“Эерэг давлагаа” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

“Эерэг давлагаа” өдөрлөг боллоо

“Эерэг давлагаа” өдөрлөг боллоо

Монгол Улсын хэмжээнд хог хаягдал тулгамдаж буй асуудлуудын нэг. Энэ асуудлыг шийдэхээр төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн, идэвхтэй ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын Ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Хоггүй Монгол” төрийн бус байгууллага хамтран “Эерэг давлагаа” өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ялалтын талбайд зохион байгуулав.

Уг өдөрлөгөөр зөвхөн хог хаягдал, дахивар аваад зогссонгүй. “Бүтээлч бамбуу” театрын хамт олон хүүхэд багачуудад “Хогон мангас”, “Хуванцарын адал явдал” үлгэрээ толилуулав. Мөн ерөнхий боловсролын бага ангийн сурагчид дунд гар зургийн уралдаан, дунд ангийнхны дунд эссе бичлэгийн уралдаан, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж, ялагчдаа тодруулав. Энэхүү арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт менежмент төслийн мэргэжилтэн Н.ХАЛИУН:

-“Эерэг давлагаа” өдөрлөгийн онцлог юу байна вэ?

-Өнөөдөр бид 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Эерэг давлагаа” аяныг Чингэлтэй дүүргийн Ялалтын талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээрээ иргэдэд хог хаягдлын мэдлэг, боловсрол олгох, хууль эрх зүйн талаасаа ямар зүйл заалт, ямар эрх, үүрэг байдаг талаар тайлбарлаж, иргэдийг хог хаягдлаа эх үүсвэр дээрээс нь ангилан ялгах хэвшилд уриалан дуудах зорилготой юм. Өдөрлөгийн хүрээнд болохоор иргэдээс дахивар хог хаягдал хүлээн авах явуулын станц маань “Хоггүй Монгол” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Хүүхдийн “Бүтээлч бамбуу” театрынхан хүүхдэд зориулсан “Хогон мангас” нэртэй жүжиг тоглож байна. Гар урлалын сургалт явуулж байна. Мөн түүнчлэн “Хуванцарын адал явдал” гэдэг хүүхдийн үлгэрийн жүжиг тоглолоо.

-Монголчуудын хувьд хог хаягдлын талаарх ойлголт, хандлага өөрчлөгдөж үү? 

-Ер нь бүх хүн хог хаягдлаа багасгах ёстой гэдгийг ухамсарлачихсан. Гэхдээ хэрхэн хийх ёстой вэ гэдгээ хараахан ойлгохгүй байх шиг байна. Иймд бид хамгийн гол нь хүмүүстээ хог ангилах хэрэгтэйг зааж өгөх ёстой. Тэрхүү ангилсан хог нь хогийн цэг дээр очоод ялзарч муудан, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх биш, харин ангилчихвал баялаг болгож, бүтээгдэхүүн хийж болох юм байна гэдгийг ойлгохыг бусдад уриалж байна. Улмаар хэрхэн ангилахыг нь зааж өгөхөөр өнөөдрийн үйл ажиллагаа хэрэгжиж байна. Улаанбаатар хотын хувьд олон цэг дээр ангилан ялгалалт эхэлж байна. Манай төслийн хүрээнд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн гэр хорооллын мянган хашаанд хог ялган ангилах хогийн сав тавьсан. Үүнийгээ туршин хэрэгжүүлж байна. Хүмүүс хогоо зөв ангилж, тохижилт, үйлчилгээ, хогны компаниуд зөв хуваариар хаашаа тээвэрлэх вэ гэх мэт менежментийг туршиж үзэж байна. Хэрэв энэ амжилттай болвол Улаанбаатар хот даяар энэ системийг авч ашиглаж болох юм байна гэсэн шийдлийг гаргаж авах зорилготой юм.

“Creative Bamboo” буюу “Бүтээлч Бамбуу” байгууллагын гүйцэтгэх захирал болон жүжигчин Б.ТӨРМӨНХ:

-“Хогон мангас” жүжиг маань анх гарсан цагаасаа хойш хоёр жилийн хугацаанд тасралтгүй тоглогдож байна. Үүний хамгийн гол хүчин зүйл нь өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж буй Швейцарын хөгжлийн агентлаг болон Икон компани, Улаанбаатарын хотын аж ахуйн хог хаягдлын цуглуулалтын менежментын төсөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гэх мэт маш олон байгууллага нийлж, хүүхдүүдэд багаас нь хогоо зөв ангилж сурах дадал зуршил бий болгох юм. Хэрэв хүүхдүүд багаасаа хогоо зөв ангилж сурвал 20, 30 жилийн дараа хогны асуудал байхгүй болох боломжтой. Бидний аав, ээж бидэнд багаас нь хогийг ингэж ангилдаг шүү хэмээн зааж өгөөгүй. Тиймээс бид одоо хүртэл хааяа хогоо санамсаргүй ил задгай, эсвэл буруу ангилаад хаядаг. Үүнээс болоод хог хаягдал улам нэмэгдэж байна. Энэ нь байгальд их хэмжээний хор хохирол болдог болохыг хүмүүс мэддэггүй.

Бид Улаанбаатар хотын бүх хүүхдэд хүргэхийн зорьж байна. Эдгээр байгууллагуудын дэмжлэгээр бид Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ихэнх сургуулиудаар явж, жүжгээ амжилттай тоглосон. Эдгээр төсөл хэрэгжүүлж буй хувийн байгууллагууд байгаагүй бол “Хогон мангас” жүжиг маань маш олон хүүхдэд хүрэх боломжгүй байсан. Бидний жүжиг үр дүнгээ өгч буйн нэг жишээ гэвэл Сонгинохайрхан дүүргийн нэг сургууль гэхэд хүүхдүүд жүжиг үзсэний маргаашаас аав, ээждээ хэлээд, картон цаасыг янзлаад, хуванцар хог хаягдал ангилдаг хогийн сав хийж, түүнийхээ зургийг бидэн руу явуулсан байсан. Үүнээс үзэхэд хүүхэд нь аав, ээждээ хог хаягдлыг ангилах талаар зааж өгч, тэднийг хогоо ангилж, дахин боловсруулахыг уриалсан байдаг. Тиймээс бид төслийн тодорхой үр дүн гарч байна гэж үзэж байна.

-“Бүтээлч Бамбуунхан” цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид усны талаар жүжиг хийхээр төлөвлөж байна. Монгол Улсад усны хомсдол, цөлжилтийн асуудал тулгарах судалгаа бий. Манай Бамбуу театр оролцоот жүжиг, хөгжимт зөөврийн театр гэдгээрээ онцлогтой. Ирээдүйд нийгмийн янз бүрийн асуудлыг хөндсөн жүжиг тавихыг оролддог. Бид хамгийн сүүлд гэр бүл салалттай холбоотой “Хоёр өөр хайр” гэдэг нэртэй жүжиг тавьсан.

ШУТИС-ийн Архитектурын 4-р курсын оюутан Эрдэнэбаяр (дахивар тушаагч):

-Би хогоо ангилж, дахин боловсруулах цэгүүдэд өгч эхлээд 2 жил болж байна. Анх гэрт худалдаж авсан бүтээгдэхүүнүүдийнхээ хаягдлыг зүгээр л хаячиж болохгүй юм шиг санагдаж, улмаар цуглуулж, дараагаар нь ангилж эхэлсэн. Үүний дараа хог ангиллын “Царцаа ногоон хог”, “Хоггүй Монгол" ТББ-ын Бүжин эгчийн бичлэгүүдийг үзэж, хогоо ангилах хүсэл улам их төрсөн. Миний бие өдөр тутам хогоо ангилж хаядаг. Аль болох худалдан авалтдаа анхнаасаа анхаарч, хог гаргахгүй байх нь чухал болохыг ойлгосон. Жишээ нь, ямар нэг газар очихоор бол тэндээсээ нэг удаагийн хуванцар савтай ус авахын оронд өөрийн аягандаа усаа бэлдээд, эсвэл тэндээсээ ус тосоод авах нь байгаль орчинд ээлтэй юм.

-Өнөөдрийн зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний талаар өөрийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу?

-Миний бодлоор хог хаягдлыг дахин боловсруулахад уриалдаг эдгээр арга хэмжээнүүд жил ирэх тусам үр дүнгээ өгч, хүмүүсийг хогоо зөв ангилъя, дахин боловсруулцгаая хэмээн уриалах тал дээрээ их сайжирч байх шиг санагдаж байна. Өнөөдрийн арга хэмжээн дээр хөгжөөнт тоглолт, тоглоомууд их зохиогдож байна. Миний таамаглаж байснаас маш олон хүн иржээ. Мөн сайн дурын ажилтнууд ч их цуглаж, арга хэмжээнд тусалж байна.

-Чиний хувьд шинээр хогоо ангилж эхлэх гэж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Намайг анх хогоо ангилж эхэлж байхад энэ их залхуутай ажил шиг санагдаж байсан. Гэхдээ өөртөө их ажил удахгүйгээр тухай бүрт нь хэмжээ хэмжээгээр нь ангилаад явчих хэрэгтэй юм байна лээ. Ингэснээр өөрт чинь сайн дадал болж өгдөг. Миний хувьд анх зөвхөн хуванцарыг л ангилж байсан бол дараа нь шил, уут, өндөгний хайрцаг, цаасны хог хаягдлыг цуглуулж, ангилдаг болсон"

“Хоггүй Монгол ТББ”-ын удирдах зөвлөлийн гишүүн, Шинэ шил ХХК-ын гүйцэтгэх захирал  Б.Булган:

-Манай компани бол хаягдал шилийг дахин боловсруулах зорилгоор цуглуулж байна. Бүх төрлийн хаягдал шил дотор дахин ашиглагдах боломжгүй архи, пиво, лааз болон цонхны шил гэх мэт дахин ашиглагдахгүй бүхий л шилийг цуглуулдаг. Бид өнгөрсөн жилийн 6-р сараас эхлэн цуглуулж эхэлсэн"

-Өнөөдрийн “Эерэг давлагаа” арга хэмжээний талаар нэмж юу хэлэх вэ?

-“Хоггүй Монгол” төрийн бус байгууллага 2019 оны тавдугаар сараас эхлээд иргэдийн гар дээр цугларсан дахиварыг авах ажлыг зохион байгуулж, улмаар дахивар авах явуулын станц буюу ДАЯС гэдэг нэршил бий болгосон. Бид анх хүнс, ундааны үйлдвэрүүдийн дахин ашиглагдах боломжтой шилүүд авдаг байсан. Үүнээс хойш бид Монгол Улсын хэмжээнд дахин боловсруулдаг бүхий л дахиваруудыг цуглуулдаг болсон. Өнөөдрийн арга хэмжээ дахивар авах ес дэх удаагийн арга хэмжээ болж байна. Өмнөх наймдугаар ДАЯС маань Сонгинохайрхан дүүрэг дээр төвлөрч ажиллаж байсан. Covid-19-ийн үед олон нийтийн хөл хорионы улмаас арга хэмжээгээ зохион байгуулж чадаагүй. Бид жилдээ 3-4 удаа олон нийт дунд дахивар авах арга хэмжээ зохион байгуулдаг.

-Гаднын байгууллагуудтай Төслийн хүрээнд хамтран ажиллаж байна уу?

-Монгол Улсад хог хаягдлын чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа төслүүд манайхтай холбогдож, тогтмол хамтран ажилладаг. Эдгээрээс дурьдвал “Каритас Чех Репаблик” байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн төсөл. Чингэлтэй дүүргийн хувьд Швейцарын хөгжлийн агентлагийн төсөл дээр төвлөрч ажиллаж байна. Энэхүү төсөл Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргүүд дээр хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хан-Уул дүүрэг дээр “Каритас Чех Репаблик” байгууллага ажиллаж байна. Мөн түүнчлэн үндэсний шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд өнөөдөр энд ирсэн байна.

-Анх арга хэмжээ зохион байгуулж байсан үетэй өнөөдрийг харьцуулбал хог хаягдлын хүмүүсийн талаарх хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хүмүүсийн гэртээ хог ангилах сэдэл сайжирсан. Гэвч одоо болтол айл өрхүүдээс дахивар авдаг систем бүрдээгүй байна. Бидэн рүү хувь хүмүүс, байгууллагаас тогтмол залгаж хэрхэн дахивраа өгөх вэ? Танайх авах боломж байна уу гэж асуудаг. Үүнийг шийддэг систем Улаанбаатар хотын хэмжээнд бүрдээгүй байна. Тиймээс ДАЯС үүнийг шийддэг гэж бодож байна. Энэхүү арга хэмжээн дээр иргэд маш их ирдэг, эрэлт хэрэгцээ өндөртэй арга хэмжээ болдог.

-Таны хувьд шинээр хогоо ангилж эхлэх гэж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-ДАЯСтанц зохион байгуулагдсанаас хойш иргэдийн дунд дахиварыг цуглуулахаар авдаг юм байна. Дахиврыг бусад хогтой нийлүүлж хаяхгүй байх боломжтой юм байна гэдэг ойлголт суусан. Харин дахивраа ангилж буй айл өрхүүдэд зөвлөхөд хэрэв та дахивраа ангилбал та өөрийн болон гэр бүлийнхээ хэрэглээгээ сайн мэдэх болно. Би ямар зүйл их хэрэглэж, ямар хэрэггүй зүйлд мөнгө зараад байна гэдгээ таньж мэднэ. Хоёрдугаарт, хүүхдүүд мэдлэгтэй болж эхэлдэг. Ямар төрлийн дахиврууд авч байгаа вэ гэвэл Монгол Улсын хэмжээнд дахин боловсруулагддаг тодорхой тооны л дахиврууд байна. Хэрэв энэ дахивруудыг бүгдийг нь ангилвал айл өрхийн хувьд 60-70 хувийн хог хаягдал буурна. Дахин ашиглагдахгүй, яалт ч үгүй хогийн цэг рүү явж байгаа хог хаягдлыг тетрапак савлагаатай ундаа, жүүсний сав, төмөр лааз, хүнсний хаягдал эзэлж байна. Бид хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах боломжгүй байна. Өрхийн хэмжээнд бол хүнсний хог хаягдлаа чийгийн улаан хорхойгоор идүүлж, бордоо хийж болно. Айл өрхүүдээс гарч буй хаягдлын 30 гаруй хувь нь хүнсний хог хаягдал.

МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж