Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн медальтнууд өчигдөр/2022.04.22/ тодорлоо. Эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд Б.Хулан анх удаагаа тивийн аваргадаа зодоглож, мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр хэсэгтээ дэлхийн аварга Японы Акари Фүжүнамид оноогоор (10:0) цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Санжай Шиндэг цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны ахмад бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялсан юм. Харин шигшээ барилдаанд Акаритай дахин таарч оноогоор цэвэр (0:11) ялагдснаар үзүүрлэлээ.
Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Узбекистаны Шохида Ахмедоваг оноогоор цэвэр (11:1) ялснаар тивийн аваргын хошой медальтан болж байна.
62 кг-ын жинд Токиогийн олимпод оролцсон Б.Хонгорзул хүрэл медаль хүртсэн. Тэрбээр шөвгийн наймд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа зүүж шагналын тавцанд зогсов.
Тэгвэл 65 кг-ын жинд Ө.Пүрэвсайхан тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, манай эмэгтэй бөхчүүдийн тав дахь хүрэл, ес дэх медалийг авчирлаа. Түүний хувьд тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өндөрлөж манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын барилдаанууд болно.
Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд 227 оноотой тэргүүлж, Монгол, Казахстаны багууд удаалжээ.