Төрийн хэмнэлт, төсвийн орлого тэнцэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Төрийн хэмнэлт, төсвийн орлого тэнцэх үү?

Төрийн хэмнэлт, төсвийн орлого тэнцэх үү?

2022 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийх гэж байна. Covid-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хил хаалттай, нүүрсний борлуулалт буурсан, эдийн засгийн өсөлт саарч, ам.долларын ханш өсч, төгрөг суларсан, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн гээд олон шалтгаан үүссэн. Мөн хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ, Украины нөхцөл байдал олон улсын геополитик, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байна.

ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.2-4.4 орчим хувьд хүрнэ гэж төсөөлж байсан боловч зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдол, тээвэр логистикийн саатал зэргээр дамжин нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх талаар анхааруулж буй.

2022 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын инфляцийн түвшин 14.4 хувьд хүрээд байна. Улмаар гадаад валютын албан нөөц буурч, төгрөгийн ханш суларсан, экспорт төлөвлөсөн хэмжээнд хийгдэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас иргэдийн бодит орлого буурч, амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болсон учраас ийн 2022 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийх гэж байна.

Өмнөх төсвийн тодотголоор хөшөө, барилга зэрэг 130 гаруй төслийн хөрөнгө оруулалтыг царцааж байсан бол энэ удаад ч мөн 600 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтуудыг царцааж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 30 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад нийт 1,894.6 тэрбум төгрөг батлагдсанаас 25 хувь нь боловсрол, шинжлэх ухааны салбарт, 15.9 хувь нь зам тээврийн салбарт, 15.4 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, 5.8 хувь нь эрүүл мэндийн салбарт, 5.3 хувь нь эрчим хүчний салбарт хэрэгжих бол үлдсэн хувь нь бусад салбарт хэрэгжиж байна.

  • Боловсролын салбар: 330 төсөл хэрэгжүүлэхээс 43 нь дотуур байр, 117 нь сургууль, 20 нь сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 150 цэцэрлэг.
  • Дэд бүтэц: 279 төсөл хэрэгжүүлэхээс 79 авто зам, 11 автозамын байгууламж, 16 гүүрийн байгууламж, 4 дулааны станц, 14 дулааны шугам сүлжээ, 66 инженерийн шугам сүлжээ, 38 тохижилтын төсөл, 13 ус зайлуулах суваг, үерийн далан, 37 цахилгаан.
  • Нутгийн удирдлага: 30 төсөл хэрэгжүүлэхээс 7 багийн төв, 23 мэдээллийн төв
  • Соёл, спорт:  131 төсөл хэрэгжүүлэхээс 9 музей, 44 соёлын төв, 1 соёлын цогцолбор, 39 спорт заал, 24 спорт цогцолбор, 5 спортын ордон, 9 театр.
  • Төрийн үйлчилгээ, бусад: 200 төсөл хэрэгжүүлэхээс  40 аюулгүй байдал, 7 аялал жуулчлал, 6 тохижилтын төсөл, 29 ХАА, газар тариалан, бусад 119 төсөл.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалал: 42 төсөл хэрэгжүүлэхээс 12 ахмадын үйлчилгээний төв, 20 нийгмийн хамгаалал, 10 хөгжлийн төв.
  • Эрүүл мэнд:  81 эмнэлэг:

18 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО

Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээр гол орлогоо олдог Монгол Улсын хувьд өнөөдөр дэлхийн зах зээл дээрх үнэ таатай байгаа боловч хил хязгаарлагдмал байгаа нь олон асуудал дагуулж буй.

  • 2021 онд Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ тонн тутамд дунджаар 9,314.4 ам.доллар орчимд хэлбэлзсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад даруй 3,146.0 ам.доллар буюу 51 хувиар өссөн дүн.
  • Нүүрсний үнэ 2021 онд тонн тутамд дунджаар 172.4 ам.доллар орчимд хэлбэлзсэн нь 2020 онтой харьцуулахад 2.3 дахин өссөн байна.

Олон улсын байгууллагууд ч цаашид эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байна гэж таамаглаж буй. Төсвийн орлогод учирч буй эрсдэлийг бууруулах, төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх машины тоог нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомтыг ойрын хугацаанд нээн, үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Харин тодотгож буй төсөвт нийтдээ 18 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлнэ гэж төсөөлжээ.

ТӨР ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖСЭНЭЭР 39.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ

Инфляцийн түвшин 14.4 хувьд хүрсэн учраас төр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр тусгайлан хууль боловсруулсан. Ингэхдээ хэд хэдэн онцлох хэмнэлтүүдийг төр өөрөөсөө эхлүүлнэ гэв. Тодотгол хийх нь зөв цаг ч төр өөрөөсөө хэрхэн хэмнэлт хийсэн бэ. Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хоригложээ.

Одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг цөөлж, хоёр орлогчтой байх зохицуулалт оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын засаг дарга нар нэгээс илүү орлогчтой байхыг хориглов. Мөн агентлагийн дарга, төрийн өмчит компаниудын зөвлөх чиг үүрэг бүхий орон тоог цомхотгох зохицуулалт ч оруулж иржээ.

УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын тэргүүн, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компаниудын захирал, төсвийн байгууллагын дарга, аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга хот дотор машин унахгүй. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал авахгүй. Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоохоор тусгажээ.

ХҮҮХДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАСАН ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВЬСАХ ЗАРДЛЫГ
ХОЁР ДАХИН НЭМНЭ

Нийслэлд улсын цэцэрлэгийн ачаалал хэт өндөр 57 хороонд цэцэрлэгийн насны 51.3 мянган хүүхэд амьдардаг. Мөн 17 хороонд цэцэрлэгийн насны 10.2 мянган хүүхэд амьдарч байна.

Огт цэцэрлэггүй болон улсын цэцэрлэг нь хэт ачаалалтай 74 байрлалд амьдарч байгаа 4 хүүхэд тутмын 1-ийг сугалаагаар цэцэрлэгт хамруулж буй. Тиймээс нийслэлд 41 цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, хүчин чадлыг нэмэх боловч 33.5 мянган хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээг хангах боломжгүй. Тиймээс хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт багтаагүй хүүхдийг нэмэлт төлбөргүйгээр сургасан хувийн цэцэрлэгт төрөөс олгох хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, хоолны мөнгийг төрөөс нэмж олгохоор тодотголд тусгажээ.

Мөн хоёр настай хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бол эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид нь цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг сар болгон тооцож олгох, цэцэрлэгт хамрагдах боломжтой болтол нь олгох аж. Түүнээс гадна зориулалтын цэцэрлэгийн байр түрээслэх, худалдаж авах ажлыг нь хийнэ гэж тодотголд тусгасан байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоно хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ нэг сая хүртэлх цалинтай иргэдийн НДШ-ийг буцаан олгоно гэсэн юм. "10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд импортын хүнсний ногоог орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төсвөөс татаас болгох, нийтлэг үйлчилгээний төрийн албан хаагчийн цалинг нэг шатлалтай болгох зэрэг зохицуулалт хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж