Сурвалжлага: Тоглоомын талбайгүй метрополист Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Тоглоомын талбайгүй метрополист Улаанбаатар

Сурвалжлага: Тоглоомын талбайгүй метрополист Улаанбаатар

Олон жилийн нар салхинд гундаж, өнгө нь зэвхий сааралтсан банзан хашааны буланд цэнхэр өнгийн төмөр дээр “Бугийн гудамж” гэсэн хаяг хаджээ. Энэ бол Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хороо буюу бидний хэлдгээр долоон буудал. Гудамжаар явган хүн бүү хэл автомашин явахад хэцүү энхэл, донхол шороон замаар хүмүүс ажил, гэр рүүгээ явна.

Гудамжны үзүүрт хүүхдийн тоглоомын талбай байрлана. Гадаа хүйтэн, цас орж байсан учраас тоглож буй хүүхэд байсангүй. Тоглоомын талбай руу ортол хүүхэд гэмтээж бэрмээт эрсдэлтэй орчин угтав. Тэнд тоглож байгаад хүүхэд хөл гараа шалбалах, бэртэж гэмтлээ гэхэд гайхах ч зүйл алга. 

Ойр хавиар нь архи, пивоны шил, тамхины иш хөглөрөх аж. Стандартын дагуу байрлуулсан байх ёстой зөөлөвчний  оронд элс асгасан ч энд тэндгүй шилний хагархай хэвтэнэ. Ингээд ч зогсохгүй гулсуур дор хэн нэгэн "хүндэрчихсэн" байв.  Сагсны талбайд шийдний гогцоо нь алга. Хоёр жилийн өмнө Covid-19  цар тахал гарахад тоглоомын талбайд олон хүн цуглуулахгүйн тулд хорооны ажилчид  шийдний гогцоог авч явжээ. Гэсэн ч сэтгэл байвал шийдний гогцоог буцаагаад хийчих хангалттай хугацаа өнгөрөв.

Үндсэн хуулиар олгогдсон хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч, торних тоглох эрх үнэндээ энд хөсөр хаягджээ.

" ГОЁ ТОГЛООМЫН ТАЛБАЙД ТОГЛОХЫГ ХҮСДЭГ"

Хүүхдийн инээх дуу хадсан хашааны хаалгаар шагайвал хоёр, гурваараа нийлсэн хүүхдүүд бөмбөгөөр тоглоцгооно. Хаалга нь дэлгээтэй нэгэн хашаагаар шагайж том хүн байгааг сураглавал 30 гаруй насны эмэгтэй гарч ирэв. Түүнээс гадаах тоглоомын талбайд хүүхдүүдээ тоглуулдаг эсэх талаар лавлахад  “Энэ хавьдаа цор ганц тоглоомын талбай нь энэ. Олон хүүхэд ирж тоглодог. Олон тоглоом басйан ихэнх нь эвдэрч гулсуур л үлдсэндээ. Эндхийн саравчинд залуус их архиддаг. Орчин нь их бохир ч гэсэн хүүхдүүдэд тоглох өөр талбай алга.  Тиймээс хааяа  хамар хашааны эцэг эхчүүд хогийг нь цэвэрлэдэг. Ер нь сэтгэлд амар хашаандаа л хүүхдүүдээ тоглуулдаг даа. 

Манай энэ хавьд машин ихтэй. Гарахаараа машин тэрэгний доогуур ороод эсвэл хөл гараа хугалчих гээд байдаг юм. Ер нь зөвхөн манай хороо гэлтгүй гэр хороолол тэр чигтээ хүүхдүүд тоглочих тоглоомын талбайгүй л байдаг шүү дээ” гэв.

Бидний ийн ярилцахыг сонссон түүний долоон настай хүү “Эвдэрхий биш аюулгүй гоё тоглоомын талбайд тогломоор байна” гэж үг нэмэрлэв. Тэдэнтэй хэдэн үг солих зуур хажуугаар дайрчих шахам жижиг тэрэг өнгөрлөө.

Хэдийгээр хурдтай явсан  ч нойтон цас орж байсан учраас эргэн тойронд шороо бужигнасангүй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ гаргадаггүй бас нэг шалтгаан нь гудамжийн тоос шороо гэнэ. Хүүхдүүд гудамжид тоглохоор шороо босч уушгинд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг тэд хэлж байв.

Цаашлаад Хайлааст орвол мөн л ялгаагүй хуучирч муудсан сүүдрэвч саравчнууд нь архичдын үүр оромж болжээ. Хүүхдийн тоглох талбайн дунд сагсны шийд байсан ч орох хаалгагүй битүү байх жишээний. Уг нь хүүхэд тоглуулах гэж л барьсан байлтай.  Зарим нэг хүүхдийн тоглоомын талбай нь сүүлд баригдсан учраас өнгө нь харьцангуй шинээрээ, тоглоом нь бүрэн бүтэн байв.

ТОГЛООМЫН ТАЛБАЙН СУУРЬ НЬ ИХЭВЧЛЭН ЦЕМЕНТ БАЙНА

Харин орон сууцны дундах тоглоомын талбай мөн л ялгагдах зүйл алга. III, IV хороололд байрны голд байрлах  тоглоомын талбай жижигхэн бас газрыг нь цементээр цутгажээ. Цементэн хавтан дээр хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвч барьсан байх бөгөөд  цементэн дээр унасан хүүхдүүд бэртэхгүй гэсэн баталгаа байхгүй. 

Байрны голд байрлах тоглоомын талбай машин замд тун ойрхон. Уруу байрлалтай учраас хүүхэд бөмбөгнийхөө араас гүйж байгаад машин доогуур орох эрсдэлтэй.  

Тоглоомын талбайн гадаргуу хайрга, элс, дахин боловсруулсан резин байх ёстой гэсэн боловч бидний очсон тоглоомын талбайнуудын суурь нь  ихэвчлэн цемент байв.  Энэ бол Улаанбаатар хотын төвд сүндэрлэх үй түмэн барилгуудын ганцхан жишээ. Бодит байдал гэвэл эцэст нь  хүүхдүүд гар, хөлөө хугалж, ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гадаа дугаарлан зогсогчдын эгнээнд шилжиж байна. Харин үүнд хариуцлага хүлээх эзэн тодорхойгүй. Энэ мэтчилэн дүр зураг нийслэлийн аль ч дүүрэгт харагдана. 

2020 оны байдлаар нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас  төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, наймаас дээш тоглоомтой 130 талбай бий гэжээ.

ШААРДЛАГА ХАНГАСАН ГАДАРГУУТАЙ ТОГЛООМЫН ТАЛБАЙ ХОВОР

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтэс "Аливаа бүтээгдэхүүний чанарын шаардлага хангасан эсэхэд  Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина. Комисс хүлээж авахад стандарт шаардлагыг хангуулах нь манай байгууллагын үүрэг. Хүүхдийн тоглоомын талбай нь авто замаас зайтай, эргэн тойронд нь аюул учруулах зүйлгүй байх ёстой. Мөн хүүхдийн тоглоомын талбайн гадаргуу буюу суурь гадаргууг элс, хайрга, эсвэл резинэн зөөлөвчтэй хийх ёстой. Энэ стандарт хүүхдийн тоглоомын  ихэнх талбайд алдагдсан.

Шаардлага хангасан гадаргуутай тоглоомын талбай ховор. Гүйцэтгэгч компаниудын гаргаж байгаа түгээмэл алдаа нь тоглоомуудаа хангалттай сайн суурилуулуулахүй, тоглоом хоорондын зай хэмжээг баримтлахгүй байна. Тухайлбал өвөл тоглоом угсралтын ажлыг хийлээ гэхэд суурийн цемент нь бэхжиж амжихгүй хөлдчихдөг учраас амархан бутарч унаад суурилуулалт нь ганхах эрсдэлтэй. Хүүхдийн тоглоомын талбайг СӨХ-д хариуцдаг ч аюулгүй байдалд хяналт тавих хүмүүс нь ээж, аав, асран хамгаалагчид. Өдөр тутамдаа байнга хяналт тавьж байх шаардлагатай" гэв.

ХААНА БАЙНА, АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР ?

Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тунхаглаж байв. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол 2020 онд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, хүүхдэд ээлтэй, сургууль цэцэрлэгийн илүүдэлтэй, явган хүний гарц, дугуйн замтай бухимдалгүй стрессгүй хот болох байсан юм.  “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн удирдлагууд  танилцуулж байсан ч  хөтөлбөрийн гүйцэтгэл үнэхээр 92.5 хувь байгаа юм бол их л олон зүйл өөрчлөгдсөн байх ёстой баймаар.

Гэр хороололд, уулын энгэрт алслагдан амьдарч байгаа иргэдийн амьдрал иймэрхүү дүр зурагтай байна.  Тэд өөрсдийгөө хотын захад амьдардаг шигээ төрийн бодлогын гадна үлдэж, төрдөө мартагдсан  гэж бодож суугаа нь даанч гунигтай.

 

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Холбоотой мэдээ

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ: Жилд 1000 хүүхэд нас бардаг

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ: Жилд 1000 хүүхэд нас бардаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж