Хятад нүүрсний хэрэглээг дэмжиж, хийнээс хараат байдлаа бууруулна

Хуучирсан мэдээ: 2022.04.26-нд нийтлэгдсэн

Хятад нүүрсний хэрэглээг дэмжиж, хийнээс хараат байдлаа бууруулна

Хятад нүүрсний хэрэглээг дэмжиж, хийнээс хараат байдлаа бууруулна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд хүлэмжийн хийг бууруулах тодорхой зорилт дэвшүүлэн, нүүрсийг хэрэглээнээс халж, оронд нь сэргээгдэх эрчим хүчний технологид хөрөнгө оруулж эхэлсэн. Тэр дундаа Хятад улс нь нүүрсхүчлийн хийг хамгийн их ялгаруулагч төдийгүй нар, салхины эрчим хүчний технологид хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг юм. Тэгвэл Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтоосоо ухарч, нүүрсний хэрэглээг сурталчилж эхэлсэн талаар энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа онцолж байна.


Хятадын эдийн засгийн өсөлт суларч эхэлснээр Коммунист намаас нүүрсний цахилгаан станцуудаа дэмжих бодлого баримталж эхэллээ. Хятадын эрх барих намын баталсан төлөвлөгөөний дагуу энэ онд нүүрсний үйлдвэрлэлээ 300 сая тонноор нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь өнгөрсөн оны нийт нүүрсний үйлдвэрлэл болох 4.1 тэрбум тонны долоо орчим хувьтай тэнцэж байгаа бол 2020 онтой харьцуулахад 5.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятадад өнгөрсөн онд эрчим хүчний хомсдол үүссэнээс үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, айл өрхүүдийн цахилгаан тасарсан юм. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлт гарсан.

Тэгвэл ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу дайрсанаас үүдэн энэ онд газрын тосны импорт, нүүрсний нийлүүлэлтэд доголдол, саатал үүснэ гэх түгшүүр үүсчээ. “Энэ нөхцөлд нүүрсхүчлийн хийн ялгарлыг саармагжуулахаас илүү эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах эрмэлзлэл давамгайлах нь ойлгомжтой” гэж Грийнпийс байгууллагын олон улсын бодлогын ахлах зөвлөх Ли Шуо ярьжээ.

Ши Жиньпин уламжлалыг эвдэж, дахин таван жил Хятадыг удирдах эрхийг ирэх намрын Коммунист намын их хурлаар олж авахаар зэхэж буй. Энэ үед Хятадад улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах нь нэн чухал асуудал болж байгаа юм. Тиймээс Ши Жиньпин ард иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан ч цар тахлыг тэглэх хатуу бодлогыг хэрэгжүүлж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтоосоо ухарч байна гэж ажиглагчид дүгнэжээ.

“Нүүрс бол эрчим хүчний аюулгүй байдалд чухал нөлөөтэй баялаг” гэж Хятадын засгийн газрын албаны хүн энэ дөрөвдүгээр сарын 20-нд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулахдаа мэдэгдсэн аж.

Хятадын эрх барих намаас эдийн засгаа дэмжихийн тулд цахилгаан станцууд нэмж барихад мөнгө төсөвлөсөн байна.  Хятадын эдийн засаг өнгөрсөн 2021 оны эцсийн улиралд дөрөв гаруй хувиар агшсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс Цельсийн хоёр хэмд барихыг хичээж буй. 2015 оны Парисын гэрээ, 2021 оны Гласговын хэлэлцээний дагуу дэлхийн дулаарлыг Цельсийн хоёр хэмд барьж чадахгүй бол далайн усны түвшин, хүчтэй хар шуурганы давтамж нэмэгдэж, амьтан, ургамал устаж үгүй болох төдийгүй хүн төрөлхтөн утаа, халдварт өвчин, хэт халуунаас болж олноороо нас барна гэж эрдэмтэд анхааруулсан.

Гэсэн ч нүүрсний хамгийн том олборлогч, хэрэглэгч Хятад улсын хувьд  нүүрсхүчлийн хийг бууруулахаас илүү эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ нь эн тэргүүнд байна. Тиймдээ ч Бээжин нь бусад орнууд шиг нүүрсний цахилгаан станцуудыг халах амлалт өгөхөөс цааргалсан.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейд өнгөрсөн онд үг хэлэхдээ Ши Жиньпин 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлын түвшинд дээд хэмжээнд хүрэхийг анхааруулсан ч бохирдлыг бууруулахын тулд тодорхой зорилт дэвшүүлээгүй. Оронд нь тэрбээр Хятад улс илүү олон тооны мод тарьж, аж үйлдвэр, айл өрхийн бохирдлыг бууруулах тактикуудыг ашиглан 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг саармагжуулна гэж мэдэгдсэн.

Хятад улс нь дэлхийн нүүрсхүчлийн хийн бохирдлын 26.1 хувийг ялгаруулдаг гэх тооцоо байгаа бөгөөд энэ нь АНУ-аас даруй хоёр дахин их үзүүлэлт гэж “World Resources Institute” мэдэгджээ. Түүнчлэн “Rhodium Group” судалгааны байгууллагын тооцоолсноор Хятад нь бүх хөгжингүй орнуудыг нийлүүлснээс их хэмжээний бохирдлыг ялгаруулдаг аж.

Хятадын 1.4 тэрбум хүнд бохирдлыг хувааж үзвэл нэг хүн жилд 8.4 тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаг гэж тооцжээ. АНУ-ын хувьд энэ нь нэг хүнд 17.7 тонн байгаа бол Европын холбооны орнуудад 7.5 тонн байна.

Хятад нь өнгөрсөн жил 4.4 тэрбум тонн нүүрс олборлож, үүнийхээ 90 гаруй хувийг шатаасан байна. Мөн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн талаас илүү хувийг Хятад улс авдаг бөгөөд энэ нь стратегийн хувьд эрсдэлтэй гэж Бээжингийн удирдагчид үзжээ.

Хятадын засгийн газар нүүрсний хэрэглээг дэмжсэнээр 2030 он гэхэд Ши Жиньпиний хэлсэн нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ илүү өндөр байхыг эрдэмтэд анхааруулсан байна.

Нөгөө талд Бээжин нь нар, салхины эрчим хүчний фермийг байгуулахын тулд олон арван тэрбум ам.доллар зарцуулж, байгалийн хий, газрын тосны импортын хараат байдлаас салахыг хичээж буй. Тухайлбал, өнгөрсөн онд нар, салхины эрчим хүчний технологи хийсэн олон улсын хөрөнгө оруулалтын талыг Хятад улс дангаар гаргасан байна. Гэсэн ч ойрын хугацаанд Хятадын эрчим хүчний хэрэглээний 60 хувийг нүүрсээр хангах тооцоо гарчээ.

Хятадын аж үйлдвэрлэл сэргэж, олон улсын импорт нэмэгдсэнээр Хятадын эрчим хүчний хэрэглээ 2020 онд 5.2 хувиар өссөн гэх судалгааг тус улсын Үндэсний статистикийн албанаас гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж