Европын холбооноос "Google", "Meta" болон бусад томоохон цахим платформуудын хууль бус контенттой тэмцэх зорилгоор шинэ дүрэм боловсруулав. Европын холбооны орнууд болон тус холбооны хууль тогтоогчид хооронд тохиролцсон шинэ дүрмийн дагуу цахим платформууд их хэмжээний торгууль төлөх эрсдэлтэй болох юм.
16 цаг гаруй хэлэлцээ хийсний эцэст дээрх тохиролцоонд хүрчээ.
Дижитал үйлчилгээний тухай хууль нь "Google", "Meta" болон АНУ-ын бусад технологийн аварга компаниудыг хянах Европын холбооны Монополийн эсрэг албаны дарга Маргрете Вестагерын стратегийн хоёр дахь шат юм.
Тэрбээр Дижитал зах зээлийн тухай хууль хэмээх чухал дүрмийг батлахад 27 орны хууль тогтоогчдын дэмжлэгийг авчээ. Найман жилийн өмнө ийм дүрэм журам гаргахыг уриалж байсан Европын холбооны хууль тогтоогч Дита Чаранзова уг хэлэлцээрийг сайшаан хүлээж авчээ.
"Хууль эцэслэн боловсруулж, хэрэгжиж эхлэхийн хэрээр нарийн ширийн асуудлууд гарч ирнэ. Бид бодлого боловсруулагчидтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэж "Google" мэдэгджээ.
Шинэ дүрмийн дагуу компаниуд дүрэм зөрчсөнийхөө төлөө торгууль төлөх ба давтан зөрчсөн тохиолдолд Европын холбоонд бизнес эрхлэх эрхгүй болж болзошгүй юм. Энэ хүрээнд, хүүхдэд чиглэсэн эсвэл шашин шүтлэг, хүйс, арьс өнгө, улс төрийн үзэл бодол гэх мэт эмзэг сэдэвт суурилсан сурталчилгааг хориглох аж. Уг хууль 2024 оноос хэрэгжинэ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ