Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа Парисын төв хэсэгт жагсаал болов. Парис хотоор зогсохгүй өөр хэд хэдэн хотод жагсаал болсон гэх мэдээлэл байна. Хэдийгээр Макрон ялалт байгуулсан ч огт санал өгөөгүй хүмүүсийн тоо 1969 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. Сонгогчдын багагүй хэсэг Макрон, Ле Пен хоёрын хэнд ч санал өгөхийг хүсээгүй байна.
Цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийхээр цугласан залуучуудыг тараахыг оролдож буй зураг твиттер сүлжээнд тавигджээ. Нийслэл болон баруун Ренн хотод цугласан хүмүүсийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Түүнчлэн Парисын хамгийн эртний гүүрэн дээрх шалган нэвтрүүлэх цэгээр нэгэн машин зогсохгүй нэвтрэхийг завдсан тул цагдаа нар гал нээсэн тухай “Daily mail” мэдээлэв. Үүний улмаас хоёр хүний амь эрсдэж, нэг хүн шархадсан байна. Машин дотор байсан хүмүүсээс гал нээх үйлдэл огт гаргаагүй, тэдний хэн нь ч зэвсэгтэй байгаагүй гэжээ. Хохирогчдыг цагдаагийн мэдлийн “Heckler&Koch G36” автомат буугаар буудсан байна.
Мөрдөн байцаах багийнхан өнөөдөр /2022.04.25/ үүрээр хэргийн газарт очиж, замын хөдөлгөөнийг хаажээ. Мөн цагдаагийн байгууллагаас үйлдсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгадаг “IGNP” мөрдөн байцаах алба хэргийг шалгах ажиллагаанд оролцож байгаа аж. Дээрх машинтай хүмүүс болон ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг жагсаал нь хоорондоо холбоотой эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.
Эх сурвалж: DAILY MAIL, REUTERS
Холбоотой мэдээ