УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж, гишүүд горимын санал гаргажээ.
"НӨАТ-ЫН ТАТВАРЫГ 5 ХУВЬ, БУЦААН ОЛГОЛТЫГ 40 ХУВЬД ХҮРГЭ"
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын татварыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимын санал гаргалаа. Тэрбээр “Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн цалингийн дунджаар тогтоох хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэнд баярлаж байна. С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш яаралтай хуралдаж, миний санаачилсан хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж өгнө гэж найдаж байна.
АГЕНТЛАГУУДЫН ДЭД ДАРГЫН АСУУДЛЫГ АХИН ЯРИЛЦАНА
Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
–Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн хувьд баталгаа гаргах хүсэлт ирсэн байна лээ. Нийтдээ гурван үе шатанд 3.5 орчим тэрбум ам.доллараар бүтнэ. Бодоод үзэхэд өрийн босго давсан. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн.
Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах юм уу. Баталгаа нь зээл гэсэн үг. Улсын өрөө хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй огц нийцэхгүй учраас хэлэлцүүлэх боломжгүй. Агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит ААН-ийн дэд даргын тухай ярилаа. Би хувьдаа Б.Энхбаяр гишүүнийг бодит, судалгаатай зүйл ярьдаг гэж боддог. Тиймээс эргэж бодож үзэх шаардлагатай гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг дээр эргээд ярилцана.
"НДШ-ИЙГ 50 ХУВИЙГ ТӨСВӨӨС ОЛГОЖ БАЙГАА НЬ ГАЛ УНТРААХ ШИЙДВЭР"
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
–Нэг сая хүртэлх цалинтай хүмүүсийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох тооцоолол хаанаас гараад ирэв. 2-3 жилийн өмнө тэтвгэврийн зээлтэй ахмадуудын заримынх нь өрийг тэгэлсэн. Үеийн үед улстөржсөн, иргэдэд таалагдсан системээ эвдсэн шийдвэр гаргах юм. Үүнд хүмүүс ундууцах нь аргагүй. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилж хуримтлалын тогттолцоо руу орох талаар их удаан ярьсан ч байгаа мөнгөө тараагаад, гал дарах байдлаар яваад байх юм. Тэтгэвэр болон нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийн асуудлыг хэзээ оруулж ирэх вэ? Тэгэхгүй бол асуудал үүслээ, эдийн засаг хүндрэхэд мөнгө тараадаг жишиг тогтчихлоо.
Засгийн газрын халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гэх бодлого лоозон болчихлоо. Бүр 2-3 жил болоод эдийн засаг хямардаг байдал руу орчихсон.
Ингэх бүрт гал унтраах байдлаар яваад байвал төсөв дийлэхгүй. ТӨХК-иуд олон нийтийх болгоно жижиглэх нь зөв. Үр ашиггүй ажилласан 36 компанийн жагсаалтыг гаргасан байна. Үр ашиггүй эдгээр компаниуд руу бизнес, иргэд орох юм уу. Бодитой ажил болж чадах уу.
Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах дэд бүтэц бэлэн болсон гэсэн. Гэхдээ нэгэнт томоохон реформ хийж байгаа бол үр ашигтай данхайсан том компаниудыг яагаад энэ жагсаалтад оруулж ирсэнгүй вэ? Төрийн хэмнэлтийн тухай хууль хангалттай хэмжээнд биш байна. Ор нэр төдий зардлуудыг оруулаад иржээ. Томоохон реформын зардлууд хаана байна вэ нөхдүүд ээ.
Ерөнхийдөө том зардал нь улсын төсөв санхүүжүүлдэг төрийн бүтэц дээрээ явж байгаа шүү дээ. 50 мянган хүн тэнд ажиллаж байна. Энд Төрийн банкны захирал ирсэн байна. Хоёр жилийн өмнө 60 захирлыг нэг өдөр сольсон биз дээ. Дор хаяж 10 сая төгрөгийн цалин авдаг. Бүгд том жийп унадаг, туслах, жолоочтой. Дандаа сонгуульд ажилладаг. Нэг ч мэргэжлийн хүн байхгүй. Ийм л байдлаар төрийн өмчит компаниуд явж байгаа. Яг хэдий хэр хэмжээний хэмнэлтийг тооцсон юм. Хэдэн төгрөгөөр яаж хэмнэх юм бэ?
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Т.Доржханд гишүүнтэй урт, дунд хугацааны бодлогын хувьд санал нэг байна. Бид тэтгэврийн реформоо хийх ёстой. Нийгмийн даатгалын багц хуулиа бэлдээд өнгөрсөн оны аравдугаар сард өргөн барьсан. Төрөөс тэтгэврийн талаарх баримтлах бодлого 2015 онд батлагдсан. Ингэхдээ 2030 он гэхэд хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. 2050 он гэхэд бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэж заасан. Үүгээрээ хувиарлалтын тогтолцооноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу алсдаа шилжинэ.
Бид өнөөдөр эхлэх ёстой. 150 тэрбум төгрөгийн бололцоотой нийгмийн даатгалын сангын орлого, зарлагыг огт оролдохгүй. Нэг сая төгрөг буюу дундаж цалингаар нь авч үзээд НДШ-ийн 50 хувийг төсвөөс олгох шийдвэрт хүрсэн. Таны хэлсэн гал унтрааж байгаа бодлого гэж хэлдэг үнэн. Угаасаа л тийм.
Холбоотой мэдээ