Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг болиулна гэж мэдэгдсэн. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь далд байна гэж тооцож байна. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67 хувьд хүрсэн. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10 хувьд хүрч, агштал НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг хөдөлгөхгүй" гэж онцолж байв.
Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлэл өгөхдөө "Монголд НӨАТ-ын систем анх 1997 онд нэвтэрсэн. Тэр үед 15 хувьтай хэрэгжиж байсан. НӨАТ-ын систем 2006 он хүртэл хэрэгжихдээ тухайн цаг үеийнхээ үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд 2006 ондоо 4:10 системд орох төсөв, эдийн засгийн боломжийг үүсгэж, 10 хувьтай болсон. Тэр цагаас хойш 2015 онд НӨАТ-ын систем шинэчлэгдэж, иргэдэд хоёр хувийн урамшууллын систем бий болсон.
Хүмүүсийн мэддэгээр И-Баримтын систем болсон. Дэлхий нийтэд НӨАТ-д бүртгэлтэй 190 улсаас 160-д нь байдаг. НӨАТ-гүй улс орнууд арлын жижиг цөөн орон байдаг. Тэр дунд Монголын найман хувийн НӨАТ-аас бага нь 10 орчим улс бий. Манай улс шиг иргэдийн төлсөн НӨАТ-ыг буцаан олгодог нь гарын 10 хуруунд багтана. Жишээлбэл, Бразил улс 15 хувийн НӨАТ-тай. Харин иргэдэд нэг хувийн буцаан олголт өгдөг.
НӨАТ-ын нийт орлого 3.7 их наяд төгрөг байдаг. Энэ бол төсвийн 22 орчим хувь. Дэлхийн дундаж 21-37 хувьтай байдаг. Зах зээл дээр хэвлэгдсэн И-баримтын 11 орчим хувь нь НӨАТ-гүй байдаг. Энэ баримтуудыг тодорхой хэмжээнд бүртгэлжүүлэх зорилгоор сугалааг 2017 оноос хойш таван жил хэрэгжүүлсэн. Бид олон нийтийн санал шүүмжлэлийг харгалзан үр дүнгээ дүгнэж, сугалааны тохирлыг болиулах шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан.
НӨАТ-ын сугалаа анх гарсан цагаас хойш маш их гомдол санал ирж байсан. Тухай бүрт нь татвар болон цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Ямар нэгэн зөрчил илрээгүй. И-баримтын системийг өнгөрсөн оны сүүлээс олон улсын мэдээллийн системийн аюулгүй байдлын стандартад шилжүүлсэн. Байнгын шалгалтад орж байсан систем учраас асуудал үүсч байгаагүй.
Хоёр хувийн буцаан олголтыг харвал, 2022 оны нэгдүгээр улиралын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг. Улиралд дунджаар тав орчим сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүст хоёр хувийн буцаан олголтын буцаалт харьцангуй бага дүнгээр очно. Харин өндөр хэмжээний орлоготой өрхүүдийг судлах хэрэгтэй.
Өндөр үнэтэй байр авсан хоёр хүний буцаан олголтын хоёр хувийг тав болговол нэмэгдэнэ. Тэрбум төгрөгийн байр авсан хүн 20 сая төгрөг авч байсан бол 50 сая болно. Нөгөө талдаа өрхийн дундаж статистикийн зардал сард 1.3 сая байдаг. Нийт массыг хамарсан өрхүүдийн хувьд хоёр хувийн буцаалтыг нэмэх нь төдийлөн мөнгөн дэмжлэг болохгүй. Хэрэглээ өндөр хүмүүсийн гар дээр мөнгө нь очих бодлого болно. Хоёрдугаарт, төсөв талдаа хүндрэлтэй" гэв.
НӨАТ-ын 2022 оны эхний улирлын буцаан олголт ирэх долоо хоногт орно гэдгийг хэлсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ