Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлжээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад “Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн” гээд, хэн хэний нэр байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзав.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоолыг баталсанд тооцохоор хуульд заасан билээ.
Зарим хэвлэлд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарч байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгахаар болсон гэнэ.
Холбоотой мэдээ