Хятадын баруун хойд Шэньси мужийн нийслэл Шиань хотоос Европ руу чиглэсэн ачааны галт тэрэгний үйлчилгээ Лхагва гаригт эхэлжээ. Бээжин, Москва хоёр сайн харилцаатай байгаа хэдий ч уг галт тэрэг Оросын нутаг дэвсгэрийг тойрон Каспийн тэнгис, Хар тэнгисээр дамжин Европ руу хүрэх юм байна. Энэ нь төмөр зам болон далайн зам хосолсон тээвэр гэсэн үг юм. Төв болон зүүн Европын хэд хэдэн орнуудад энэ галт тэргээр хүрч болно.
Ийнхүү Оросыг тойрон гарч буй нь хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй гэж “Economic times” мэдээллээ.
Энэхүү шинэ чиглэлийн анхны галт тэрэг төрөл бүрийн тоног төхөөрөмж, хувцас гэх мэт зүйлс тээвэрлэж байна. Хятадын мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр, уг галт тэрэг Казахстан, Азербайжен, Романиа, Унгар, Словени, Чех улсуудаар дамжин өнгөрч, эцэст нь Германы Маннхеймд хүрнэ гэв. Нийт туулах замын урт нь 11300 км аж.
Шиань хотын чөлөөт худалдааны боомтын менежер “Шинэ маршрут олон улс орон, бүс нутгийг хамарч, дотоодын болон олон улсын аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээл нээж байна” гэж хэлжээ.
Одоогийн байдлаар Шиань хот Европ руу чиглэсэн ачааны галт тэрэгний 16 замтай бөгөөд эдгээр нь “Бүс ба зам” санаачилгын дагуу 45 улс орон, бүс нутгийг дайран өнгөрдөг.
Эх сурвалж: THE ECONOMIC TIMES
Холбоотой мэдээ