Богдын музейд 21 дарь эхийг олны хүртээл болгож байна

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Богдын музейд 21 дарь эхийг олны хүртээл болгож байна

Богдын музейд 21 дарь эхийг олны хүртээл болгож байна

Дарь эхийг амьтай бүхнийг хайрласан бурхдын энэрэнгүй харцыг тээгч Мэгжид Жанрайсэгийн нулимсаас төрсөн, түүний бүсгүй дүр гэх домог бий. Дарь эх цагаан, ногоон, улаан, хөх, шар таван өнгө, 108 ялгаатай дүрээр тодордог гэдэг. Түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох 21 дарь эхийн чуулган тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд тавдугаар сарын 1-нийг хүртэл дэлгэж буй.

Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ эмэгтэй хүний дүр төрхийг буддын шашны лагшинд шингээн урласан бөгөөд өв уламжлал, гоо зүй, урлагийн дахин давтагдашгүй сор бүтээлүүд юм.

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох 21 дарь эхийн чуулган (2021.11.09)-ыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд анх удаа олны хүртээл болгож байв.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин ярихдаа "Монгол шавхагдашгүй их өв соёлтой улс. Хамгийн гол нь энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах хэрэгтэй. Соёлын яамны гол чиг үүрэг бол энэ юм. Энэ хүрээндээ Соёлын яамнаас арваннэгдүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” аян өрнүүлж байна.

Энэ ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан 150 гаруй арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ аяны гол арга хэмжээ өнөөдрийн 21 дарь эхийн чуулбар үзэсгэлэн юм. Энэ үзэсгэлэнг зохион байгуулахаар Богд хааны ордон музей, Занабазарын музей, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Соёлын өвийн үндэсний төв, Соёлын яамны Соёлын өвийн газар гээд олон байгууллагын хамтран ажилласан.

Бид хосгүй үнэт өвийг хадгалж, далд байлгаснаар түүх болж үлдэхгүй. Тиймээс үр хойч үедээ танилцуулж, дэлхийг гайхашруулах үнэт өв бүтээсэн юм шүү гэдгээ харуулж, хамгийн гол нь энэ өвөө эргэлтэд оруулж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой" гэж хэлж байсан юм.

Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг Сайжруулагч хэмээх усан бар жилийн зуны эхэн хөхөгчин могой сарын билгийн тооллын шинийн нэгний билигт сайн өдөр буюу тавдугаар сарын 1-нийг хүртэл олны хүртээл болгох тул та бүхэн амжин ирж, таалан соёрхоорой.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж