Хөрөнгийн биржид найман тэрбум төгрөгийн үнэ бүхий эзэнгүй хувьцаа байдаг аж. Иргэдийн хувьд 1990-ээд онд тараасан цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцааны ногдол ашгаа хэрхэн шалгаж, авахаа мэддэггүй байна. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Ахлах нягтлан бодогч Ш.Сарантуяагаас тодрууллаа.
–Хөрөнгийн биржид найман тэрбум төгрөгийн эзэнгүй хувьцаа байдаг юм байна. Энэ нь хувьцаат компанийх уу, хувь хүмүүсийн хувьцаа юм уу?
-Манайх үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэдэг. Хувьцаат компаниудтай гэрээний үндсэн дээр хувьцааны ногдол ашгийг тараадаг. Мөн компаниудын гаргасан бондын үндсэн болон хүүгийн төлбөр, Засгийн газрын бондын үндсэн болон хүүгийн төлбөр болон үнэт цаастай холбоотой мөнгөн хөрөнгийн төлбөр гүйцэтгэдэг. Тийм учраас нийт үнэт цаасны арилжаанд оролцсон харилцагчдын нэгдсэн дүнгийн үлдэгдэл найман тэрбум төгрөг юм.
-Хэн нэгэн хувь хүний хувьцаа биш, нийт хувьцааны үлдэгдэл гэсэн үг үү?
-Тийм. Энэ үлдэгдэл иргэд хувьцаагаа арилжвал нэмэгдэж, харилцагчид мөнгөө шилжүүлж авахаар багасдаг гэсэн үг. Иргэдийн банкнаасаа аваагүй байгаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл юм. Тэгэхээр найман тэрбум эзэнгүй хувьцаа нэг болон хэд хэдэн хүнийх биш. Үнэт цаасны зах зээлд арилжаанд оролцдог нийт иргэдийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл юм.
Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагдаж, үнэт цаасны арилжаа хийж эхэлсэн. Тэр үеэс хойш иргэдийн нэр дээр нээгдэж, дансанд байгаа мөнгөний үлдэгдэл гэж хэлж болно.
–Одоо цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл авч, хувьцааны дансаа шалгуулахаар иргэд хэр хандаж байна. Цэнхэр, ягаан тасалбарын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ хувьцаагаа авах хүсэлтэй хүмүүс өөрсдийн бүртгүүлсэн брокер диллерийн компанидаа өргөдөл бичиж өгөөд, хувьцаагаа авч байгаа. Хувьцаа эзэмшдэг гэдгээ шалгах олон арга бий. Жишээлбэл, тусгай дугаар 158989 утсаар холбогдож болно. Мөн ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж, үнэт цаасны үлдэгдлээ харах боломжтой.