Ховд аймгийн залуус монгол бөхөнгийн өдөр (2022.04.23)-т зориулан, монгол хонины ноос ашиглан, “Зөрүүдхэн” нэртэй хүүхэлдэйн кино бүтээжээ. Тус бүтээлийг сар гаруй хугацаанд хийсэн бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн хамт олон дэмжин ажилласан байна.
Ховд аймгийн харъяат, залуу бизнес эрхлэгч Н.Батмөнх Ховд аймагт хүүхдийн уран бүтээл дутагдалтай байдгийг анзаарч, Монголын анхны хүүхдийн эко тоглоом үйлдвэрлэгч болох зорилгоор энэхүү бүтээлийг хийх ажлыг эхлүүлжээ.
Тэрбээр “Монгол хонины ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв загвартай хослуулан хөгжүүлж байна. Хүүхдийн тоглоомыг монгол ахуй, зан үйл, үлгэр туульсын баатруудаар илэрхийлэн бүтээж ирсэн. Хонины ноосоор Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах ажлаа өргөжүүлсээр байна” гэж ярьжээ.
Н.Батмөнх Ховд аймагт 100 хувь хонины ноосон тоглоом захиалгын дагуу хийж, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих, хөгжүүлэх, ёс заншил, түүх, соёл, онцлогийг танин мэдүүлэх зорилгоор монгол ардын үлгэрийн баатрууд болон бүх төрлийн ноосон бүтээл урладаг байна.
Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдэн, Амьтны аймгийн тухай хуулийн нэн ховор амьтдын ангилалд орсон монгол бөхөнгийн тархац нутгийн нэгээхэн хэсэг нь Ховд, Говь-Алтай аймагт бий. Монгол бөхөн бол цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан.
Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог ажээ. Монголд өнгөрсөн оны судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга гаруй байгааг тогтоосон байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ