Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан төсвийн тодотголыг УИХ-аар ид хэлэлцэж байгаа юм. Нэг их наядын шинэ хөрөнгө оруулалтын талаас илүүг таначихсан нь гишүүдэд таалагдсангүй, тойргийн мөнгөнийхөө төлөө буруу харж уйлах нь холгүй байна. Үндсэндээ гишүүд тойргийн мөнгөөр бүтээн байгуулалт хийдэг л гэх амны уншлагатай болжээ. Үүнд захын тэнэг ч итгэхгүй л дээ, үнэндээ олонх нь боов шоов, сав суулга, гурил, будаа болгож тараагаад дуусгачихдаг. Бүтээн байгуулалт нэртэй нь элдэв, янзын шавар хөшөөнүүд. Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг хоёр гэхэд төсвийн 32 тэрбумаар Богд Зонховын хөшөө барих гэж байгаад баригдсан. Цаашид төсвийн мөнгөөр хөшөө дурсгал, угтах, үдэх хаалга барихыг хориглохоо Ерөнхий сайд амална лээ. Хөшөө дурсгал, овоо суварга босгосноороо бол бид аль хэдийнэ "Азийн бар" болчихсон байхгүй юу.
Төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын хангамж, тансаг хэрэглээг хумихаар “УИХ, Засгийн газрын харъяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг,
-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг,
-Орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг,
-Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж орон тоо нэмэх, нэмэгдэл хөлс, урамшуулал олгохыг хориглох”-оор болсон. Зөвхөн эдийн засгийн хямралын үед биш, зүй нь цаашид төрийн албан хаагчдын хэрэглээг бүр хуульчилж өгвөл төсвийн гажуудал багасах учиртай. Жишээ нь, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа 300 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн машин худалдаж авч унаж байсан тохиолдол байна. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд гэхэд “Жарден” хотхонд 4.7 тэрбумын пентхаусыг үйлдвэрийн мөнгөөр авсан байдаг. Сайд солигдох бүрт тавилгаа сольдог жишиг Монголын төрд бүр уламжлал шахуу болчихсон. Гэх мэтээр төрийн тансаглалыг хумих нь нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байна гэсэн үг. Гэхдээ түрдээ гал намжаах төдийгөөр хэмнэлт хийх биш юм. Үндсээр нь, тогтолцоогоор нь өөрчлөхгүй бол тэгсхийгээд хоолтойгоо холиод идчихдэг нь гэм биш зан болчхоод байгаа л даа.
Төсөвт байгууллагуудын унадаг 9800 машиныг хамгийн багадаа 60 хувиар бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Дарга нарын унадаг 700 жипийг дунджаар 150 сая төгрөгөөр бодож зарлаа гэхэд улсын төсөвт дор хаяж 120 тэрбум төгрөг төвлөрнө. Жолоочийн цалин, урамшуулал, шатахуун, сэлбэг гээд тооцох юм бол төсвийн ачаалал багагүй хөнгөрнө. Төрийн машиныг цөөлж, зарж, хэмнэлт хийсэн мөнгөөр нэг, хоёрын зэрэг цэцэрлэгийг өлхөн барьчихаж болно.
Машины дугаарыг өнгөөр ялгана Ерөнхий сайдын амлалтыг жижиг, сажиг асуудал гэж өөлөх, өөнтөглөх хүмүүс байна. Гэхдээ ард нь төрийн албан хаагчдын ёс зүй давхар яригдаж байгааг олж харах хэрэгтэй. Захын хурган дарга албаны машинаар эхнэр, хүүхдээ эрхлүүлээд байхаар улсын дугаарыг нь улаан, шараар ялгаж өгөхөөс өөр яалтай билээ.
Цаашлаад хэмнэлтийн хүрээнд төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгаж, худалдана гэжээ. Өмчтэй төр хүчтэй байдаггүй, төр өмчтэй байх тусмаа хулгай, луйвар нүүрлэдгийн тод жишээ Хөгжлийн банк, төрийн сангууд байна. Тэгэхээр Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй худалдах нь төрд өөрт нь хэрэгтэй. Ядаж хулгай луйвар, авлига багасна. Төсвийн дарамт шахалт буурна. Байр, тог цахилгаан, дулаан, албан хаагчдын цалин урамшуулал гээд чамгүй их мөнгө хэмнэгдэнэ.
Аливаа муу зүйлд сайн тал байдаг гэдэг. Хямралаар далимдуулаад төрийн албыг төрлийнхнөөс цэвэрлэчихвэл төрийн авлига, хээл хахууль багасна. МАН авлигатай, албан тушаалын хэрэгтэй дайн зарлана гэдгээ аль хэдийнэ зарлачихсан. Авлигачдаа цэвэрлэхээс гадна авлигажсан тогтолцоогоо цэгцлэх шаардлагатай гэсэн үг.
Тиймээс төсвийн тогтолцоонд реформ хийх шаардлага Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэрийн даалгавар нь болж байна. Өөрөөр хэлбэл, тойргийн мөнгө гэж гишүүдийг угжиж, тойглохоо л болих ёстлй. Н.Энхбаярын үеэс ийм нэгэн “авлига” амь бөхтэй явсаар өнөөдрийг хүрлээ. Үүнийг өөрчлөхийн тулд уг нь Үндсэн хуулиар Ерөнхий сайдад том эрх мэдэл өгсөн нь сайд нараа өөрөө томилох чөлөөлөх, танхимтайгаа хариуцлага тооцох. УИХ нь засгийг нь барьцаалчихдаг байсан тул өмнөх Ерөнхий сайд нар нь гишүүдийг авлигадаж байж сандал суудалтайгаа үлддэг, зарцуулах төсвөө баталдаг байлаа шүү дээ.
Анх 2004 онд гишүүдэд хуваарилдаг тойргийн мөнгө 10 сая байсан бол хоёр жилийн дараа 100 сая болж өссөн, 18 жилийн дараа буюу өнөөдөр дөрөв, дөрвөн тэрбумын “авлигын” асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүд зам тавих, гэр олгох, боов тараах, цэцэрлэг барих үүрэггүй. Гишүүд тойрогт нь хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол жагсаалтаа Засгийн газарт өгөөд, Засгийн газар нь баталсан төсвийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд хяналт тавь л даа.
Эдийн засаг дээр дооргүй муудаж, IRT төслийг хэрэгжүүлэх гээд чичрээд улайраад хот хөдөө, үндэс угсаагаар нь талцуулаад байгаа гишүүдэд эдийн засгийн эрх ашгаас өөр илүү том эрх ашиг байна. Яг өнөөдрийн нөхцөлд Монгол Улс мөнгө олдог төсөлд л мөнгө зарцуулахаас өөрөөр боломжит бүх зардал, зээлээ танаж, зогсоохоос өөр аргагүй. Хятадаас 10 их наяд буюу 3.5 тэрбум ам.доллар зээлж, метро барих эдийн засгийн шаардлага, үр ашиг, үндэслэл нь юу юм бэ. Монголчуудад маргаашийн хэргээс өнөөдрийн хэрэг чухал болчхоод байна. Товчхондоо, гишүүдэд “Тэгвэл бид чуулганы хуралдаанд чинь суухгүй” гэж намжирдаад, эрхлээд суух цаг эдийн засагт алга. Ямар тэд Богдын хатан биш дээ.
Ж.ЭРХЭС