Тойм: Д.Эрдэнэбилэгийг хорьж, Ч.Хашчулууныг томилов

Хуучирсан мэдээ: 2022.04.24-нд нийтлэгдсэн

Тойм: Д.Эрдэнэбилэгийг хорьж, Ч.Хашчулууныг томилов

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


ЗАСГИЙН ГАЗРЫН АРГАЦААСАН ШИЙДВЭРИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД ШҮҮМЖЛЭВ

 “Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал энэ сарын 7-8-ны өдрүүдэд өрнөж, үнийн өсөлтийг тогтворжуулах, НДШ-ийг бууруулах, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Хэмнэлтийн хууль баталж, төсөвт тодотгол хийх шийдэлд хүрснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Ингэхдээ  уул, уурхай, газрын тос болон төрийн алба хаагчдаас бусад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн 50 хувийг буцаан олгох шийдвэр гаргаснаа танилцуулсан.

Гэвч энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганы хуралдаанд дээрх хуулиуд орж ирэхдээ агуулга нь өөрчлөгдөж, төр, хувийн хэвшил хамаарахгүй нэг сая ба түүнээс доош орлоготой ажилчдын НДШ-ийн төлбөрийн 50 хувийг буцааж олгох болж орж ирсэн юм.

Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан шаардлагын хариуд сугалааг нь болиулж, хоёр хувийг хэвээр хадгална гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Үнэ тогтворжуулах ажлын хүрээнд шатахуун, мах, гурил, ургамлын тосны үнийг барихын тулд импортлогч, үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох аж. Ийнхүү Ерөнхий сайдын залууст өгсөн амлалт  бодит байдалд тусгалаа олохдоо гал унтрааж аргацаасан шийдвэр болчихлоо. 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ч гишүүд сая төгрөгнөөс доош цалинтай ажилчдын НДШ-ийн 50 хувийг буцаан олгох шийдвэрийг шүүмжилсэн. Тухайлбал, НДШ-ийг буцаан олгох гэж байгаа бол ажилтанд нь биш, тухайн байгууллагыг нь дэмжсэн бол бодит дэмжлэг болох байлаа гэдгийг  УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "НДШ-ийн 50 хувь бус, шимтгэлийн хувь хэмжээг нь бууруулсан бол бүх хүнд ашигтай байх байсан. Сая төгрөг хүртэлх цалинтай хүмүүс шимтгэл буцааж авна гэхээр хөдөлмөрийн ялгаа гарч байна. Сайн ажилладаг хүмүүс, тэнгэр харж цаг өнгөрөөдөг хүмүүс байгаа шүү дээ" гэж шүүмжилсэн юм.


ОУВС: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 2 ХУВИАР ӨСЧ, ИНФЛЯЦИ 15.5 ХУВЬ БАЙНА

Олон улсын валютын сан (ОУВС) улс орнуудын 2022 оны эдийн засгийн төлөвийг дөрөвдүгээр сарын 19-нд  танилцуулав. Тус банк 2022 онд дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өснө гэж таамаглажээ. Инфляцийн хувьд өндөр хөгжилтэй орнуудад 5.7 хувь, хөгжиж буй орнуудад 8.6 хувьтай байна гэж тооцсоныг "Reuters" уламжлав.

ОУВС Монгол Улсын хувьд 2022 онд эдийн засаг хоёр хувиар өсч, инфляци 15.5-тай байна гэж таамаглажээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар инфляци 14.4 хувь, Улаанбаатарт 15.8 хувьтай байсан бол хоёрдугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувийн өсөлттэй байв. Үүнд, гадаад талаас олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол, гадаад үнэ зэрэг нь импортоор дамжин нөлөөлжээ.

ОУВС-гийн тооцоолсноор, Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд улс орнуудын худалдааны хэмжээг бууруулах төлөвтэй байгаа аж. Тус сан Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 8.5 хувиар буурна гэж таамаглаж буй бол Украины эдийн засаг 35 хувиар агшина гэж тооцоолжээ. Мөн евро бүсийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулж, 2.8 хувьд хүргэснээс гадна АНУ, Хятад, Герман, Японы хэтийн төлөвийг ч мөн бууруулсан байна.


МИК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Ч.ХАШЧУЛУУНЫГ ТОМИЛОВ

Монголын ипотекийн корпораци /МИК/-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатарыг чөлөөлж түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилжээ. Тодруулбал, МИК-ийн ТУЗ хуралдаж, М.Мөнхбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.

Эдийн засагч Ч.Хашчулууны хувьд Монголдоо тэргүүлэх эдийн засагчдын нэг юм. 

МИК-тай холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайханы мэдэгдлийн дараа олны анхаарлыг татсан. Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 14-нд "Банкууд Монголын ипотекийн корпорациар /МИК/  дамжуулж ипотекийн санхүүүжилтийг хийдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох байсан ипотекийн зээл 8 хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байсан. Өнөөдөр 6 хувь болсон байгаа ч 1.6 орчим хувийн хүүг дундаас нь шимтгэл маягаар МИК авдаг"  гэж мэдээлсэн.

Үүний хариуд МИК-аас даваа гаригт /2022.4.18/ мэдээлэл хийж, Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй гэдгийг тайлбарласан. 

МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэхдээ, 

"Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү нь 8, 6, 5 хувьтай нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог.  Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг.

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм.

Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкаас худалдан авдаг. Үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг" гэв. 


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ БАРИВЧЛАН ХОРИВ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр шүүх гаргасан. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ энэ сарын 19-ны өдөр  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан.

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналаа прокуророос дөрөвдүгээр сарын 20-нд шүүхэд хүргүүлсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж