21 жилийн дараах Азийн аварга ба алтан медальгүй Монгол

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

21 жилийн дараах Азийн аварга ба алтан медальгүй Монгол

21 жилийн дараах Азийн аварга ба алтан медальгүй Монгол

Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. 35 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай тивийн 19 орны 250 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

"Буянт Ухаа" спорт ордонд Ази тивээс төрсөн олимп, дэлхийн медальтнууд чуулсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, олимпийн мөнгө, дэлхийн аварга Кыргызстаны Айсулуу Тыныбекова, олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэлтэй Энэтхэгийн Рави Кумар, олимпийн мөнгөтэй Японы Рэй Хигүчи, дэлхийн аварга Рэмина Йошимото, Акари Фүжинами, Цүгүми Сакүраи, олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Бажранг Пуния, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Киргизстаны Мээрим Жуманазарова тэргүүтэй шилдгүүд ирсэн юм.

Монгол Улсад 21 жилийн дараа бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эргэн ирсэн нь энэ байлаа.

Азийн аварга ойртсон байсан учир шигшээ багийн багш, дасгалжуулагчдын шинэ бүрэлдэхүүнийг сонгох ажлыг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, хуучин шигшээ багийн дасгалжуулагчид энэ удаагийн Азийн аваргад ажилласан гэнэ.

Сонгомол бөхийн төрөлд хараахан медаль хүртэж чадсангүй

Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон. Эхний өдөр манай улсаас 55 кг-ын жинд М.Даваабанди, 87 кг-ын жинд Л.Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдсан ч М.Даваабанди Энэтхэгийн Аржун Халакуркитэд, Л.Батбаяр Энэтхэгийн Сунил Кумарт тус тус ялагдаж, шагнал байрт шалгарчээ. Хоёр дахь өдөр нь Ц.Балжинням мөн хүрэл медалийн төлөө шалгарсан ч Казахстаны Ернур Фидахметовд ялагдсан юм.

Сонгомол бөхийн төрөлд багийн дүнгээр Казахстан тэргүүлж, Иран, Киргизстан, Японы баг тамирчид удаалсан юм.

Чөлөөтийн бүсгүйчүүд багийн дүнгээр хоёрдугаарт оров

Тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл эхэлсэн. 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр финалд “Осло-2021” дэлхийн аварга Японы Ремина Йошимотод 2:12-оор ялагдсан юм.

Түүний дараа Г.Отгонжаргал эх орныхоо дэвжээнд 55 кг-ын жинд үзүүрлэв. Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд гурав ялж, нэг ялагдсан юм. Г.Отгонжаргал залуучуудын дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан ч Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр, Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр, Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар илт илүүрхэж ялснаар шагналын тавцанд зогсов.

Ордонд хүрэлцэн ирсэн үзэгчид тайз засалт, зохион байгуулалтын талаар ам сайтай байв.

Харин 59 кг-ын жинд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Б.Шоовдор Азийн аваргын дэвжээнээс гурав дахь мөнгө, дөрөв дэх медалиа зүүсэн. Японы Сара Натамитай хийж 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялснаар (10:0) медалийн индэрт зогсохоор болов. Мөн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөө Японы Нарүха Мацүюкитай барилдаж, 4:0-ээр ялсан юм.

Тэмцээний дөрөв дэх өдөр 53 кг-ын жинд Б.Хулан анх удаагаа тивийн аваргад зодоглож, мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр хэсэгтээ дэлхийн аварга Японы Акари Фүжүнамид оноогоор (10:0) цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Санжай Шиндэг цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны ахмад бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялсан юм. Харин шигшээ барилдаанд Акаритай дахин таарч, оноогоор цэвэр (0:11) ялагдсанаар үзүүрлэлээ. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Х.Болортуяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр медалийн төлөө Узбекистаны Шохида Ахмедоваг оноогоор цэвэр (11:1) ялснаар тивийн аваргын хошой медальтан болж байна.

62 кг-ын жинд Токиогийн олимпод оролцсон Б.Хонгорзул хүрэл медаль хүртсэн. Тэрбээр шөвгийн наймд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа зүүж, шагналын тавцанд зогсов. Тэгвэл 65 кг-ын жинд Ө.Пүрэвсайхан тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, манай эмэгтэй бөхчүүдийн тав дахь хүрэл, ес дэх медалийг авчирлаа. Түүний хувьд тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өндөрлөж, манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд 227 оноотой тэргүүлж, Монгол, Казахстаны багууд удаалжээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд Монголд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн

Тэмцээний тав дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн эхэлсэн.

  • 57 кг-ын жинд З.Занабазар хүрэл медалийн төлөө Японы Рикүто Арайд эцсийн мөчид ялагдаж, тавдугаар байр эзлэв.
  • 65 кг-ын жинд Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө Японы Кайки Ямагүчид 1:8-аар ялагджээ.
  • 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Навеенд цэвэр ялагдсан. Түүний хувьд хагас шигшээ барилдаанд Кыргызстаны Эрназар Ахматалиевтай хийсэн барилдааны үеэр өвдгөндөө бэртэл авсан юм. Энэ нь түүнд нөлөөлсөн аж.
  • 79 кг-ын жинд Э.Бямбадорж Японы Юдай Такахашид 1:12-оор ялагдсан.
  • 97 кг-ын жинд Ө.Батзул мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж, 0:11-ээр ялагдсанаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэв. Ө.Батзул гурван жилийн өмнө нь Шианьд болсон Азийн аваргад анх удаа финалдахдаа мөн л Ираны алдарт бөх Реза Язданид ялагдаж байлаа.

Тэмцээний сүүлийн өдөр 92 кг-ын жинд Д.Оргилох мөнгөн медаль, 125 кг-д Э.Батмагнай хүрэл медалийн эзэн болсон.

Багийн дүнгээр Ираны эрчүүд тэргүүлсэн бол Энэтхэг, Казахстан, Японы багууд удаалжээ. Харин манай баг 115 оноотой тавдугаар байрт шалгарав. Монголын эмэгтэй бөхчүүд нутгийн дэвжээн дээрээсээ дөрвөн мөнгө, таван хүрэл, эрэгтэйчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж