Цар тахалтай дайн дажин хавсарч, үнийн өсөлт инфляцийн дарамтыг бууруулахын тулд төр бүхий л “тансаг” зардлаа хэмнэхээр болж буй. Энэ үүднээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон.
Мөн Дэлхийн банкнаас Монголын эдийн засагт реформ хийх нь чухал гэдгийг сануулж буй юм.
Үүнтэй холбогдуулан эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.
УЛСЫН ТӨСВИЙГ ИЛҮҮ ҮР АШИГТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Улсын төсөвт тодотгол хийх 2-3 шаардлага байна. Хууль болон эдийн засгийн талаас төсөвт тодотгол хийх шаардлага байгаа гэж би харж байна. Нэгдүгээрт, улсын төсвийн орлого тасалдах магадлал өндөр болсон. Хоёрдугаарт, 2022 оны улсын төсөв цар тахлын үеэс шалтгаалсан хямрал, дайны нөхцөл байдлын үед тохирсон төсөв мөн үү гэдэгт эргэлзэж байгаа юм. Өнгөрсөн онд улсын төсвийг өөдрөг харсан учраас алдагдал их, орлогоо өөдрөгөөр төлөвлөсөн, хөрөнгө оруулалтын зардал өндөртэй болсон. Өнөөдөр улсын төсвийн орлого тасалдах эрсдэлтэй болсон төдийгүй өнөөгийн нөхцөл байдлыг харсан ч тэр улсын төсөвт дахин тодотгол хийхийг дэмжиж байна. Ингэснээр бид төсөв мөнгөний бодлогоо зөв зохицуулах шаардлага гарна.
Үрэлгэн зарлагагүй, төсвийг илүү үр ашигтай болгох нь зүйтэй гэж харж байна. Ерөнхийдөө улсын төсөв нь үр ашигтай биш учраас дахин тодотгол хийх хэрэгтэй. Халамж, иргэдэд олгох дэмжлэг улс орны эдийн засгийг илүү хүндрүүлэх магадлалтай тул төсөвт тодотгол хийсний дараа эдийн засагт үр ашигтай нөхцөл байдал бий болгох тухайд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Дэлхийн банкнаас эдийн засгийн бүтцийн хувьд өөрчлөлт хийх шаардлагатайг маш удаан сануулж байна. Үүнтэй санал нэг байна.
ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЖ БАЙЖ ХЯМРАЛЫГ ДАВНА ГЭДЭГ МАШ БУРУУ ОЙЛГОЛТ
Эдийн засагч Н.ЭНХБАЯР:
-Бид 2021 оны эцэст экспорт нэмэгдэж эдийн засаг сэргэнэ гэж таамаглаж байсан ч биелсэнгүй. Зарим судлаачдын гаргасан дүгнэлтээр урд хөрш “zero Covid” бодлого энэ оны гуравдугаар улирлын эцэс хүртэл үргэлжилж болзошгүй байна. Бид экспортоо нэмэгдүүлэхээр хичээж байгаа ч нэг сард 2-3 сая тонн нүүрс нийлүүлдэг үетэй харьцуулахад хангалтгүй байна. Иймд экспортын нөхцөл сайжраагүй нөхцөлд бид өндөр хэмжээний төсвийн зарлага гаргаж чадахгүй. Төсөв бидний төлөвлөснөөс илүү алдагдалтай гарахаар байна. Тэгэхээр бид төсөвт зайлшгүй дахин тодотгол хийхээс өөр аргагүй. Үүнийг ОУВС, Дэлхийн банк ч сануулж байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Эдийн засгийн бүтцээр нь харвал төрөлжөөгүй учраас гадаад зах зээлд маш амархан нэрвэгдэж байна. Гэтэл Вьетнам улс эдийн засгийн бүтэц нь зөв учраас өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай улстай адил асуудалтай байсан ч эдийн засаг нь буураагүй. Түүхий эдээс хамааралгүй учраас эдийн засаг нь хямраагүй. Эсрэгээрээ Монгол Улс эдийн засаг нь түүхий эд, гадаад зах зээлээс хамааралтай. Тиймээс бид макро эдийн засгаа маш болгоомжтой ухаалаг авч явах шаардлага байна. Харамсалтай нь, 2019 оны экспортын үетэйгээ харьцуулж 2020, 2022 онд өөдрөгөөр төсөөлж 40 сая, 36 сая тонн нүүрс экспортлоно гэж ирсэн. Энэ төсөөлөл үнэхээр алдаатай байна.
Одоо л бид ойлгож, төсвийн тодотгол хийх тухай ярьж байна. Өнгөрсөн жил төсөвт тодотгол хийх шаардлагатай байсан ч Сангийн сайд хийгээгүй. Энэ жил бид төсөв мөнгөний бодлогод яаралтай залруулга хийх ёстой. Эдийн засаг тэлж байж хямралыг давна гэдэг маш буруу ойлголт. Одоо хүндрэлийг яаж даван туулах вэ гэдгийг бодох ёстой болохоос өнгөрсөн жилийнх шиг эдийн засгаа тэлж хямралыг давах боломжгүй. Гадаад худалдаа нь түгжигдсэн, орлого нь багассан улсын хувьд эдийн засгийг тэлэх боломжгүй.
Олон улсын валютын сангаас Монгол Улсын эдийн засгийн бүтэц буруу байгаа тул сайжруулахыг 2017 оноос хойш хэлж байна. Ийм нөхцөлд төсвийн зарлагын дээд хязгаар хэд байх вэ гэдгийг бид тооцох ёстой. Эдийн засаг бат бэх биш савлагаатай нөхцөлд өөдрөг төсөөллөөр төсвийн тодотгол хийж болохгүй. Үүнийг Олон улсын валютын сангаас 2017 оноос хойш сануулж хэлсээр байна. Гэтэл улс төрчид олон улсын байгууллагын зөвлөмжийг авахгүйгээр амлалт биелүүлэхийн төлөө явсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
2017-2019 онд эдийн засгаа сэргээхдээ тогтвортой хадгалах ёстой байтал мөнгөний урсгалын хэрээр бүх мөнгөө үрдэг. Эдийн засаг нь хүндрэхээр ОУВС-д ханддаг. Энэ бол улстөрчдийн харалган бодлого. Тэгэхээр зөвхөн улсын төсөвт тодотгол хийх бус алдаатай төсөв баталж байгаа алдаагаа засах ёстой. Айхтар хөгжлийн загвар яриад хэрэггүй.
Холбоотой мэдээ