Гишүүд Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Гишүүд Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэв

Гишүүд Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэв

УИХ-ын чуулганаар  2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг оруулж ирээгүйд гишүүд ундууцаж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэв. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-LRT төслийг хассан учраас хуулийг дэмжихэд хэцүү байна. Ч.Хүрэлбаатар та өөрөө техник эдийн засгийн үндэслэлийг унш аа. Битгий индэр ашиглаж иргэдийн толгойг угаагаад бай. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газар бонд гаргах гэж байгаа аятай юм ярилаа. ТЭЗҮ нь хийгдээд дууссан. 926 сая ам.доллараар хийнэ. Үүний  510 саяыг Засгийн газар баталгаа гаргаж өгөх л асуудал яригдаж байна.  Гэсэн  ч өрийн босго давлаа гээд хүмүүсийг айлгаад байх юм. Та ажлаа хий. Төсвийн байнгын хороо ард иргэдийн хүсч байгаа төсөл арга хэмжээг Засгийн газартай хамтраад хийх л ёстой. Ч.Хүрэлбаатар дарга бүх зүйлийг  болохгүй гэх юм. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан шүү дээ.  Хоёрын хооронд явцуу эрх ашгийнхаа үүднээс асуудалд битгий хандаад бай. Төрд дөрвөн удаа суусан. Одоо дахиад хоёр жил сууна гэнэ үү. Нийслэл хотын иргэд хүн биш, Увсын иргэд хүн юм уу. Больж үз та. Нийслэл хотын иргэдийн эрх ашгийг хангасан том бүтээн байгуулалтын ажил хийх гэхээр Увсын хэдэн нөхдөөс болж ажил урагшлахгүй байна. УИХ-ын индэрийг ашиглаж нийслэл хотын эрх ашгийг хохироох хэрэггүй.  Би ярих юм аа Ч.Хүрэлбаатар чамаар  заалгахгүй. Би нийслэл хотын иргэдийн эрх ашгийн төлөө л дуугарч байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор асуудлыг дахин хэлэлцэж төслийг оруулж ирэхгүй бол эсхүл Ч.Хүрэлбаатар даргыг төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөхгүй бол түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Үүнийг албан ёсоор хэлье. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Нийслэлийн түгжрэл улсын асуудал болсон гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түгжрэл бөөгнөрөлтэй бид дайн зарлачхаад байгаа. Энэ дайнд бид ялагдаж яваа. Шийдлүүдийн нэг нь нийтийн тээврийн хэрэгслийн, замын асуудлууд. Үүний тулд хөнгөн галт тэргийн шийдлийг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийсэн. Өрийн таазтай холбогдуулаад түр хороон дээр ч тайлбараа хийсэн. Гэтэл төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга ярьж байгаад аваад үлдчихсэн. Бидний зовлон түгжрэл биш юм уу.  Төсвийн байнгын хорооны 19 гишүүнээс дөрвөн нь нийслэлийнх. Том мөнгөөр том асуудал шийдэгдэнэ. 

Эрх баригчид нийслэл хотод  хэдэн автобус авч ирээд  болчих юм уу. Түр хороо чинь муу ч сайн ч байнгын хорооны дайтай. Дараагийн том жагсаал түгжрэлтэй холбоотойгоор болох байх. Би ард түмний төлөөлөгч болохоос энд хэн нэгний албат бол биш.  Түгжрэл бөөгнөрлөө шийдэж чадахгүй бол ард түмэнтэйгээ бид жагсах ёстой. УИХ дотор асуудал шийдэхгүй байгаа хүмүүстэй тэмцэх нь чухал.  Мануухай болж суух гээгүй. Би хувийн асуудлаа яриагүй. Яагаад Монголыг хорлодог хүмүүс энд сонгогдчхов оо. Нийслэл хотын хөгжлийг гацаагч хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Алхам тутамд ил, далд байдлаар гацаадаг. Ерөнхий сайдынхаа бодлогыг унагаж байгаа чинь бодлого юм уу? 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Түгжрэлийг бууруулах LRT төслийг оруулж ирээгүй  учраас Төсвийн тодотголыг дэмжихгүй. Төр 500 сая ам.долларын төсөлд  баталгаа гаргах нь аюултай  гэж ойлгож болохгүй. Хэдэн тоо баримт дурдахад, нийслэл хотын түгжрэлийн улмаас алдагдаж байгаа эдийн засгийн  боломжийг тооцоход жилд 100 сая ам.долларын шатахуун, алдагдсан цаг хугацаагаар нь тооцвол нэг жилд 2.7 тэрбум ам.доллар алдаж байна. Ирэх таван жилийн хугацаанд мөнгөн дүнгээр авч үзвэл 8.5 тэрбум ам.долларын алдагдал гарна. 2024 он гэхэд Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Энийг бид одоо л шийдвэрлэхгүй бол оройтно. Засгийн газраар хэлэлцээд Ерөнхий сайд Хятадад айлчлал хийх үеэр айлын талтай тохирсон асуудал шүү дээ. Мөн УИХ-ын нийслэл Улаанбаатар  хотын хөгжлийн түр хороон дээр энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Эрх барьж байгаа олонхын бүлэг дэмжихгүй унагаах юм уу ? Парламент олонх, цөөнхөөрөө үзэл бодол, хандлагын зодоон хийдэг байсан чинь одоо хот, хөдөөгөөрөө зодолдох нь. Зодолдвол бас үзэх л байх л даа. Би бол үзэлцэхэд бэлэн байна шүү. Хэрэв энэ асуудлыг шийдэхгүй бол эрх барьж байгаа МАН юу хийлээ гэж сонгуульд орох гэж байгаа юм. Нэг, нэгнийхээ ажлыг гацааж болохгүй. 

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Хотоос сонгогдсон гишүүд эмоцитой  ярьж байна. Танай Увсынхан л гэнэ. Арай  ч ингэж ярьж болохгүй байх. Үнэндээ асуудал зарчимдаа л байгаа. Монгол Улсын эрх ашиг уу 3.6 сая иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих үндсэн зарчмын асуудлаа л ярьж байна. Тийм биш бол яах гэж  бид Төсвийн тогтвортой байдал болон Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан юм. Төсвийн тодотголын хүрээнд  3.5 тэрбум ам.долларын Засгийн газрын баталгаа гаргах агуулгатай тогтоолыг оруулаад ирсэн. Та нар сайн уншаад үзвэл арван жилийн хугацаанд төсвийг төлөвлөсөн. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Бүгд өрийн босгод санаа зовж байгаагаа хэлдэг. Сонгууль дөхөхөөр Монгол Улсын нэг иргэн тэдэн сая төгрөгийн өртэй гээд ярьцгаадаг. Тэгсэн мөртлөө одоо хамаагүй. Хуулиа өөрчилж байгаад батална гэж дайрч байна. Яаж ингэж хэлж чаддаг юм бэ та нар. Монгол Улсын гадаад өр аюулын харанга дэгдэхэд ойрхон байна. Ийм үед гадаад зээлд ач холбогдол өгөх ёстой.

Нийслэлийн түгжрэлд санаа зовохгүй хүн 76 гишүүн битгий хэл Монгол Улсад  ганц ч хүн байхгүй. Бүгд л санаа зовж байна. Шийдлээ л зөв олох ёстой. Нөгөө яриад байсан дүүжин тээвэр хаана байна нийслэлийнхээн. УИХ зээлийг нь баталсан шүү дээ.  Ер нь хэн чанга ярьж, доромжилсных нь үгээр шийдвэр явна ч гэж байхгүй. Хуулиа л дагана. Айлгаж, сүрдүүлж, шантааж хийдэг сэдэв ч бас биш. Хуулиа өөрчлөх юм бол баталж яах юм.  Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах юм уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж