ТОЙМ: Би моно жүжигт хүч үзэхийг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2022.04.23-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Би моно жүжигт хүч үзэхийг хүсдэг

ТОЙМ: Би моно жүжигт хүч үзэхийг хүсдэг

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"МИК"-ИЙН ХУВЬЦААГ ЖИРИЙН ИРГЭД Ч ЭЗЭМШДЭГ"

Сэтгүүлзүйн үндсэн зарчим бол мэдээллийг тэнцвэртэй хүргэх. Хэн нэгэнд байр сууриа илэрхийлэх, өөрийгөө хамгаалах, үйл явдлыг тайлбарлах эрхийг сэтгүүлзүй олгох ёстой. Энэ үүднээс Монголын ипотекийн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа. Учир нь, Шадар сайд С.Амарсайхан “МИК дундаас нь хувь авдаггүй бол ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бага байлгах боломжтой гэсэн нь олон нийтийн дунд бас нэгэн хэрүүл, талцал үүсгээд байгаа юм.


-Шадар сайд С.Амарсайханы өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдээллээс ярилцлагаа эхэлье. “Монголын ипотекийн корпораци” иргэдэд олгож байгаа ипотекийн зээлээс ямар шалтгаанаар 1.6 хувийн хүү авдаг юм бэ?

-Орон сууцны ипотекийн хөтөлбөрт "Монголын ипотекийн корпораци" ямар үүрэгтэй байгууллага болохыг өчигдрийн хэвлэлийн хурлаас та үзсэн байхДахиад дэлгэрэнгүй мэдээлэл өгье. "МИК" нь ипотекийн зээлийн хувь, хэмжээнд нөлөөлдөг, оролцдог байгууллага биш. Хэрэв та санаж байгаа бол урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Ипотекийн зээл олгохоос өмнө иргэд орон сууц худалдаж авахдаа арилжааны банкуудын олгодог жилийн 20-30 хувийн хүүтэй зээлд хамрагддаг байсан. Арилжааны банкууд ч тэр болгон орон сууцны зээл гаргадаггүй. Яагаад гэвэл зах зээлийн хүүтэй зээлийн шаардлагыг хангасан иргэд маш цөөн, хугацаа бага учраас иргэдийн хувьд зээлийн эргэн төлөлт эдийн засгийн том дарамт болдог байлаа.

Тиймээс иргэдээ урт хугацаатай, бага хүүтэй зээлээр орон сууцжуулах АНУ, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орнуудын туршлага дээр суурилаад, 2006 онд Монголбанк, 10 арилжааны банк хамтран "Монголын ипотекийн корпораци"-ийг байгуулсан байдаг. Хүмүүс "МИК"-ийг орон сууцны зээл олгодог газар гэж ташаа ойлгодог юм байна. Манайх хувь иргэнд зээл олгодог байгууллага биш ээ. Тэр тусмаа ипотекийн зээлийн хүүг бид тогтоодоггүй. Төрийн эрх бүхий байгууллагаас хэдэн хувийн хүүтэй орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ өөрөө тогтоодог. Монголбанкнаас ямар шалгуураар олгох вэ гэсэн журмыг нь гаргаад, арилжааны банкуудад хүргүүлдэг. Арилжааны банкууд шалгуур хангасан иргэнд ипотекийн зээл олгохоо бие даан шийддэг.

-Зээлийн хүүг тогтооход танайхаас оролцдоггүй гэлээ. Тэгвэл Шадар сайд яагаад тийм буруу ташаа мэдээлэл хийсэн юм бол?

-Шадар сайдад ташаа мэдээлэл хүргүүлсэн юм болов уу даа. Бага, дунд орлоготой иргэдэд буюу зорилтот бүлгийнхэнд зориулсан Засгийн газрын хөтөлбөр болон шалгуур үзүүлэлтийг эх үүсвэр хаанаас гарч байгаагаас хамаарч Сангийн яам, Монголбанкнаас тогтоодог. Монголбанк арилжааны банкуудад хэр хэмжээний санхүүжилт өгдгийг бид мэдэхгүй, бас оролцдоггүй. Арилжааны банкууд цаашаагаа тэр шалгуурын дагуу иргэдэд зээл олгоно. Энэ бүхэнд “МИК” оролцох боломжгүй. Хүмүүс "МИК" гээд завсрын байгууллага, дундаас нь их мөнгө идээд, хожоод сууж байдаг юм байна гэсэн ойлголттой болчихлоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ДУЛАМЫН ДҮР НАМАЙГ ИХ ШАНАЛГАЖ, ЭРГЭЛЗҮҮЛСЭН"

Ажлынхаа гарааг орон нутгийн театраас эхэлж, өдгөө 12 дахь жилдээ Төв аймгийн "Монгол туургатан" театраар овоглож буй залуу жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа. Түүнийг дэлгэцийн дүрээр нь хүмүүс эчнээ таних биз. Тэрбээр үзэгчдийн санал шүүмжлэл өрнүүлж байгаа "Сүрэг" уран сайхны киноны гол дүрд тоглосон билээ. Түүний хувьд өвөөгийнхөө зам мөрийг үргэлжлүүлэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон гэдгээ хэлж байв. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Жүжигчдийн хувьд орон нутгийн театрт ажиллах төдийлөн дуртай биш байдаг. Унаган хотын охин яагаад хөдөөг,  “Монгол туургатан” театрыг сонгосон юм бэ. Хотод ажиллах боломж өөрт чинь байсан л байх?

-Би энэ тухайгаа ярих их дуртай. Анх өөрийгөө жүжигчин болж чадна гээд 2006 онд Соёл урлагийн их сургуульд /СУИС/ шалгалт өгсөн чинь хасагдчихсан. Тэр үед “Намайг яагаад хасч байгаа юм бол, намхан нуруутай болохоор хасчихлаа гэж дотроо өөрийгөө ихэд өмөөрч байлаа. Намайг арван жилийн сургуулиа төгсдөг жил 2006 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын анхны жил байсан. Тэгсэн тухайн үед СУИС-д тэнцсэн гурван хүүхэд ЭЕШ-аа өгөөгүй байсан учраас тэр орон тоон дээр нэмэлт шалгалт өгч, тэнцсэн юм. Тэгж анх есдүгээр сарын 7-нд Б.Хишигзаяа багштай жүжигчний ангид орсон юм.

Ангийн ихэнх хүүхдүүд Төв аймгийн студийнхэн маань байсан. Их сургуулиа төгсдөг жил “Монгол туургатан” театрын захирал Ч.Ганхуяг надад театртаа ажиллах санал тавьсан юм. Гэрээсээ холдож үзээгүй болохоор аав, ээж болон багшаасаа асууж, зөвшөөрөл авч байлаа.

Ангийн багш маань надад “Барын сүүл болсноос батганы толгой яв” гэж хэлээд орон нутгийн театрт ажиллахыг дэмжсэн. Тэгээд  их сургуулиа төгсөөд зургадугаар сарын 15-нд театртаа жүжигчнээр ажилд орж байлаа. Одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд 2010 оноос хойш театртаа ангийнхантайгаа хамт ажиллаж байна. Найзууд маань намайг зүрх сэтгэлээрээ дэмжиж, тусалдаг. Бид энэ жил 16 жилийн ойгоо тавдугаар сарын 18-нд тэмдэглэнэ. Ер нь энэ бүхнийг хувь тавилан гэж боддог доо.

-Театрын анхны дүрээрээ “Гэгээн муза” наадмын шагнал хүртсэн байх аа?

-Тэгсэн. Миний театрын анхны дүр бол 2010 онд тайзнаа тоглосон “Миний чин зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийн дүр байсан. Би маш их азтай. Их сургууль төгссөн жилдээ “Гэгээн муза” наадмаас “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал авсан.

Жүжигчний анхны гараа маш сайхан эхэлсэн. Шагналаа авсны  маргааш МҮОНРТ-ээс утасдаж “Амьдрал чиний төлөө” олон ангит уран сайхны киноны найруулагч байна. Өөрийг чинь дүрийн сонгон шалгаруулалтад урьж байна” гээд урилга ирүүлж байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"МОНГОЛ ХҮНИЙГ СУДАЛДАГ ДАГНАСАН ХҮРЭЭЛЭН, ИНСТИТУТ АЛГА"

Сэтгэлзүйч Г.Маралгуатай ярилцлаа.


-Өнөөгийн нийгмийн сэтгэлзүйн төлөв байдал ямархуу байна вэ?

Нийгмийн сэтгэлзүйн байдал хүний зан байдал, амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлж байдаг. Мөн нийгмийн сэтгэлзүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ч хамаатай. Түүнчлэн хүн амд хийгдэж буй судалгаа тоо баримтууд дээр үндэслэхэд ч нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь анзаарагдах болсон. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт зэрэг өссөнтэй холбоотой. Ер нь ганцхан Монголд гэлтгүй дэлхийн бусад улс оронд ч гэсэн хүмүүс сэтгэл гутрал, төрөл бүрийн сэтгэцийн эмгэгт өртөх нь ихэсч байна.

Товчхондоо иргэдийн амьдралын хэв маяг, чанарын ялгарал ихсэх тусам нийгэмд уур бухимдал стресс нэмэгддэг. Тухайн бухимдал нь нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг.

Тиймдээ ч Монголын нийгмийн сэтгэлзүй маш эмзэг байна. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд нийгэмшил гацаанд орсон. Хүн бол  нийгмийн амьтан. Тиймдээ  ч хөл хорионы улмаас нийгмээс тусгаарлагдсаны дараа рецитив үйлдэл гаргах нь ихэссэн. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн суурь сэтгэцийн эмгэгүүд нь цар тахлын дараа илүү сэдэрсэн. Энэ нь хүн бүрт харилцан адилгүй илэрнэ.

-Монгол хүний авир араншин хэчнээн эвдэрч  шунахай сэтгэл, цэвдэг араншинтай болж байгааг сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдээс харж болохоор байна. Үүнээс харахад Монгол Улс хүнийхээ хөгжлийг орхигдуулсныхаа горыг өнөөдөр амсч байх шиг ээ.

-Тийм ээ. Тантай санал нэг байна. Академик буюу дипломын боловсролоос илүүтэй хүн байх буюу хэн нэгнийг байгаагаар нь хүлээж авч хайрлах, ойлгох  нь хамгийн чухал боловсрол. Хүмүүс амьдралын талаарх боловсрол философийг эцэг эхээсээ болон нийгэм хамт олноос макро, микро түвшинд олж авдаг. Гэвч энэ түвшний хүмүүсийн мэдлэг тааруу учраас тухайн хүн өсч дэвшиж чаддаггүй. Хүн анхан шатны хэрэгцээгээ хангаж чадахгүй тохиолдолд өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Өнөөдөр, маргаашийн идэх хоол нь байхгүй байхад  өөрийгөө хөгжүүлэх талаар яаж бодох юм бэ. Тиймээс боловсролын хүртээмж маш чухал. Гадны ерөнхий боловсролын сургуулиудад /ЕБС/ сэтгэлзүйн боловсрол олгох систем бүрэлдэн тогтсон. Үерхэл, нөхөрлөлөөс эхлээд өөрийнхөө хобби, мөрөөдлийг олоход нь боловсролын систем нь тусалдаг. Энэ аргачлалыг Монголд нэвтрүүлэхэд маш их цаг хугацаа шаардагдана. Хамгийн гол нь Монгол хүмүүсийнхээ онцлогыг судлах хэрэгтэй. Монголын ЕБС-иуд сурагчдад амьдралын утга учрыг тайлбарладаг ч зөв хүн байхын тулд эрсдэлтэй хүчин зүйлүүдээс өөрийгөө хэрхэн авч гарах хамгаалалтыг зааж өгдөггүй. Тиймдээ ч хүүхдүүд сайн, муу бүх зүйлийг шууд хүлээж авдаг. Сайныг нь ойлгуулахын тулд мууг хүлээж авахгүй байх хамгаалалтыг нь суулгах ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ҮНЭТ ОЛДВОРУУДЫГ ПОДВАЛЬД ХАДГАЛАХАА БОЛЬСОН"

Буурал түүхийн улбаа болсон булш хиргисүүр, алт, мөнгөн эдлэл чимгээр бид археологийн олдворыг төсөөлдөг нь нууц биш. Эрт үеэс өвөг дээдсийн үлдээсэн өв соёл, үнэт зүйлээр монголчууд бид дэлхийд гайхагдах хэмжээний үнэт зүйлстэйг батлах цөөнгүй олдвор бий. Сануулбал, Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас 2016 онд “Адидас гуталтай эмэгтэй”, 2019 онд 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос, 2020 онд “Луут хотын туурь” зэрэг нь дэлхийг шуугиулж байв. Гэвч цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд археологийн салбар тэг зогссон. Өнөөдөр дэлхийд гайхагдах олдворуудын малтлага судалгаа хэрхэн үргэлжилж байгаа талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнтэй ярилцлаа.


Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жил археологийн судалгаа хумигдаж, томоохон хэмжээний малтлагууд зогссон. Одоо малтлага судалгааны ажлууд эхэлсэн үү. Гадаадын улс орнуудаас малтлага судалгааны чиглэлээр хамтран ажиллах төслүүд ирж байна уу?

-Монголын археологийн салбарын онцлог гэх үү, улсаас бага анхаарал хандуулж ирсэн. Тиймээс ч жил бүр хэрэгжиж буй археологийн судалгааны төслүүдийн дийлэнх нь гадаадын мэргэжлийн байгууллага, судлаачдын санхүүжилтээр хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж, төрөөс археологи, соёлын өвийн салбарт анхаарал хандуулах болсон нь сайшаалтай. Гэхдээ сүүлийн 30 жил уламжлал болоод буй санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдөж чадаагүй хэвээр байна. Монголын археологийн салбарын санхүүжилт ихэвчлэн гадаадын санхүүгийн дэмжлэгтэй хэрэгждэг тул манай салбар цар тахалд хамгийн их өртөж байгаа гэж хэлж болно. Энэ жилээс өмнө нь хэрэгжиж байсан төслүүд үргэлжилнэ. Мөн шинэ төслүүд ч бас хэрэгжиж эхлэхээр яригдаж,  эхнээсээ гэрээ байгуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байгаа шүү.

-Археологийн судалгааны гол зорилго, ач холбогдол юунд байдаг вэ?

-Археологийн судалгаа бүр өөр өөрийн онцлог, тусгайлсан зорилготой байдаг. Ерөнхийдөө археологи гэдэг утгаар нь авч үзвэл эртний хүмүүсийн ахуй, соёлыг биет олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээн ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Археологи нь биет олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалгаа хийдэг тул харьцангуй үнэн мэдээлэл өгдөг. Энэ ч утгаараа чулуун зэвсгийн үеэс орчин үеийг хүртэлх асар өргөн цаг хугацааны асуудлыг авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Мөн бүхий л сэдэвтэй холбогдох судалгааны өргөн хүрээтэй. Үүнээс гадна шинжлэх ухааны бүх салбартай холбогдож, ололттой талуудыг нь ашиглаж судалгаа хийх боломжтой. Үүгээрээ бусад салбараас онцлог.

Өөрөөр хэлбэл, археологид цаг хугацааны болон сэдвийн хязгаар байхгүй. Өөрөөр хэлбэл, Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн хоол хүнс, хүрэл зэвсгийн үеийн олон янзын дурсгалыг үлдээгчдийн угсаа гарвал, дүр төрх, хүннүчүүдийн гадаад харилцаа, Түрэгийн үеийн урлагийн ойлголт, дундад зууны үеийн хотын оршин суугчдын хогны асуудал, Монголын эзэнт гүрний үеийн худалдаа арилжааны цар хүрээ гэх мэт сонирхсон бүхий л асуудлаар археологийн судалгаа хийж болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ДУУГ ПЯНЗААР НЭГ СОНСВОЛ ДАХИН ӨӨР ХӨГЖМӨӨР СОНСОХ ХҮСЭЛГҮЙ БОЛДОГ"

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарийн Цогтбаяртай ярилцлаа.


-Пянзны талаар залуу үеийнхэн тэр бүр сайн мэдэхгүй. Монголд пянз хэзээ хэрэглээнд нэвтэрсэн бэ, түүхээс нь хуваалцаач?

-Пянз бол өөрөө шинэ зүйл биш. Анх хүн төрөлхтөн дуу авиаг пянзанд хураах нээлт гарч улмаар дэлхий дахин худалдаанд гарч борлуулж эхэлсэн. Үүний дараагаар Монголд ч гэсэн пянз орж ирсэн. Жишээ нь, АНУ-ын эрдэмтэн Рой Чапман Эндрюсын Монголд хийсэн судалгааны үеэр зуугаад жилийн өмнө монголчууд пянз хөгжим сонсож байсныг гэрчлэх баримт, гэрэл зургууд олон байдаг. Тухайн үеийн Богдийн ордон, хаад ноёдын гэрт монголчуудын хэлж заншсанаар “Эгшигт тоглуулагч” байсан  нотолгоо олон бий. Монгол дуу хөгжим бол 1930-аад оноос пянзанд бууж эхэлсэн. Өнөө үед үүнийг гар дээр бэлнээр олоход их ховор болсон. Монголын пянзны оргил үе гэвэл 1970 1980 оныг хэлж болно. Тухайн үед 300 гаруй пянз гарсан байдаг. Үүний дараагаар дэлхий даяар хөгжмийн урлаг дижитал хэлбэрт шилжиж улмаар Монгол ч гэсэн 1990 он гэхэд пянз байхгүй болсон. Тухайн цаг үеэс хойш төрсөн хүүхдүүд пянз сонсолгүй бүхэл бүтэн 30-40 нас хүрчиж байгаа юм. Манай пянз цуглуулагчдын клубыг пянз сонсч өсөөгүй үеийнхэнд пянзыг танилцуулах, үзэж өссөн хүмүүс эргээд цуглуулж эхлэж бусдад танилцуулах зорилгоор байгуулсан.

-“Vinyl & Music” арга хэмжээг зохион байгуулж буйн зорилго нь юу вэ?

-Бид  Пянз цуглуулагчдын клуб болон "Галлериа Улаанбаатар" төвтэй  хамтраад пянз цуглуулагчдийн өдөрлөг зохион байгууллаа. Өмнө нь бид нар “Vinyl Fair” фестивалыг зохион байгуулж байсан. Хөл хорионы дараа анх удаа өргөн хэмжээний цугларалт хийж байна. Энэ хооронд маш олон дэлгүүр нээгдэж, бизнес утгаараа хөгжсөн байна. Үүнийг арилжаа наймаа гэх утгаасаа гадна их хотын хөгжмийн соёлыг түгээж байна гэж ойлгож болно.

-Сүүлийн хэдэн жилийн хугацаанд пянзыг сонирхох хүмүүс нэмэгдсэн гэж ажиглагдаж байна. Хаа нэг газар очиход ч тэр, цахим орчинд ч пянзны талаар ярилцаж байгаа нь анзаарагдах боллоо. Энэ зөвхөн надад ингэж санагдаж байна уу, эсвэл үнэхээр Монголд пянз сонирхогчдийн тоо нэмэгдэж байна уу?

-Нөлөөлөл өөрт чинь хүрч байна гэсэн үг. Магадгүй та удахгүй пянз сонсож үзмээр, худалдаж авмаар санагдана. Үүний сайхныг мэдэрнэ, салахаа байна гэдэг чинь зөв нөлөөлөл хүмүүст хүрч байгаа болохын илрэл юм. Тиймээс бид нар үүний төлөө л ажиллаж байна. Яагаад гэвэл бид тэр таашаалыг бусадтайгаа хуваалцъя гэдэг зорилготой юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж