Улаанбаатар хотын иргэдийн ундны уснаас хар тугалга болон хүнд металлууд илрээгүй болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв. Тус газрын хар тугалга, зэс, уран, хүнцэл гэх мэт хүнд металлын шинжилгээгээр төвлөрсөн ус хангамж стандартын хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баясгалан хэлэхдээ “Төвлөрсөн ус хангамжаас Улаанбаатар хотын иргэдийн 90 гаруй хувь нь ундаалдаг. Ус хангамжаас хүнд металлууд илрээгүй, стандартын хэмжээнд байгаа. Харин шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийн шугам сүлжээнд хар тугалгын агууламж стандартаас өндөр гарах тохиолдол бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар холбогдох арга хэмжээг авч, стандарт хангуулж ажилладаг” гэв.
Албаны хүмүүсийн зүгээс нийслэлийн ундны ус аюулгүй гэдгийг хэлдэг. Гэхдээ орон сууцны хорооллын айл өрх чанарын хувьд харьцангуй аюулгүй ус хэрэглэдэг.
Харин гэр хорооллын айл өрх гүний худгаас ус авахад мөн л аюул багатай ч ус зөөж буй сав, хэдий хугацаанд хадгалж хэрэглэж байна гэдгээс шалтгаалж эрүүл ахуйн асуудал үүсэх эрсдэлтэй гэдгийг “Усны төлөө нэгдэл” ТББ-ын тэргүүн З.Батбаяр хэлсэн.
Түүний өгсөн мэдээллээр гэр хороолол тэр дундаа Дамбадаржаа, Долоон буудал зэрэг байршилд орших иргэдийн хувиараа гаргасан худаг нүхэн жорлонгийн улмаас бохирдсон байдаг аж. Мөн судалгаагаар нийслэлийн 6000 орчим иргэн хотын захын булаг, рашаанаас ус хэрэглэдэг байна.
Улаанбаатар хотын 1.4 сая иргэнд газар доорх усыг хуваарилбал бид усны нөөцийн хомсдолд орсон гэнэ. Иймд усны нөөцийн сан байгуулах шаардлагатай гэдгийг тэрбээр сануулсан. Нөгөөтэйгүүр, орон нутгийн иргэд ямар ундны ус хэрэглэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой судалгаа байдаггүй аж.