Оросын олигарх Сулейман Керимовын 325 сая ам.долларын үнэтэй, тансаг дарвуулт онгоцыг Фижид саатуулжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын харилцаатай гэгддэг түүний усан онгоц Мексикээс далайд гарч, 18 өдрийн аяллын дараа дөрөвдүгээр сарын 13-нд Номхон далайн Фижи аралд ирсэн аж. Гэвч АНУ Сулейманы эсрэг тавьсан хоригийн дагуу түүний дарвуулт онгоцыг нь хураах мэдэгдэл гаргажээ.
Фижигийн дээд шүүхээс тус дарвуулт онгоцыг АНУ-аас гаргасан өмч хураах мэдэгдлийг шийдвэрлэх хүртэл саатуулахаар шийдвэрлэсэн байна. АНУ болон Фижигийн засгийн газар хооронд хууль, шүүхийн хүрээнд харилцан туслалцах гэрээтэй учраас дээрх шийдвэрийг гаргажээ.
Владимир Путин Украин руу дайрах шийдвэр гаргасны дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг шат дараатай хориг арга хэмжээ авч буй. Тухайлбал, Оросын бизнес, санхүү, аж үйлдвэр зэрэг олон салбарт барууныхны хориг үйлчилж байна.
Европын холбоо, Их Британи улсаас гуравдугаар сарын 15-нд Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Сулейман Керимовын эсрэг хориг арга хэмжээг зарласан. Тэрбээр 2018 оноос хойш АНУ-ын хоригийн хар жагсаалтад байгаа юм. Түүнийг Францад мөнгө угаасан, 400 сая еврогийн татвараас зайлсхийсэн зэрэг хэрэгт буруутган хориг тавьсан байв.
“Bloomberg”-гийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр Керимовын хөрөнгийн хэмжээ 14.3 тэрбум ам.доллар аж. Тэрбээр Оросын санхүү, аж үйлдвэрийн магнат “Nafta Moscow” группийг эзэмшдэг бөгөөд тус улсын хамгийн том алт олборлогч “Polyus Gold” компанийн гол хувьцаа эзэмшигч юм.
Франц, Итали, Испани улсаас Оросын олигархуудын хувийн нисэх онгоц, тансаг хөлөг онгоцууд болон бусад хөрөнгийг битүүмжлэх болсон. Тухайлбал, Оросын олигарх Виктор Векселбергийн 90 сая ам.долларын дарвуулт онгоцыг АНУ-ын хүсэлтийн дагуу Испанийн аралд дөрөвдүгээр сарын 4-нд саатуулсан билээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ