Монголын инфляци: Олон улсын санхүүгийн байгууллагуудын дүгнэлтүүд

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Монголын инфляци: Олон улсын санхүүгийн байгууллагуудын дүгнэлтүүд

Энэ долоо хоногт АНУ-д болж буй Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтын нэг гол сэдэв дэлхий дахинд нэмэгдэж буй инфляци байлаа. Олон улсын шинжээчид Монголын инфляцийн талаар хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэе.

Дэлхийн банк: Хүнс, шатахуун, хатуу түлш болон импортын барааны үнийн өсөлт инфляцийг голлон бүрдүүлж байна

Дэлхийн банкнаас дөрөвдүгээр сарын 19-ний өдөр танилцуулсан “Монголын эдийн засгийн тойм”-д  хүнс, шатахуун, хатуу түлш болон импортын барааны үнийн өсөлт инфляцийг голлон бүрдүүлж байгааг онцолжээ.

Эх сурвалж: Дэлхийн банк

Тайланд мөн “Монгол Улсын хэрэглээний сагсны 46 хувийг импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлэх тул гадаад худалдаанд үүссэн доголдол, логистикийн хүндрэл бэрхшээлүүд нь импортын үнийг өсгөж, 2022 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляцийн 8 нэгж хувийг (дунджаар) тодорхойлсон” гэсэн байна.

Азийн хөгжлийн банк: Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляци 2022 онд өснө

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Азийн хөгжлийн банкнаас дөрөвдүгээр сарын 6-ны өдөр танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв” тайланд “Монгол Улсын 2022-2023 оны эдийн засгийн төлөв БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд хэзээ нээгдэх, Covid-19 цар тахлын халдвар дахин дэгдэх эсэх, түүнчлэн Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт үүсч байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх чиглэлд бодлогын ямар хариу арга хэмжээ авах, тэр нь ямар үр дүнд хүргэх зэргээс шууд хамаарах болно” гэжээ.

Мөн “Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляци 2022 онд өсөх бөгөөд жилийн дундаж инфляци 12.4 хувь болж огцом нэмэгдэхээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцид сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэж үзвэл дундаж инфляци 9.3% болж тогтворжих төлөвтэй” гэжээ.

ОУВС: ОХУ, Украины хямралаас зарим талаар шалтгаалан дэлхийн хүнс, шатахууны үнэ саяхнаас огцом өссөн нь инфляцийн хурдцыг нэмлээ

ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудад гуравдугаар сарын 31-ний өдөр өгсөн ярилцлагадаа инфляцийн талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “2021 оны наймдугаар сараас хойш хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцм Монголбанкны зорилтот интервал (6±2 хувь)-аас дээгүүр байна. Гол шалтгаан нь нийлүүлэлтийн талын хүчин зүйл болох БНХАУ-тай холбосон хил гаалийн тасалдал бөгөөд энэ нь импортын үнэд шууд нөлөөлж байна. ОХУ, Украины хямралаас зарим талаар шалтгаалан дэлхийн хүнс, шатахууны үнэ саяхнаас огцом өссөн нь инфляцийн хурдыг нэмлээ. Нийлүүлэлт талын болон гадаад орчны хүчин зүйлээс шууд хамааран инфляци он дуустал 10-аас дээш хувьтай байхаар байна. ОХУ, Украины нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь инфляцийн төлөвийг улам бүр тодорхой бус болгож байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж