Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд барагдуулахад хамтран ажиллах хүсэлтийг Худалдаа Хөгжлийн банк /ХХБ/-нд гаргажээ. Тус банкнаас дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн хүсэлт гаргаж, үүсээд байгаа асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдэх саналаа уламжилсан байна.
Тус саналд, “Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ. Харилцагчийн зүгээс Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 4-р сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус компани болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудалд манай банкны дэмжлэгийг хүсч тус банк болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтарч ажиллах саналыг ирүүллээ. Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна. Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн байна.
Кью Эс Си ХХК, болон Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөгжлийн банкны зээлийг нэн даруй төлөх, төрийг хохиролгүй болгох талаар ажиллахаа мэдэгджээ.