Сурвалжлага: НӨАТ-ын баримт далд эдийн засгийг цэгцэлж дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: НӨАТ-ын баримт далд эдийн засгийг цэгцэлж дийлэхгүй байна

Сурвалжлага: НӨАТ-ын баримт далд эдийн засгийг цэгцэлж дийлэхгүй байна

Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн нэг болох “Хүчит шонхор” захад үд өнгөртөл хүний хөл тасрахгүй. Энд мах, гурил, будаа, хүнсний ногоо, өндөг зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ хямд учраас хүмүүс хүнсээ бөөндөж авдаг. Иргэн Б.Жавзанхорлоо 140 мянган төгрөгөөр тус захаас 10 кг үхрийн мах худалдан авчээ. Гэвч худалдагч НӨАТ-ын баримт өгөөгүй гэнэ.

Хэрэв зах, худалдааны төвүүд худалдан авалт бүрт баримт олгодог бол НӨАТ-ын 2 хувийн буцаалтаа авахад хүртэл дэмтэй болохыг Б.Жавзандулам хэлээд “НӨАТ-ын баримтыг томоохон сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүр л олгодог. Бас шатахуун авахад и-баримт өгдөг. Гэтэл бусад нь байхгүй.

Өмнө нь баримтаа нэхдэг байсан ч “Манайх жижиг газар, өгөхгүй” гэсэн тайлбар хэлээд, баримт өгөхгүй юм билээ. Уг нь мах, ногоо, гурил, будаа, бас хувцас авахад хүртэл баримт өгөх ёстой. Зах орж байгаа бол ямар ч баримт байхгүй л гэж ойлгодог болсон. 

Хэрэв 140 мянган төгрөгөөр мах авч, баримтыг нь бүртгүүлсэн бол буцаан олголтоо авахад хүртэл нэмэртэй юм даа. Бид худалдан авалт хийх бүртээ татвар төлж байгаа атал үр ашгийг нь хүртэж чадахгүй байна. Тиймээс ч НӨАТ үр ашиггүй юм шиг санагдах боллоо. Хэрэв зах, худалдааны төв баримт олгодог байсан бол буцаан олголтын мөнгө ахиухан авна. Гэтэл маш бага мөнгө буцаан олголтоос авч байна” гэсэн юм. Түүний адил иргэдийн дийлэнх нь зах, худалдааны төвөөс и-баримтаа авч чаддаггүй, бүр нэхдэггүй. Энэ нь бичигдээгүй хууль болсныг худалдааны төвөөс харж болохоор.

НӨАТ-ЫН БАРИМТЫГ QR КОД ОРЛОЖ ЧАДСАНГҮЙ

Иргэд и-баримтыг зөвхөн дэлгүүр, супермаркет л олгодог тухай хэлж байсан юм. Уг нь “Хүчит шонхор” захад мах, гурил будааны тасаг лангуу бүртээ, цонх, хаалгад НӨАТ-ын баримт уншуулах QR кодтой ч бэлгэдлийн шинжтэй. Хүмүүс анзаарч QR кодоо уншуулах нь ховор. Худалдагч нар ч хэлэхгүй, хүмүүс нь ч мэддэггүй, бас тоодоггүй бололтой.

Тус захын гурил, будааны тасгийн худалдагч Н.Очирбат “НӨАТ-ын баримт уншуулах QR кодтой. Гэхдээ хүмүүс ихэвчлэн анзаардаггүй нь зах НӨАТ-ын баримт өгдөггүй гэсэн ойлголтоос болдог байх. Та нар анзаарч байгаа бол хүмүүс баримт ч асуухгүй байгаа биз дээ.

Цөөн хүн л баримт нэхдэг. Ийм тохиолдолд QR код уншуулж болно гэж хэлдэг. Энэ нь худалдан авалтынхаа баримтыг цахимаар бүртгүүлж авч байгаа болохоос буцаан олголт байхгүй. Тиймээс хүмүүс бараг л уншуулдаггүй.

Манай тасаг НӨАТ-ын QR кодтой болоод удаж байна. Тиймээс тайлан гаргадаг. Гэхдээ НӨАТ-ын баримт иргэдэд ашигтай болохоос бидэнд алдагдалтай. НӨАТ-гүй гурил, цайны идээ, ургамлын тос зэрэг байна. Энэ бүгдэд нэмж татвар төлөхөөр дарамттай байдаг” гэв. Мөн махны худалдаачдаас НӨАТ-ын баримт олгох уу гэж асуувал бүгд “НӨАТ-ын баримт олгохгүй” гэж толгой сэгсэрнэ.

Худалдагч Л.Нарандэлгэр “Нэг үеэ бодвол хүмүүс баримтаа нэхдэг болсон. Бидний хувьд цаасаар баримт өгөхгүй. Саяхнаас л Татварын ерөнхий газраас и-баримтын QR код байршуулсан. Хүмүүс баримт асуувал QR уншуулахыг зөвлөдөг. Гэхдээ учрыг нь би ч сайн мэдэхгүй” гэлээ.

Харин Р.Саранцэцэг “Иргэд биднээс НӨАТ-ын баримт нэхээд байдаг. Гэтэл бид малчдаас НӨАТ-ын баримт авдаггүй. Малчид бидэнд баримт өгөхгүй, өөрсдийн ханшаараа л махаа зардаг. Харин бид махыг аль болох хямд үнээр зарахыг хичээдэг. Ресторануудад арга буюу НӨАТ-ын баримт өгнө. Бидний хувьд махаа хямд үнээр зарахын дээр НӨАТ-ын баримт өгвөл ямар ч ашиггүй. Бас тайлан тооцоо гаргах шаардлага гаргах нь төвөгтэй” гэсэн тайлбар өгсөн.

Тус зах дотор гарын арван хуруунд багтахаар хэдхэн бөөний төв и-баримт олгож байсан юм. Ихэвчлэн импортын бараа буюу гахай, тахианы мах, амтлагч, кимчи, өндөг, ундаа зэрэг бүтээгдэхүүн зардаг эгнэсэн бөөний төвүүдээс ганц хоёр нь  и-баримт олгож байв. Худалдагч нар нь ч бас НӨАТ-ын баримт олгоод олон жил болж байгааг хэлж байлаа. Зарим нь пос машин эвдэрсэн тул түрдээ уншуулах боломжгүй гэх тайлбар өгч байв.

Уг нь нэг ширхэг бохь авсан ч худалдагч баримтыг нь өгөх ёстой. Ингэж байж далд эдийн засаг хумигдана.

И-БАРИМТ ОЛГОВОЛ БАРААНЫ ҮНИЙГ НЭМНЭ 

 “Бөмбөгөр” худалдааны төвтэй зэрэгцэх “Шөнийн зах”-аар орвол мөн л НӨАТ-ын баримт олгодоггүй юм байна. Хоёр эгнээ лангуунаас ердөө хоёр, гурав нь и-баримт бүртгүүлэх QR код уншуулах боломжтой байв. Худалдагч нарын зүгээс “Зах худалдааны төвүүд и-баримт олгодоггүй” гэсэн ойлголттой байдаг учраас нэхдэггүй болохыг хэлж байв. Хэдийгээр бүгд биш ч нэг үеэ бодвол иргэд худалдан авалт бүртээ и-баримт нэхдэг болжээ. Гэлээ ч борлуулсан бараандаа и-баримт олгох нь наймаачдад ашиггүй гэнэ.

Хэрэв борлуулж буй бараандаа и-баримт олгодог болбол барааны үнээ нэмэхээс өөр аргагүй, мөн үнийг доош буулгаж хямдруулах тухай яриа байхгүй болно гэнэ. Учир нь и-баримт нь наймаачдад илүү татвар төлөх дарамт болдог аж.

Мөн зарим дэлгүүр НӨАТ-ын баримт өгөлгүй, үнийн дүнгээсээ хасуулахыг санал болгох нь бий. Татварын ерөнхий газраас хэрэв таны үйлчлүүлсэн газар НӨАТ-ын баримт олгохгүй байгаа бол харъяа дүүргийн татварын хэлтэс, эсвэл 1800-1288 дугаарт холбогдоод төлбөрийн баримт олгохгүй байгаа талаарх гомдлоо гаргах боломжтой аж. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу болон төлөвлөгөөт шалгалтын явцад НӨАТ-ын баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.9-т заасны дагуу Татварын ерөнхий хууль зөрчсөн, НӨАТ-ын баримт өгөөгүй бол нэг сарын орлогын хоёр хувиар, зөрүүтэй олгосон бол нэг сарын орлогын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.

Ардчилсан нам засгийн эрхийг барьж байхдаа НӨАТ-ын хуулийг өөрчилж, эцсийн хэрэглэгчид худалдан авсан барааныхаа и-баримтыг бүртгүүлснээр урамшуулал авдаг тогтолцоо руу 2016 оноос хойш шилжсэн. Ингэснээр далд эдийн засгийг хумих боломж бүрдсэн. Гэсэн ч борлуулалтын орлого нь тэрбумаар эргэлдэж байдаг зах, худалдааны төвүүд өнөөдрийг хүртэл “Пос машин байхгүй”, “Бидэнд алдагдалтай” гэх шалтаг тоочиж сууна. Харин иргэд зах, худалдааны төвүүдээс баримтаа авдаг болбол НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын үр ашгийг мэдэрч эхэлнэ гэсэн санал хэлж байна. Наад зах нь улиралд дунджаар 30 мянган төгрөгийн буцаан олголт авдаг мөнгөн дүн 20 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ байдлаар иргэд ч бас худалдааны газруудад баримт олгохыг шаардах юм. Улмаар НӨАТ-ын баримтаар дамжуулан далд эдийн засаг хумигдаж, татварын орлого нэмэгдэх боломжтой. Ингэхдээ НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох боломжтой гэнэ.

ТАЛХНААС АВХУУЛААД ХУРДАН МОРЬ ХҮРТЭЛ БҮХ ХУДАЛДААНААС ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ 

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.ЛХАГВАЖАВ: 

-Ойрын хугацаанд хар зах зээл, авлигатай тэмцэх хоёрхон аргыг НӨАТ-аар шийдэж болно. Эхний ээлжид хар зах зээлийг илрүүлэх тусам НӨАТ-ын буцаан олголтын 80 хувийг эргүүлэн өгөх хэрэгтэй. Иргэн цалингаас бүх даатгал, татвар төлсний дараа үлдсэн мөнгөө дэлгүүр худалдааны төвд дахин 10 хувийн НӨАТ төлж үйлчлүүлж байна. Энэ бол их харгис татвар. Иймд энэ татвар аль болох бага, буцаан олголт нь өндөр байх ёстой. Иргэд НӨАТ-ын 80 хувийг буцаан авснаар үйлчлүүлж буй аж ахуйн нэгжийн бүх төрлийн татварыг улсад төвлөрүүлж чадна.

Уг нь Засгийн газар хуралдаад шийдэж болох  хялбар асуудал шүү дээ. Нөгөөтэйгүүр,  зах, худалдааны төвүүдийг өнөөдрийг хүртэл НӨАТ-ын системд холбохгүй байгаа нь Ардын намынхантай холбоотой биш биз дээ гэж харддаг. Манай нам 2016 оноос хойш төрийн эрхийг барьж байна. Жишээ нь, мах нядалгааны үеэр 700-800 тэрбум төгрөг эргэлддэг. Энэ том орлогыг яагаад хяналтад оруулахгүй байна. Бод мал бүрийг НӨАТ-ын QR кодтой болгож болно. Мөн хурдан морийг ч QR кодоор бүртгэлжүүлж болно. Төр байгаа л бол энэ хурдан морины хөдөлгөөнөөр 60-70 гаруй тэрбумын худалдааг яагаад илрүүлж болохгүй байна вэ.

Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудалд хөөрөг хүртэл багтаж байсан шүү дээ. Цар тахлаас өмнө хөөрөгний маш том худалдаа явагддаг байсан. Яагаад үнэ цэнтэй гэсэн мянга орчим хөөргийг QR кодоор бүртгэж болохгүй гэж. Хөөрөгний наймаагаар төрийн бүх авлига, хар зах зээлийг илрүүлж болно. УИХ-ын гишүүд хүртэл 30 сая төгрөгийн үнэтэй хөөрөг өвөртлөөд явж байна. Түүнийг ямар орлогоор авсныг мэдэхгүй. Энэ мэтчилэн талхны худалдаанаас авахуулаад хурдан морь хүртэл бүх худалдааг НӨАТ-ын системээр хянаж, татварын орлого бүрдүүлэх боломжтой гэж байсан юм.

Гэрэл зургийг Мөнхжин 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж