Мэдэх эрхгүй түүхийг мэдүүлж чадаагүй "Сүрэг"

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Мэдэх эрхгүй түүхийг мэдүүлж чадаагүй "Сүрэг"

“Мэдэх эрхгүй түүх” гэх тодотголтой “Сүрэг” уран сайхны кино нээлтээ хийсэн цагаас театруудад үзэгчдийн хөл тасарсангүй. Учир нь уншигчдын дунд танил болсон зохиолч Т.Мягмартогтохын /Todko Samson/ "Сүрэг" роман бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр үзэгчдэд хүрч буй нь энэ.

Тэртээ 1930-аад оны их хэлмэгдүүлэлт гэх түүхэн эмгэнэлт үйл явдал дунд нэгэн бүсгүйд тохиолдох зовлон, жаргал нь үзэгчдийн анхаарлыг татахгүй байхын аргагүй биз. Гэвч “Сүрэг” номын нэрийг ашиглан, олны сонирхлыг татах пиар төдий байж.

Киноны үйл явцаас танилцуулахад, 1936-1937 онд өрнөх агаад Дулам гэх бүсгүй, түүний төрсөн дүүгийн тухай явдлыг харуулдаг. Бүсгүйн нөхөр Нацаг гэгч агт тууж, тонуул дээрэм хийсэн хэргээр Дотоод явдлын яамныханд мөрдөгдөж, хил даван зугтааж, Манжгоо улсын Харбин хотод байсан Японы цэргийн ангид тамлагдан хоригдож сураг алдарна.

Ядуу буурай Дулам болон түүний дүү нэгэн үйлийн хэрэг бүтээхээр Цэцэрлэг мандал уулын Эрдэнэбандид хутагтын шавь Ламын гэгээний Баянзүрх уулын хошуу буюу өнөөгийн Баянхонгор аймаг руу хүнд бэрх урт аянд гарч буй тухай өгүүлнэ.

“Ёс байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй… хүн “сүрэг” болж бид” хэмээн өгүүлэх энэ бүтээлийг жүжигчин Л.Эрдэнэ-Очир санаачлан, зохиолч Тодко Самсоны романаас сэдэвлэн, “Black Zebra” студийн найруулагч О.Базаррагчаа ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Мэдээж баргийн хүний барьж авахааргүй, түүхэн том сэдвийг шүүрч авсан нь сайшаалтай.

Найруулагчийн хувьд О.Базаррагчаа кино урлагт цахиур хагалан гарч ирлээ.

Түүнийг өмнө нь дуучин Укагийн “Маргаашийн нар руу хамт аялах уу” хэд хэдэн дууны клип, “Залхуус” болон “Hi honey”, “Солиот эх”, “Үүр цайгаасай” кинонд бие даан болон хамтран ажиллаж байсныг мэдэх юм байна.

Зохиолын хувьд “Сүрэг” романы үйл явдлыг дэндүү товчилсон мэт санагдав. Бас адал явдалт кино гэсэн атлаа ямар ч ээдрээтэй, хурц өрнөл байхгүй. Учир утгагүй мөрдлөг, хол зам туулахдаа айлын хаяа түших хөл хүнд бүсгүйн зовлон шаналал тэгээд л бол оо.

Кино эхлээд сэтгэлд хоногшсон монгол киноны танил үйл явдлууд өрнөнө. Агт морьд тууж, тонуул дээрэм хийсэн бүсгүйн нөхөр Нацаг “Тунгалаг тамир”-ын цахиур Төмөрийг, эр нөхрөө хүлээж буй хөл хүнд бүсгүйд сэтгэлтэй цэрэг, хэцүү цагт даалгавар биелүүлж буй бүсгүй хүүхэд хоёр “Ардын элч” киноны Ариунааг өөрийн эрхгүй санагдуулж байсныг нуух юун.

Орчин цагийн уран бүтээлчид түүхэн кино гэхээр ноорхой гэр орон, хир дайр болсон зүс царай, дүр харуулахыг хичээдэг болсон нийтлэг сэтгэгдэл төрүүлнэ.

Киноны гол зангилаа Ногоон дарь эхийн ариун лавай. Гэтэл үүний ач холбогдол, утга учрыг бүрэн тайлаагүйгээс юуны төлөө киноны гол дүрийн баатрууд амиа алдаж байгаа нь бүдэг бадаг. Ийн үйл явдал өрнөсөөр төгсгөл хэсэгт хэт уянгалж, уламжлал ёсоор үзэгчдийг уйлуулах зорилгоо биелүүлж чаддаг.

Мэдээж аливаа уран бүтээлд ололттой талууд ч бий. Жүжигчдийн хувцас хунар, киноны дуу, дүрс, зарим нэг сонирхолтой сцени нүдэнд тусч байсныг хэлэх нь зүйтэй байх.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж