БАЙР СУУРЬ: LRT төслийг хэрэгжүүлье гэвэл хувийн хэвшлийнхэнд боломж олго!

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: LRT төслийг хэрэгжүүлье гэвэл хувийн хэвшлийнхэнд боломж олго!

БАЙР СУУРЬ: LRT төслийг хэрэгжүүлье гэвэл хувийн хэвшлийнхэнд боломж олго!

Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд түгжрэлд гарц хайсан ч өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй байна. Энэ тухай жил бүр ярьж, мөнгө төсөвлөж санаа зовдог ч дарга нарын амлалт утаа шиг улиг болж замхардаг.  Жишээ нь, агаарын дүүжин тээвэр. 2020 оны нэгдүгээр сард хотын дарга асан С.Амарсайхан “2021 оны зургадугаар сард агаарын дүүжин тээврийн эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4  дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” гэж байв. Гэвч энэ төсөл Улаанбаатар метротой болно гэдэг шиг замхарсан.

Мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын ам гараад буй түгжрэлийг шийдэх томоохон төсөл бол хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл. УИХ-ын гишүүдийг талцуулж, нийгэмд шүүмжлэл дагуулаад буй уг төслийн ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр болж, 2024 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Гурван трасс бүхий төслөөс эхний ээлжид ашиглалтад оруулах нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр уг төслийн нэг километр шугам 51 сая ам.доллар байгаа нь хэтэрхий үнэтэй болохыг олон хүн шүүмжилж байна. Түүний хувьд гурван трасс бүхий төсөл нийт 3.5 тэрбум ам.доллараар хэрэгжих нь нэг талаараа өрийн босго давах эрсдэлтэйг сануулж буй.

Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын гишүүн эсрэг байр суурьтай байгаа юм. Тэд төсөлд 100 сая ам.долларын баталгаа гаргах нь нийгэм, эдийн засагт эрсдэл багатай төдийгүй үр ашгаа өгнө гэж үзэж буй. Эхний ээлжид бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд буй галт тэрэгний нэгдүгээр шугам Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансарын тойрог хүртэл үргэлжилнэ. Эл бүтээн байгуулалтыг 2024 оны тавдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнө нь танилцуулснаар хөнгөн галт тэрэг гэр хорооллын замыг Туул голын хурдны замтай холбож, Улаанбаатар хот руу орно гэж тооцоолжээ. Гэвч бодит байдал дээр нэг асуудал нь газар чөлөөлөлтөөс авахуулаад богино хугацаанд ажил хэрэг болох нь эргэлзээтэй. Хөнгөн галт тэрэг өрийн босго давах уу, аль эсвэл нийгэмд үр ашгаа өгөх үү гэдэгт эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.


ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ӨӨР ГАРЦ ХАЙХ НЬ ЗӨВ

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ: 

-Улсын төсөв алдагдалтай үед төрөөс бүх зүйлийг шийдэх гээд байх юм. Гэтэл хөнгөн галт тэрэг зорчих LRT төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй. Асуудалд судалгаатай хандаасай л гэж харж байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх нь зөв ч бөөн цемент цутгах нь зардлын хувьд өндөр. Одоогоор манай улсын хувьд бүтэхгүй. Харин түгжрэлийг бууруулах өөр гарц, шийдэл олох хэрэгтэй. Жишээ нь, голын замаа чөлөөлж, тусгай автобус зорчих зэрэг арга хэмжээ авбал илүү үнэмшилтэй байх. Зураг төслийг нь харвал сайхан ирээдүй харагдаж байгаа юм. Гэвч бодит байдал дээр зураг төсөл шигээ байдаггүйг хүн бүр харж байна. Зураг үзүүлж амлаад байдаг. Харуулсан зураг шигээ бүтээн байгуулалтууд үнэндээ харагдахгүй байна.

Ерөнхийдөө LRT төслийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт тусгаж, Засгийн газар баталгаа гаргахаас илүү хувийн хэвшлийнхэнд хамтран хэрэгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Төсөв мөнгөгүй атал хаанаас баталж, санхүүжүүлэх нь ойлгомжгүй байна. Мөн зардлаа хэдэн жилд нөхөх вэ гэдэг тодорхойгүй.

Нийтийн тээврийн салбар алдагдалтай, хөгжиж чадахгүй байгаа нь төрийн оролцоо их байгаатай холбоотой. Төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхнийг чөлөөлөх байдлаар боломж олгож, судалгаатай хандалгүй сэтгэл хөөрлөөр шийдэж, зураг харуулаад байвал бүтээн байгуулалт урагшлахгүй.

Өмнө нь 10 гаруй жилийн өмнө Японы Засгийн газрын санхүүжилтээр метро барих төсөл хэрэгжихэд бэлэн болсон байсан ч улстөрчдийн сонин шийдвэрээс болж хэрэгжээгүй.

Одоо LRT төсөл батлагдлаа гэхэд ирэх сонгуулиар үргэлжлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр баталгаагүй төсөлд хөрөнгө төсөвлөж баталгаа гаргах нь эрсдэлтэй болов уу.

LRT ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ӨРИЙН БОСГО ДАВНА

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО: 

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлдэг үнэн. Өрийн босго давна. Мөн бид хараат бус байдал руу орох эрсдэлтэй. Гол нь LRT төслийг хэрэгжүүлснээр ямар хугацаанд зардлаа нөхөн төлөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хэрэв тухайн төсөл явц дундаа зогсвол хэн хариуцлага хүлээх вэ. Нэг хүн шоронд ороод  дуусах уу. Иймд төслийг хэрэгжүүлэхдээ маш хариуцлагатай хандах ёстой.

Хоёрдугаарт, Засгийн газар баталгаа гаргаснаар мөнгийг хяналтгүй үрж, эцэст нь төсөл бүтсэнгүй гэвэл монголчууд хохирно. Төслийг хэрэгжүүлэхээр болбол төр, хувийн хэвшил хамтрах хэрэгтэй.

Мөн бүтээн байгуулалт хариуцаж буй компани цаашид төслийг үргэлжлүүлэхдээ тодорхой хэмжээнд өөрийн менежментээ хийж, өөрийн хөрөнгөө оруулах нь илүү үр ашигтай. Тиймээс төслийг төр дангаараа хариуцаж, аль эсвэл бүтээн байгуулалтыг нь төрд хүлээлгэж өгөх байдлаар үр ашигтай ажиллана гэвэл өмнөх алдаануудаа илүү давтана. Ямар ч ялгаагүй. Хоёрдугаарт, төслийн үр ашгийн тухайд үндэслэлүүдийг нь Засгийн газар тайлбарлахгүй байна. Тооцооллыг нь гаргах ёстой. LRT төслийг үгүйсгээгүй ч зохион байгуулалт, төлөвлөлт нь алдаатай байна. Төрийн оролцоогүй, хувийн компани зээлээ төлөх хэмжээнд үр ашигтай бүтээн байгуулалт байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж