Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчдын цалин хэд вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчдын цалин хэд вэ?

Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчдын цалин хэд вэ?

Хосе Колорадо гэх сагсан бөмбөгчдийг мэргэжлийн түвшинд, хилийн чинадад тоглоход тусалдаг блоггер, ютубер залуу Монголын сагсан бөмбөгийн лиг болон тамирчдын цалингийн талаар нэгэн нийтлэл гаргажээ.

Цалингийн хэлбэлзэл

$1000 – $9000 ам.доллар/сарын

Дундаж цалин

$2000 – $4000 ам.доллар/сарын

Хамгийн доод цалин

$1000 ам.доллар/сарын

Хамгийн өндөр цалин/легионер тамирчид/

$9000 ам.доллар/улирлын

Эх сурвалжийн тоо

17

Тус нийтлэлд “Легионер тамирчид Монголын сагсан бөмбөгийн дээд мэргэжлийн лигт дунджаар сарын 2-4 мянган ам.долларын орлого олох боломжтой. Тус лигийн хамгийн бага цалин сарын 1000 ам.доллар. Харин хамгийн өндөр цалин нь 9000 ам.доллар. Дэлхийн 100 гаруй лигийн цалингийн судалгааг харахад, Монголын лиг дунджаас доод түвшинд орно. Ерөнхийдөө цалингаараа Монголын лиг дунд түвшнийх гэж хэлж болно. Азийн сагсан бөмбөг дэлхийн дунджаас илүү өндөр цалин тамирчдад олгодог” гэжээ.

Монголын сагсан бөмбөгийн багуудыг гурван ангилалд хуваажээ.

Багийн төрөл

Сарын дундаж цалин (ам.доллараар)
Бага төсөвтэй$800 – $1500
Дундаж төсөвтэй (ихэнхи баг)$2000 – $4000
Өндөр төсөвтэй$4500 – $9000

Төсөв багатай багууд 1-1.5 мянган ам.долларын цалин амладаг бол зарим тохиолдолд үүнээс ч бага буюу сарын 500-800 ам.долларын цалин санал болгодог гэнэ. Харин том ивээн тэтгэгчтэй, төсөв сайтай багууд сарын 4.5-9 мянган ам.долларын цалин өгдөг ажээ.

Грекийн “Gazzetta” сонины мэдээлснээр, өнгөрсөн улирал Монголын сагсан бөмбөгийн нэг баг 7-9 мянган ам.долларын хооронд хоёр тоглогч хайж байжээ. Манай лигт тоглож байсан легионерууд тэдний агентууд ч дээрх цалингийн мэдээлэл үнэн болохыг баталсан аж.

Дашрамд сонирхуулахад, Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн "Улаанбаатар Амазонс" баг Канадын тамирчин Тимбилла Рашидыг нэгтгэсэн билээ.

Дараах төрлийн тамирчид Монголд сарын 4-6 мянган ам.долларын цалин авдаг.

  • NBA-ийн тоглогч асан
  • NBA G лигийн тоглогч асан
  • Хилийн чинадад өөрийгөө баталсан мэргэжлийн тамирчид

Монголын сагсан бөмбөгийн лигт тоглосон хамгийн алдартай тамирчнаар Смуш Паркерыг нэрлэж болно. Мон-Алтиус Мадимос "Шонхорууд"-д тоглож байсан түүний хувьд Коби Брайантын хамтаар Лос Анжелес Лэйкерс багт хүчин зүтгэж байв.

Паркер Монголын лигт 24 оноо, долоон самбараас бөмбөг авалт, 6.5 ашигтай дамжуулалт дунджилсан.

Тэрбээр хожмоо Монголын лигийн талаар “Монгол бол миний тоглож байсан хамгийн муу лиг байсан” гэжээ.

Хосе Колорадогийн нийтлэлд “Паркерт Монголын цаг агаар таалагдаагүй байх. Тэнд өвөлдөө цельсийн -30 хэм хүрдэг. Лиг нь яг өвлийн саруудад буюу аравдугаар сард эхлэн, дөрөвдүгээр сард дуусдаг. Ийм цаг агаарт дасаагүй хүнд олон өөрчлөлт гарна” гэв. Мөн тэрбээр нийтлэлдээ Мөнхбаатар болон Ш.Энхийн-Од нарын талаар дурджээ.

Мөнхбаатар бол NBA-д тоглосон анхны монгол гаралтай тамирчин. Өвөрмонголоос NBA-д орсон тэрбээр лигт гурван улирал өнгөрүүлэхдээ 2003 оны NBA-ийн аваргаар тодорч, замналдаа 1.4 сая ам.долларын орлого олсон гэнэ. Харин түүний гаргасан жимээр Ш.Энхийн-Од алхаж байна. Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү тэрбээр "NCAA"-ийн оюутны нэгдүгээр дивизонд тоглох болсон анхны монгол тамирчин юм. Хэрэв тэр NCAA-д өөрийгөө батлан харуулж чадвал NBA-д орох боломжтой.

Тэрбээр NBA-д орж чадвал дараах боломжууд Монголын лигт гаргах аж.

  • Ивээн тэтгэгч байгууллагууд Монголд хөрөнгө оруулалт хийх
  • Олон улсын хамтын ажиллагаа
  • Баячууд Монголын лигт баг эзэмших хүсэлтэй болох
  • Тамирчдын цалин өсөх.

Монголд 3х3 сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж байгааг Хосе Колорадо онцолжээ. Морин уралдаан, үндэсний бөхийн хөгжлөөс нь нэг их хоцроогүй, хичээллэгсэд, хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ томтой гэж тодотгосон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж