Манчестер Юнайтед багийн ахлагч Харри Магуайр амаргүй цаг үеийг туулж байна. Талбай дээрх тааруу тоглолтынх нь улмаас багийн хөгжөөн дэмжигчид нь түүнийг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Чешир хотын цагдаагийн газрын мэдэгдэлд “Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Чешир хотын цагдаагийн газарт Уилмслов бүс нутагт тэсрэх бөмбөг байна гэх мэдээлэл ирсэн. Тус хавийн айл өрхийг нүүлгэн шилжүүлээгүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн нохойтой нэгжлэг хийсэн” гэж бичсэн байна.
Харри Магуйар тус бүс нутагт сүйт бүсгүй, хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүний хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд Харри болон түүний гэр бүлд онц ноцтой заналхийлэл ирсэн. Тэр энэ талаараа цагдаад мэдэгдсэн. Харри гэр бүл болон ойр тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих нь ойлгомжтой. Тэр бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь” гэв.
Манчестер Юнайтед баг өнгөрсөн Мягмар гаригт өөрсдийн мөнхийн өрсөлдөгч Ливерпүүлтэй тоглож, 4-0 гэсэн харьцаатай хожигдсон билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хамгаалагч болж, Манчестер Юнайтедэд ирснээсээ хойш Харри Магуайр тогтвортой сайн тоглолт үзүүлж чадалгүй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн шүүмжлэлд хэт их өртөөд байгаа билээ.