"Их-20" бүлгээс ОХУ-ыг хасах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.25-нд нийтлэгдсэн

"Их-20" бүлгээс ОХУ-ыг хасах уу?

"Их-20" бүлгээс ОХУ-ыг хасах уу?

ОХУ 2014 онд Украинаас Крымийн хойгийг булаан авсны дараа аж үйлдвэржсэн орнуудын бүлгээс Москваг хөөж, тэр дор нь нэрээ “Их-7” болгож өөрчилсөн. Үүнээс хойш найман жил өнгөрсөн боловч ОХУ-ыг “Их-7” бүлэгт эргэн нэгтгээгүй. Тус бүлэг яриа хэлэлцээний замаар олон улсын худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал зэргийг тодорхойлдог хүчирхэг институт.

Түүнээс илүү том бүлэг болох “Их-20” өнгөрсөн долоо хоногт хаврын чуулга уулзалтаа хийлээ. Вашингтонд болсон уулзалтад Олон улсын валютын сан, Дэлхийн банк, "Их-7" бүлгийн төлөөлөгчид оролцсон юм. Чуулганы үеэр хэд хэдэн орны төлөөлөгчид Украинд дайн хийж буй ОХУ-ыг эсэргүүцэн, хурлыг орхин гарсан. ОХУ хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украин руу дайрч, олон мянган хүний цус урсгасан дайныг өдүүлээд буй юм.

“Их-20” бүлгийн хуралд ОХУ-ын төлөөлөгч оролцсоныг эсэргүүцэн барууны засгийн газрын төлөөлөгчид бойкот хийсэн. Гэвч “Их-7”-гоос ялгаатай нь тус бүлэгт Хятад, Бразил, Өмнөд Африк зэрэг Оросын талыг баримтлагч орнууд бий. Аливаа улсыг “Их-20” бүлгээс хасахын өмнө гишүүн орнуудын дунд санал хураалт явуулах ёстой аж.

ОХУ-ыг “Их-20” бүлгээс хасах саналд Олон улсын валютын сангийн менежментийн дарга Кристалина Жеоржиева хариулахдаа “Зөрчлийг хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал” гэж хариулжээ. Мөн Испанийн Сангийн сайд бөгөөд Олон улсын валютын сангийн зөвлөх хорооны дарга Надиа Калвино хэлэхдээ, Украины эсрэг Оросын өдүүлсэн дайныг буруушаасан боловч нэг гишүүнээ хасчихаад, бусад нь шийдэлд хүрч чадахгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Хоёрдугаар сарын сүүлээр Украинд дайралт эхэлснээс хойш Дэлхийн банкнаас ОХУ, түүний холбоотон Беларусь улс дахь бүх хөтөлбөрөө зогсоосноо зарласан. Түүнчлэн 2014 оны үйл явдлаас хойш ОХУ-д, 2020 оны дундаас хойш Беларусьт шинээр нэг ч хөрөнгө оруулалт олгоогүй гэв.

Украины ерөнхийлөгч "Их-20" бүлгийн уулзалтад үг хэлэв

“Их-20” бүлэгт Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Япон, Мексик, ОХУ, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк, АНУ, Европын холбоо багтдаг. Харин Испани улс байнгын зочноор уригдсан.

АНУ, Канад нь ОХУ-ын гишүүнчлэлийг эсэргүүцэж буй хамгийн гол орнууд. Тиймдээ ч “Их-20”  бүлгийн үеэр ОХУ-ын төлөөлөгч мэдэгдэл хийж эхлэх үеэр АНУ, Канадын Сангийн сайд нар эсэргүүцлээ илэрхийлэн хурлыг орхиж явсан. АНУ-ын Сангийн сайд дараа нь “Украин руу дайрсан Оросын хууль бус үйлдэл олон улсын эдийн засагт маш том аюул дагуулж байна. Тиймээс эдийн засгийн эдгээр уулзалтад ОХУ оролцох ёсгүй” гэж жиргэжээ.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин өнгөрсөн сард хэлсэн үгэндээ, ОХУ-ыг "Их-20" бүлгийн “чухал гишүүн” гэж нэрлээд, бусдыг хөөх эрх аль ч гишүүн оронд байхгүй гэж мэдэгдсэн.

Нөгөө талд Польшийн Технологи, хөгжлийн сайд Пиотр Новак ОХУ-ыг “Их-20”-ийн бүлгээс хөөж, оронд нь Варшав орох ёстой гэжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт АНУ-ын худалдааны төлөөлөгч Кэтрин Тайтай уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Мөн “ОХУ цэргийн хүчээр Украиныг эзлэн түрэмгийлж, олон улсын хамтын ажиллагааны зарчим, хууль дүрмийг зөрчсөн. Энэ нь Москва олон улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулдаг байгууллагуудаас хасагдах шалтгаан болсон. Тэдэнд олон улсын хамтын ажиллагааны аль ч байгууллагад багтах эрх байхгүй” гэж жиргэжээ.

Ямартай ч ирэх арваннэгдүгээр сард "Их-20" бүлгийн удирдагч нар Индонезийн Балид хуралдана. Энэ үеэр улс орнуудын удирдагч нарын зөрчил том асуудал үүсгэхээр байна гэж Олон улсын валютын сангийн төлөөлөгч мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас ОХУ-ыг “Их-20” бүлгээс хасахыг уриалсан. Тиймээс АНУ ирэх арваннэгдүгээр сард болох хуралд ОХУ-ын төлөөлөгч оролцвол бойкотлох магадлалтай. Гэвч ажиглагчид "АНУ хурал уулзалтыг бойкотловол эсрэгээрээ ОХУ-ын талд ашигтай" гэж дүгнэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж