор, түүхч Ханс-Ульрих Жост онцолжээ. Тэрбээр хэлэхдээ, “Швейцарийн төвийг сахисан байдал нь маш уян хатан багаад өөрсдийнх нь эдийн засаг, санхүүгийн ашиг сонирхлын дагуу л хэрэгждэг” гэв.

Ажиглагчдын үзэж буйгаар аль дэлхийн хоёрдугаар дайны үед ч Швейцарь төвийг сахих зарчмаа зөрчсөн байна. Тухайн үед Швейцарь улс тэнхлэгийн орнуудад их хэмжээний зэвсэг экспортлосон ажээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд тулалдаж байсан Итали, Япон болон бусад улсуудын эвслийг Тэнхлэгийн орнууд гэж нэрлэдэг.

“Хэрвээ Швейцарь улс өөрийгөө хамгаалах шаардлагатай болох юм бол төвийг сахих байдал тэр цагаас эхлэн хүчингүй болно” гэж тус улсын армийн командлагч Томас Суссли хэлжээ. Энэ тохиолдолд Швейцарь улс бусад орнуудтай, тэр тусмаа НАТО-той эвсэх хэрэгтэй гэв. Эндээс дүгнэхэд, Орос, Украины нөхцөл байдлаас улбаалаад Швейцарь нэг бол НАТО, Европын холбоотой хамтрах, эс бол батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх болох юм.

Эх сурвалж: THE LOCAL, WIKIPEDIA, FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж