Чөлөөт бөхийн Азийн шилдгүүд "Буянт Ухаа"-д чуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн Азийн шилдгүүд "Буянт Ухаа"-д чуулж байна

Чөлөөт бөхийн Азийн шилдгүүд "Буянт Ухаа"-д чуулж байна

Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа Монгол Улсад болж байна. 35 дахь удаагийн тэмцээнд 22 орны сонгомол, чөлөөт бөхийн 250 гаруй тамирчин оролцож байгаа аж. Дөрөвдүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд сонгомол бөхийн Азийн аваргууд тодорсон бол 21-нээс 24-ний өдрүүдэд чөлөөт бөхийн аваргууд тодрох учиртай.

"Буянт Ухаа" спорт ордонд Ази тивээс төрсөн олимп, дэлхийн медальтнууд чуулж байна гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, олимпийн мөнгө, дэлхийн аварга Киргизстаны Айсулуу Тыныбекова, олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэлтэй Энэтхэгийн Рави Кумар, олимпийн мөнгөтэй Японы Рэй Хигүчи, дэлхийн аварга Рэмина Йошимото, Акари Фүжинами, Цүгүми Сакүраи, олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Бажранг Пуния, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Киргизстаны Мээрим Жуманазарова тэргүүтэй шилдгүүд иржээ.

Чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр /2022.04.21/ эхэлж, Монголын багийн медалийн салхийг 53 кг-ын жинд Ц.Намуунцэцэг хагаллаа. Түүний мөнгөн медалийн буухиаг 55 кг-ын жинд Г.Отгонжаргал, 59 кг-ын жинд Б.Шоовдор нар үргэлжлүүлсэн бол 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэв.

Манай сонгомол бөхийн тамирчид хараахан медаль хүртэж чадсангүй. Сонгомол бөхийн багийн дүнгээр Казахстан тэргүүлж, Иран, Киргизстаны баг тамирчид удааллаа.

Ордонд хүрэлцэн ирсэн үзэгчид тайз засалт, зохион байгуулалтын талаар ам сайтай байв.

Мөн энэ удаагийн тэмцээний нэг онцлог зүйл нь медалийн диплом. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд ийм загвар хийцтэй, давхар шийдэлтэй диплом хийгдэж байгаагүй гэнэ. Тайлбарлавал, энэхүү диплом ном хэлбэртэй ба нэг хэсэгт нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дурсгалын медалийг шигтгэж өгсөн. Мөн тухайн улс орны соёл, уламжлал, дурсгал бэлгэдэл зэргийг дипломтой нь цуг хамтатган хийсэн өвөрмөц шийдэл аж.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын барилдаануудтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж