Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Швейцарь дахь хувийн байшин эсвэл Сибирийн цөмийн хоргодох байранд нуугдаж буй гэх цуурхалд өртөөд байсан Владимир Путины "хайрт" Москвад шинэ дүр төрхтэй дахин гарч ирэв.
Олимпийн алтан медальт, 38 настай Алина Кабаева энэ долоо хоногт Москвагийн "ВТБ" Арена цэнгэлдэх хүрээлэнд олны хараанд өртжээ. Цэнгэлдэх хүрээлэнд Алина нэртэй хандивын арга хэмжээний бэлтгэл үргэлжилж байна. Тэрбээр өсвөрийн уран сайхны гимнастикчдийн бэлтгэл дээр иржээ. Кабаевагийн зургуудыг харахад ботокс, филлер хийлгэсэн байж магадгүй гэж олон нийт таамаглав.
"Кабаевагийн царайд үнэхээр ямар нэгэн өөрчлөлт гарсан байна. Домогт тамирчин илүү үзэсгэлэнтэй болжээ" гэж Оросын "Космополитан" сэтгүүлд бичжээ.
Оросын төрийн хяналтад өртөхгүйн тулд хэвлэл мэдээлэл түүнийг Путинтэй холбохоос зайлсхийж байна. Тиймээс "Космополитан" сэтгүүл түүнийг “Манай улсын хамгийн нууцлаг эмэгтэйчүүдийн нэг" гэжээ. Телеграм суваг Толко Никому мөн Кремлийн хараанаас зайлсхийхийн тулд үгээ анхааралтай сонгож, түүнийг Путинтэй ижил гоо сайхны мэс засалчтай гэж дурдаад өнгөрчээ.
Жилд бараг найман сая фунт стерлингийн цалин авдаг Кабаевад барууны орнууд хориг тавиагүй байна. Гэвч, Швейцарийн эрх баригчид Кабаеваг улсаасаа хөөж, Орос руу албадан буцаахыг шаарджээ. Хоёр долоо хоногийн өмнө Орос, Беларусь, Украины иргэдийн гаргасан өргөдөлийн дагуу Швейцариас уг шийдвэрийг гаргасан гэж "Daily mail" мэдээллээ. Кабаеваг дарангуйлагч, дайны гэмт хэрэгтэн Путины хайртай эхнэр гэж тодорхойлсон тус өргөдөлд 73.500 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ