"Үнэт олдворуудыг подвальд хадгалахаа больсон"

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

"Үнэт олдворуудыг подвальд хадгалахаа больсон"

"Үнэт олдворуудыг подвальд хадгалахаа больсон"

Буурал түүхийн улбаа болсон булш хиргисүүр, алт, мөнгөн эдлэл чимгээр бид археологийн олдворыг төсөөлдөг нь нууц биш. Эрт үеэс өвөг дээдсийн үлдээсэн өв соёл, үнэт зүйлээр монголчууд бид дэлхийд гайхагдах хэмжээний үнэт зүйлстэйг батлах цөөнгүй олдвор бий. Сануулбал, Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас 2016 онд “Адидас гуталтай эмэгтэй”, 2019 онд 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос, 2020 онд “Луут хотын туурь” зэрэг нь дэлхийг шуугиулж байв. Гэвч цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд археологийн салбар тэг зогссон. Өнөөдөр дэлхийд гайхагдах олдворуудын малтлага судалгаа хэрхэн үргэлжилж байгаа талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнтэй ярилцлаа.


Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жил археологийн судалгаа хумигдаж, томоохон хэмжээний малтлагууд зогссон. Одоо малтлага судалгааны ажлууд эхэлсэн үү. Гадаадын улс орнуудаас малтлага судалгааны чиглэлээр хамтран ажиллах төслүүд ирж байна уу?

-Монголын археологийн салбарын онцлог гэх үү, улсаас бага анхаарал хандуулж ирсэн. Тиймээс ч жил бүр хэрэгжиж буй археологийн судалгааны төслүүдийн дийлэнх нь гадаадын мэргэжлийн байгууллага, судлаачдын санхүүжилтээр хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж, төрөөс археологи, соёлын өвийн салбарт анхаарал хандуулах болсон нь сайшаалтай. Гэхдээ сүүлийн 30 жил уламжлал болоод буй санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдөж чадаагүй хэвээр байна. Монголын археологийн салбарын санхүүжилт ихэвчлэн гадаадын санхүүгийн дэмжлэгтэй хэрэгждэг тул манай салбар цар тахалд хамгийн их өртөж байгаа гэж хэлж болно. Энэ жилээс өмнө нь хэрэгжиж байсан төслүүд үргэлжилнэ. Мөн шинэ төслүүд ч бас хэрэгжиж эхлэхээр яригдаж,  эхнээсээ гэрээ байгуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй өөдрөгөөр төсөөлж байгаа шүү.

-Археологийн судалгааны гол зорилго, ач холбогдол юунд байдаг вэ?

-Археологийн судалгаа бүр өөр өөрийн онцлог, тусгайлсан зорилготой байдаг. Ерөнхийдөө археологи гэдэг утгаар нь авч үзвэл эртний хүмүүсийн ахуй, соёлыг биет олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээн ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Археологи нь биет олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан судалгаа хийдэг тул харьцангуй үнэн мэдээлэл өгдөг. Энэ ч утгаараа чулуун зэвсгийн үеэс орчин үеийг хүртэлх асар өргөн цаг хугацааны асуудлыг авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Мөн бүхий л сэдэвтэй холбогдох судалгааны өргөн хүрээтэй. Үүнээс гадна шинжлэх ухааны бүх салбартай холбогдож, ололттой талуудыг нь ашиглаж судалгаа хийх боломжтой. Үүгээрээ бусад салбараас онцлог.

Өөрөөр хэлбэл, археологид цаг хугацааны болон сэдвийн хязгаар байхгүй. Өөрөөр хэлбэл, Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн хоол хүнс, хүрэл зэвсгийн үеийн олон янзын дурсгалыг үлдээгчдийн угсаа гарвал, дүр төрх, хүннүчүүдийн гадаад харилцаа, Түрэгийн үеийн урлагийн ойлголт, дундад зууны үеийн хотын оршин суугчдын хогны асуудал, Монголын эзэнт гүрний үеийн худалдаа арилжааны цар хүрээ гэх мэт сонирхсон бүхий л асуудлаар археологийн судалгаа хийж болно.

Мөн генетикийн ухааны аргаар хүний угсаа гарал, холбоо хамаарал, изотопын задлан шинжилгээгээр эртний хүмүүсийн хоол хүнсний төрөл, агууламжийг хүртэл судалж байна. Монгол шиг бичгийн сурвалж багатай улсын хувьд одоо түүхийн шинэ үр дүнг археологиос л хүлээх боломжтой юм.

Бичгийн сурвалжийн мэдээ тэр бүр үнэн байхгүй. Тэгэхээр түүнийг харьцуулах, лавлан шалгах боломжийг археологийн хэрэглэгдэхүүн л олгоно. Эндээс харахад археологийн судалгаа ямар чухал ач холбогдолтой болох нь төвөггүй ойлгогдож байгаа байх аа.

 30 МЯНГАН ЖИЛИЙН ӨМНӨ МӨХСӨН ЭРТНИЙ ТЭМЭЭНИЙ ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛСЭН

-Монголчууд гадныхны нүдийг хужирлах дэлхийд гайхагдсан олдворуудаар баялаг. Тухайлбал, “Адидас гуталтай эмэгтэй”, Луут хотын дурсгал, ваар дүүрэн өрөм, шар тос, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг тоолж баршгүй. Хамгийн сүүлд судалж буй олдворуудаас сонирхуулж жишээ татвал?

-Монгол орон түүхийн бүхий л цаг хугацаанд нүүдэлчдийн цөм байж ирсэн. Эрт үеэс Хүннү, Жужан, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрэн Монголын нутагт төвлөрч, дэлхийд нэрээ дуурсгасан түүхтэй. Эл эзэнт гүрнүүдийн талаар бичгийн сурвалж, баримт байдаг ч ихэвчлэн тэдний дайсан болсон суурин иргэдийн тэмдэглэл, түүхийн зохиолууд юм. Дайсныхаа талаар бичсэн болохоор агуулгад нь алдаа оноо их бий. Үүнийг залруулахад археологийн олдвор чухал ач холбоотой.

Түүх, соёлын дурсгалт олдворуудыг жил бүр илрүүлэхийн хэрээр Монголын түүх, соёл баяжиж байна. Иргэдийн хувьд алт, мөнгөөр хийсэн гоёмсог зүйлс, ховор сонин эдлэлүүд сонирхолтой байдаг бол археологичдын хувьд бүх олдвор үнэ цэнтэй чухал.

Тухайлбал, манай археологийн хүрээлэнгийн судлаачид Оросын археологичидтой хамтран Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт буй Цагаан агуйн дурсгалын малтлагыг өнгөрсөн онд явуулсан. Уг малтлагаас тэмээний мөчний ясны хугархай илэрсэн. Энэ бол энгийн хүн харахад зүгээр нэг хөсрий яс мэт боловч одоо мөхөж үгүй болсон эртний тэмээнийх болох нь судалгаагаар тогтоогдсон.

Тодруулбал, кноблохын тэмээ нь орчин үеийн тэмээнээс хоёр дахин том биетэй байж. Энэ төрлийн тэмээг 30 мянга орчим жилийн өмнө мөхсөн гэж үздэг бөгөөд манай нутагт байсныг тогтоосон. Цаашлаад тухайн үеийн байгаль орчин, хүмүүсийн бие бялдар, хоол хүнсний асуудлыг тодруулахад ч чухал мэдээлэл өгөх хэрэглэгдэхүүн болсон.

Энэ судалгаа өнгөрсөн жилийн дэлхийн анхаарал татсан 10 чухал нээлтийн нэгээр нэрлэгдсэн. Энэ мэтээр жил бүр сонирхол татах, чухал ач холбогдолтой олдвор шинээр илэрч байдаг.

-Олон зуун жилийн өмнөх эдгээр дурсгалыг судлахын наана илрүүлэх, малтаж гаргах гээд маш их хөдөлмөр хүч, цаг хугацаа шаарддаг нь тодорхой. Иймэрхүү дурсгалууд ойролцоогоор хэдэн метрийн гүнд хадгалагдсан байдаг вэ?

-Дурсгал бүрийн хэлбэр, бүтэц харилцан адилгүй. Иймд олдворууд байршиж буй газрын гүнийг шууд хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ чулуун зэвсгийн үеийн дурсгалт олдворууд газрын өнгөрсөн хөрсөн дээр ил байдаг нь нийтлэг.

Монгол Улсын ихэнх чулуун зэвсгийн үеийн дурсгалууд ийм ил суурин хэлбэртэй. Харин Хүннүгийн язгууртны булшууд асар гүн нүхэнд байх жишээтэй. Хүннүгийн язгууртны булшны нүх дунджаар 20 гаруй метр гүн. Үүнийг орон сууцтай харьцуулбал 5-6 давхар байр гэсэн үг.  

Олдвор эд зүйлсийн хадгалагдах гүн нь дурсгалын онцлогтой төдийгүй хадгалалтын байдалд оршин байгаа хэсэг нь шууд нөлөөлдөг. Жишээ нь, өндөр уулын бүсэд, цэвдэгтэй хөрсөнд эд зүйлс илүү сайн хадгалагдсан байдаг. Мөн хээр талын бүс хуурай хөрстэй тул хадгалалт сайн байх тохиолдол ч бий. Ерөнхийдөө Монголын хөрс хуурай тул хүний яс зэрэг органик зүйлс харьцангуй сайн хадгалагддаг онцлогтой. Тиймээс Монгол Улсын хувьд, органик олдвор нь судалгаагаар хөрш бүс нутгуудаас илүү мэдээлэл агуулдаг.

-Археологийн салбар өртөг өндөр, бас эдийн засагт үр өгөөжтэй. Гэхдээ хав дарж хадгалах бус, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гарц бий юу?

-Археологийн судалгаа өртөг өндөр гэдгийг нэг талаараа шууд хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй. Аливаа шинжлэх ухааны судалгаа заавал санхүү, хөрөнгө шаардана. Археологи хээрийн судалгаагаар материал хэрэглэгдэхүүн цуглуулахаас гадна байгалийн лабораторийн шинжилгээ шаарддаг тул өндөр зардалтай харагддаг. Гэхдээ үр өгөөжийг нь шинжлэх ухааны ач холбогдолтой харьцуулахад энэ зардал бол маш бага. Мөн археологийн судалгааны ололтыг ашиглан, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх боломж нээлттэй.

Монгол Улс саяхнаас л археологийн дурсгалуудыг аялал жуулчлалтай холбож, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг ярьж эхэлж байна.

Одоо төрөөс Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав нутгийн түүх-соёлын дурсгалт газруудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цогцолбор барих асуудал яригдаж эхнээсээ хэрэгжиж эхэллээ.

Зөвхөн энэ бүс нутагт гэхэд 4000 орчим дурсгал нэг дор байрладаг. Ойролцоо нь хэдхэн зуун километрийн тойрогт Монголын түүхийн хэд хэдэн үеийн гол дурсгалт газрууд бий. Эдгээр дурсгалт газрыг үзвэр болгон хөгжүүлснээр жуулчдыг татаж, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.

Гэхдээ төлөвлөлт, зохион байгуулалтыг бүрэн хийсний дараа л жуулчны урсгалыг татах шаардалагатай. Үгүй бол дурсгалаа бүрмөсөн сүйтгэх аюултай.

-Түүхийн дурсгалт эд өлгийн зүйлс нийслэлд ч бас түгээмэл. Гэвч хүн амын хэт нягтралаас үүдэн багагүй сүйдэж байна. Хамгаалалтад авсан ховор олдворууд олон бий юу. Жишээ татвал?

-Улаанбаатарын орчимд одоогоор 1400 гаруй дурсгалт газар бүртгэлтэй байна. Жилээс жилд хотын хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр түүх соёлын дурсгалууд өртөж сүйдэх явдал их байна. Ямартай ч нийслэлээс түүхэн дурсгалуудын нарийвчилсан бүртгэлийг хийхдээ археологичидтой хамтарсан.

Манай хүрээлэн өнгөрсөн жил Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтарч Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны судалгаа, Туулын Хар Түнэ-д Ван хааны ордны туурь хэмээн таамаглаж ирсэн дурсгалт газруудад археологийн судалгаа хийсэн. Эдгээр судалгааны ажлууд энэ онд ч бас үргэлжилнэ.

Мөн Их Тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш дурсгал, Ар гүнтийн хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны цогцолбор, Гачууртын амны хадны зосон зураг зэрэг дурсгалт газруудад Нийслэлийн Аялал жуулчлалын газар, НСУГ манайхтай хамтарч, ил музей байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ бүх ажлын үр дүн энэ жилээс бодитоор харагдах байх.

-Түүх соёлын үнэт дурсгалуудыг хадгалах байргүй, чингэлэг, подвальд хадгалдаг гэсэн асуудал олон жил яригдлаа. Үнэхээр чингэлэгт хадгалдаг бол ховор нандин эд өлгийн зүйлс эвдэрч, устах аюултай биш үү. Энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Өнгөрсөн жилийг хүртэл манай хүрээлэнгийн бүх олдвор, сан хөмрөг байрны подвальд байсан. Соёлын яамнаас тодорхой шийдвэр, дэмжлэг үзүүлснээр, одоо манай олдворууд Соёлын өвийн Үндэсний төвийн шинэ барилгад түр байрлаж, хадгалалтын нөхцөл сайжирсан.

Цаашид Монголын Үндэсний археологийн музей, Шинжлэх Ухааны Академийн цогцолбор зэрэг ид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд дуусвал археологийн олдворын хадгалалт, хамгаалалтын нөхцөл илүү сайжрах байх гэсэн төсөөлөлтэй байна.

Ганц хадгалалтын нөхцөлөөс гадна байнгын сэргээн засварлалт, бэхжүүлэлт гээд олон шат дараалсан хамгаалалтын арга хэмжээнүүд бий. Гэсэн ч Монголд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын асуудал их хүнд байна. Хээр талд байгаа чухал дурсгалуудыг тонуулчид тонож сүйтгээд салахгүй байна. Судалгааны явцад илрүүлсэн олдворуудад сэргээн засварлалт бүрэн хийх лабораториуд дутмаг байна. Мөн хадгалалтын орчин ч бүрэн бий болж чадаагүй байна. Гэхдээ энэ асуудлууд зөв бодлогоор амархан шийдэгдэх боломжтой болохоор удахгүй сайжирна гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж