УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийн хямралын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн харж байна вэ. Үр дүнтэй байж чадах уу?
-Эдийн засгийн “шок”-ыг зөөллөх арга хэмжээ буюу иргэдийн нуруун дээрх ачааг багасгахаар үзэж байна. Том зургаар харвал БНХАУ-ын хил ирэх арваннэгдүгээр сар хүртэл нээгдэхгүй гэсэн таамаг бий. Тиймээс хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх нь зөв. Гадагшаа гарах валютын урсгалыг шийдэх ёстой. Ингэснээр ханш тогтвортой байлгах, иргэдийн орлогыг хамгаалах, хүндрэлийг богино хугацаанд шийдэх боломж бүрдэнэ.
-Засгийн газраас төсвийн тодотгол өргөн барьсан. Тодотголоор 550 тэрбумын хөрөнгө оруулалт хасч байгаа. УИХ-ын гишүүд хөрөнгө оруулалт танах тал дээр шүүмжлэлтэй байх шиг байна?
-Төсвийн тодотгол хийж, мөнгөний бодлогыг эргэж харах ёстой. Бодлогын хүүг бага зэрэг нэмэх ёстой. Бүх боомтууд хаалттай учраас бараа бүтээгдэхүүн, барилгын материал орж ирэхээс авахуулаад эдийн засгийн “эргэлт"-ийг бага зэрэг сааруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг “байхгүй”, ханш ойлгомжгүй, хүү буух нь эргэлзээтэй, барилга барилаа гэхэд ямар өртгөөр барих нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчхээд байна. Мөн валют солиулахад хязгаартай байна. Тэр бол байж болохгүй. Хязгаарлах тусам улам өсөх гээд байдаг.
Үүнээс гадна ам.доллар хоёр ханштай байж болохгүй. Цаашдаа хоорондын зөрүү яваандаа улам нэмэгдэнэ.
Одоо байгаа нөхцөлд төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй. Нэгдүгээрт, зардлыг аль болох буулгах ёстой. Хөрөнгө оруулалтуудыг үр өгөөж талаас нь харах ёстой. Өөрөөр хэлбэл, үр өгөөж гэдэг нь эдийн засгийн үр ашиг бус, нийгмийн талаас нь харах ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулахад тухайн хөрөнгө оруулалт хэрхэн нэмэр болж байна вэ, ажлын байр бий болгож байгаа эсэхээр нь хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх ёстой. Зарим нэг соёлын төв, шаардлагагүй замыг царцаах ёстой. Харин бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй. Мөн боомтуудын нэвтрэлт дээр анхаарах нь Засгийн газрын шийдэх нэн тэргүүний ажил. Төмөр зам барилаа гэнэ. Үүнд Хятадын талын нарийн царигийг 10-20 км-ыг Монголын талд нэвтрүүлж оруулах, Монголын өргөн царигийг 10-20 км нэвтрүүлж, солбилцлын цэгийг тохирох ёстой. Тэгж байж хүний оролцоо багатайгаар барааны эргэлтийг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр барааны эргэлт сайжирч, ам.доллар тогтворжиж, ажлын байрыг нэмэгдэнэ.
"НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НАЙМАН ХУВЬ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ "
-Төрийн хэмнэлтийн хуулийг та хэрхэн харж байна вэ. Хэмнэлтийг таны хувьд хэрхэн хийж байна вэ?
-Энэ хууль арай эрт батлагдах ёстой байлаа. Орлого нэмэгдэх төдийд төсвийн зарлагаа нэмэгдчихдэг. Жишээ нь, нэг газрын дарга нар бизнес ангиллаар нисээд байхад иргэдийн дургүйцэл төрөлгүй яах вэ. Тиймээс хэмнэлтийн бодлого зайлшгүй шаардлагатай.
Хувийн хэвшил “ядраад”, төр нь зарлагадаад байх нь зохисгүй. Төрийн хэмнэлтийн бодлого бидэнд үгүйлэгдэж байсан. Үүнийг урт хугацаанд хэрэгжүүлэх ёстой.
Гэхдээ судалгаатай хандах ёстой. Жишээ нь, төрийн өмчийн компаниудын хэмнэлт рүү орох ёстой. Төрийн өмчийн компаниудын төсөв нэлээд тэлэлттэй байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй ойролцоо болчихсон. Түүнийг, үр өгөөжийг нь хянадаг механизмтай болох ёстой. Мөн зардал талаас нь хянадаг байх ёстой. Төрийн өмчийн компаниуд удирдлага нь эцсийн өмчлөгчийн удирдлага нь ойлгомжгүй. Тиймээс тухайн хуулийг эргэж харах хэрэгтэй.
-Засгийн газар дүр эсгэсэн арга хэмжээ авч байна гэж иргэд буруутгаж буй. Жишээ нь, НДШ-ийн 50 хувийн буцаан олголт байна?
-НДШ-ийн 50 хувийн буцаан олголт дээр эсрэг байр суурьтай байна. Инфляци хүнсэн дээр хамгийн их мэдэгдэнэ. Түлш болон газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэчихлээ. Тиймээс хүнс худалдан авахад буцаан олголтыг найман хувь болгочихвол шууд эзэндээ хүрнэ. Тэгэхгүй үнэ тогтворжуулах хөтөлбөр бодитой хэрэгжих эсэхийг хянахад хэцүү. Иргэнд шууд чиглэсэн бодлого байх хэрэгтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ч хэлсэн.
"ГИШҮҮД ДӨРВӨН ТЭРБУМЫГ ХУВЬДАА ЗАРЦУУЛДАГГҮЙ"
–Гишүүдэд тойргийн мөнгө гэж хуваарилах шаардлагагүй, энэ нь авлигын шинжтэй үйлдэл гэж эдийн засагчид шүүмжилдэг. Гишүүд заавал тойргийн мөнгө авах ямар шаардлага байдаг юм бэ?
-Гишүүдэд дөрвөн тэрбум төгрөг өгч, тойрогт зарцуулагддаг гэдэг нь буруу ойлголт юм. Иргэдээс ирсэн саналын дагуу хороонд нь сургууль, цэцэрлэг хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбумд багтаах санал гишүүд өгдөг. Уг мөнгийг гишүүд хувьдаа зарцуулна гэж ойлгож болохгүй. Төсвийн мөнгө юм. Миний хувьд энэ онд Баянгол дүүргийн Алтай хотхон орчимд цэцэрлэг, сургууль барих санал гаргасан.
Том зургаар нь харвал Засгийн газраас өргөн барьсан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна, ингэхдээ хамран сургах тойргоос хамаарч, хувийн цэцэрлэгт хувьсах зардал өгөхөөр ярьж байна. Энэ арга хэмжээ амжилттай хэрэгжвэл нийслэл хотын түгжрэл 15 хувь буурах боломж бүрдэнэ.
Тиймээс бага сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, явган хүний замын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Ингэж байж иргэдийн амьдралын чанар сайжирна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг нийгмийн болон эдийн засгийн үр өгөөжийг харж хийх ёстой. Сургууль, цэцэрлэгийг танаж болохгүй. Миний сонгогдсон тойрогт цэцэрлэггүй тав, сургуулийн хүртээмж муутай 11 хороо байна. Тиймээс дээрх хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьсан.
-Та өөрөө хувийн бизнестэй хүн. Хувийн хэвшил рүү халдаж буй төрийн бодлогыг юу гэж харж байна. Хүний өмчийг шууд дээрэмдэж болохгүй гэсэн шүүмжлэлийг олон нийт хэлэх болсон?
-Эдийн засаг дахь төрийн оролцоо асар өндөр болсон. Миний бие болон Д.Цогтбаатар нарын гишүүд УИХ-ын тогтоолын төсөл бэлдээд өргөн барьсан. Агуулга нь нэмж төрийн өмчит компани байгуулахгүй байх. Энэ төсвийн тодотголыг дагаад төрийн өмчийн компаниудыг хувьцаат компани болгох асуудал орж ирж буй. Төрийн өмчийн хороонд харъяалагддаг 108 компани бий. Түүний 40 гаруй нь нээлттэй хувьцаат компани болно. Хяналтын багц буюу компанийн 34 хувийг иргэдэд дамжуулж, хувьчилна. Ингэснээр хяналт сайжирна. Цаашдаа нэмж байгуулахгүй байхыг УИХ-ын тогтоолоор хязгаарлах нь зүйтэй.
Цаашид хувийн хэвшлийг дэмжье гэвэл төр өрсөлдөхгүй байх зарчмыг барих хэрэгтэй. Тэгэхгүй бол хувийн хэвшил, төрийн өмчит компанитай өрсөлдөх ямар ч боломж байхгүй.
-Таны хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг нийгмийн шүүмжлэлд өртмөгц буцаан татсан. Энэ хуулийг дахин шинэчилж оруулж ирэх үү?
-Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Миний өргөн барьсан санал тусгагдсан. Өргөн барьсны дараа хамтарч ажиллах бодолтой байна.
"ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛД БИ НӨЛӨӨЛСӨН БОЛ ӨНӨӨДӨРЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН"
-Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар та тайлбар хийсэн. Гэхдээ дахин асууя, үнэхээр авлига, албан тушаалын нэр нөлөөгөөр уг зээлийг авсан уу. Зээлээ яагаад хугацаандаа төлөөгүй юм бэ?
-Миний хувьд дээрх асуудлаар долоо хоног бүр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцөлийг хангаад, хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн. Би тухайн зээлийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.
-УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гишүүдийн жагсаалтад таны нэр бий?
-Энэ тал дээр мэдээлэлгүй байна. Тодруулга өгсөн, хариу хүлээж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байна.
-МАН хагаралтай байгаа учраас Хөгжлийн банкны асуудлыг ил гаргаж байна гэж улс төрийн хүрээнд дүгнэж байна. Үүнтэй та санал нийлэх үү. Танай намд эрх мэдлийн зодоон өрнөж байгаа гэдэг үнэн үү?
-Тийм зүйл байхгүй байх.
Холбоотой мэдээ