Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хүчтэй шороон шуурганы улмаас өчигдөр цахилгааны гурван шон унасан байна. Шуурганы улмаас аймаг, сумын хэмжээнд цахилгаан тасраагүй болохыг “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-иас мэдээлэв.
Тус газраас “Сумын төвийг эрчим хүчинд холбодог тулгуурт багана унасан. Одоогоор цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж, гэмтлийг засварлаж байна. Өнгөрсөн жилийн хавар шуурганы улмаас цахилгаан дамжуулах өндөр хүчдэл унаж, гэмтсэн тохиолдлууд гарч байсан. Энэ жилийн хувьд харьцангуй боломжийн байна” гэлээ.
Хүчтэй шуурганы улмаас өчигдөр хоёр сургууль, долоон байшин, хоёр гараашийн дээвэр хууларч, дөрвөн айлын гэр нурсан байна. Тухайлбал, тус аймгийн Чандмань суманд өчигдөр хоёр айлын гэр нуржээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хүчтэй шороон шуургатай болохыг анхааруулсан. Тодруулбал, энэ сарын 24, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Мөн өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр шороон шуургатай болохыг цаг уурчид сэрэмжлүүлжээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр, энэ сарын 27, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурч, бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 30-наас ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөв гарчээ.