Байр суурь: Хэдэн залуус бөхийн цол чимэг авахад хохирох зүйлгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хэдэн залуус бөхийн цол чимэг авахад хохирох зүйлгүй

Байр суурь: Хэдэн залуус бөхийн цол чимэг авахад хохирох зүйлгүй

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн жил цуцлагдсан. Тиймээс Бөхийн холбоо  залуусынхаа бэлтгэл сургуулилалтыг үнэгүйдүүлэхгүйн тулд Монголын залуучуудын холбоотой хамтран Хүй долоо худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Чансаа өндөр энэ барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн билээ. Тэгвэл энэ барилдаанд цол олгох уу гэсэн хүлээлт бөхчүүд, спорт сонирхогчдын дунд үүсэн, эцэст нь Б.Пүрэвдорж гишүүн ажил хэрэг болгохоор зүтгэж явна. Харин энэ талаар бөхчүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг заавал гишүүд хэлэлцэж, олонхи нь дэмжвэл бөхчүүд цол олгоно. 

Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав:

-Нэгдүгээрт энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Наадам болоогүй жил наадамтай дүйцхүйц барилдаан болсон. Барилдах боломжтой ид байгаа бөхчүүд бүгд барилдсан. Сүүлийн 40 гаруй жил улсын наадамд 120-250 цэрэг болон цолгүй бөх барилдсан байна. 2020 оны Эрдэнэ суманд болсон наадмын барилдаанд улс, аймаг, сумын цолтой 320 бөх бусад нь цолгүй залуу бөхчүүд (ихэнх нь бөх үзэхээр очсон залуус), хугацаат цэргийн албан хаагчид барилдсан. Улс, аймаг, сумын цолтой бусад бөхчүүд өөрийн аймаг, сумандаа зодоглосон. Харин Хүй долоо худгийн наадмын гэж болох барилдаанд 680 улс, аймгийн цолтой бөхчүүд бүртгүүлж, 168 аймгийн начин цолтой бөхийг хасч 512 бөх барилдсан. Үүнийг дэмжихээс өөр аргагүй. Ганц нэг хувийн ядмаг бодолтой бөхчүүд эсэргүүцэж болно, тэд байдаг л үзэгдэл. Дээр нь нэмж хэлэхэд хэдэн залуус бөхийн цол чимэг авахад улс нийгмээрээ, бас бөхчүүд хохирох юу ч байхгүй.

Хоёрдугаарт, 100 жилийн ой болно гээд олон бөхийн цолны асуудал яригдахаар байгаа. Өөрөөр хэлбэл, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед цолоо авч чадаагүй хүмүүс, түүхт ойн 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадам гэх мэт. Одоо Захиргааны хэргийн шүүх дээр П.Сүхбат гарьдын ар гэрээс арслан цол олгуулах нэхэмжлэлд бөхийн холбоог хариуцагч мөн гээд хэрэгт хариуцагчаар татсан шүүх хурал үргэлжилж явна. Бидний зүгээс бөхчүүдийн цол чимэгний асуудлыг түүхт их ойн өмнө дэмжээд өгөөч гэж зохих түвшинд ярьж байгаа. Дэмжих ч байх. Төр асуудлаа томоор харах нь дамжиггүй. Үе, үеийн төрийн тэргүүнүүд их ойнууддаа онцгой анхаардаг. 100 жил бол 50, 90 жилээс ч утга агуулгын хувьд онцгой. Төр засаг маань ч үүнд анхаарч 1951 он буюу энх цагийн эхлэлд бүх бөхчүүдээ урьж (үүнд хилс хэргээр хэлмэгдэж хоригдсон М.Лхагва арслан гэх мэт бөхчүүдээ суллаж) мөн ахмад 50-аас дээш настай бөхчүүдээ барилдуулсан байдаг. Төр өв соёлдоо өгөөмөр байх ёстой. Бөхийн холбоо ч үүнийг дэмжиж хүндэтгэн бүх шийдвэрийг дагана. Бид ч бас зарим зүйлийг уучилж чадна. Тиймд ч бид энэ 100 жилийн наадмын бөхөө сайхан зохион байгуулъя. 1024 бөхөөс гадна ахмад бөхчүүдээ мөн тэднийхээ дэмжигчдийг баярлуулж 50, 60-аас дээш насны бөхчүүдээ барилдуулъя гэж Ерөнхийлөгчдөө санал хүргүүлсэн. Судлаад хариу хэлнээ гэсэн, мөн Шадар сайд руу хүсэлтээ хүргүүлнэ. Төр, засгийн удирдлагууд маань түүхт их ойгоо өргөн дэлгэр хийж өмнөх түүхт ойн уламжлалаа даган сайхан наадах байх аа.

Даян аварга Н.Батсуурь:

-Би өөрөө тухайн үед барилдаагүй, байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ёстой хэлж мэдэхгүй юм.

Улсын аварга Г.Эрхэмбаяр:

-Сая Ерөнхийлөгчийн хүрээнд яригдаад, ярилцаад байна лээ. Халуун, дулаан яриа өрнөсөн. Ямар ч байсан үндэслэл нь болохгүй юм байна гээд өгөхөөргүй юм ярьж байна лээ. Энэ дээр би олон юм яриад яах вэ? Ерөнхийлөгч өөрөө л шийднэ.

"ДАРАА НЬ ЦОЛ ОЛГОХГҮЙ ГЭЭД ЗАЛУУЧУУД ХОХИРНО ШҮҮ ГЭЖ АНХААРУУЛСАН"

Улсын аварга С.Мөнхбат:

-Шийдэгдчихсэн юм шиг л ярьж байна лээ. Саяхан бөхчүүд уулзсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Би дэмжээгүй. Наадам болоход нь л хэлсэн. “Булхай, луйвар гарна. Үнэнээр нь зарла. Цол олгоно гээд битгий эргэлзээ үүсгээд бай” гэсэн. Наадам болсон бол найраа гарна, дараа нь цол олгохгүй гээд залуучууд хохирно шүү гэж анхааруулсан.

"БИ ЦОЛ ОЛГОХЫГ ДЭМЖИЖ БАЙГАА"

Улсын арслан Д.Ганхуяг:

-Наадамгүй нэг жил өнжинө гэдэг залуу, ид барилдаж буй бөхчүүдэд хэцүү. Бүтэн жил өөрийгөө зориулж бэлтгэлээ хийсэн хүмүүс наадмын дараа цол олгоно гээд хүлээж байсан биз. Бөхийн холбоо ч бөхчүүдээ цолтой болгочих юмсан гээд аймгуудын цолны барилдааныг хийхийг дэмжсэн. Улсын цолтой бөхчүүдийн барилдааныг ч дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн зуны Хүй долоо худгийн барилдаанд улсын цолтой ихэнхи бөхчүүд оролцсон. Цолыг нь өгчихөд буруу зүйлгүй. Олон залуучуудыг ингэж хохироож болохгүй гэдэг утгаар нь би цол олгохыг дэмжиж байгаа. Хууль нь хэлэлцэгдвэл УИХ-ын гишүүд маань ч сайн тунгааж дэмжээсэй. Миний бодлоор өгчихсөн байхад буруудахгүй. Цолны болзол хангасан залуучууд маань бол цаашдаа хангалттай хэмжээнд, цолондоо эзэн болчихоор залуучууд ш дээ. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд нэг ч удаа наадам хойшилж байсангүй. Мэдээж цар тахлын хүнд үе байсан. Гэхдээ нөхцөл байдал намжсан үед, халдвар хамгааллын өндөр дэглэм дор барилдаан болсон. Барилдаантай холбоотой халдвар гараагүй, дэгдээгүй. Энэ жил 100, 101 жилийн ойг хамтад нь хийнэ гэж байгаа боловч хоёр наадам хийхгүй нь тодорхой, хоёр мянган бөх барилдахгүй нь тодорхой. Тиймээс залуучуудын олдсон боломжийг дэмжээд явах хэрэгтэй.

Улсын заан Б.Батмөнх:

-Цол олгохыг дэмжиж байгаа. Тэртээ тэргүй өнгөрсөн зун наадам болоогүй. Тиймээс 512 бөхийн улсын чанартай, чансаатай том л барилдаан болсон байхад цолыг нь олгох нь зүйтэй.

Улсын начин Б.Адъяахүү:

Цол олгохыг дэмжиж байгаа. Цол олгох нь зөв. Тэр 512 бөхийн барилдаанд улсын наадамд барилддаг бүх бөхчүүд зодоглосон. Барилдаан чанартай болсон. Залуучууд дээшээ их гарсан. Тиймээс гарцаа байхгүй Б.Бат-Өлзийд нь улсын арслан, Э.Ууганбаярт нь улсын гарьд, Ч.Хөхчирэнгэрт улсын заан, манай талийгаач Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгаланд улсын харцага цолыг нь өгөх хэрэгтэй. Ийм л саналтай байна.

Улсын начин Э.Даш:

Дэмжиж байгаа. Цолыг нь өгөх л хэрэгтэй. Чансаа өндөр улсын наадмын хэмжээний том барилдаан болсон шүү дээ.

Дээрх бөхчүүдийн дийлэнхи нь Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаанд цол олгохыг дэмжиж байна. Хэрэв Үндэсний бөхийн цол, чимэг олгох тухай хуулийн төсөл батлагдвал дараах бөхчүүд цол нэмнэ.

  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан
  • Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр – Улсын гарьд
  • Улсын начин Ч.Батчулуун , аймгийн арслан Т.Довчинсэмбээ – Улсын заан
  • Аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан – Улсын харцага
  • Аймгийн арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн арслан Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал – Улсын начин цол тус тус хүртэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж