Музейн хамгаалалттай газарт дугуйн зам тавьж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Музейн хамгаалалттай газарт дугуйн зам тавьж байна

Музейн хамгаалалттай газарт дугуйн зам тавьж байна

Хотын дарга иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахаар өнгө үзэмжгүй хашаа, хайсыг буулгах захирамж гаргасан. Үүний нэг нь Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгах ажил. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам хийхээр төлөвлөжээ.

Бодит байдал дээр хотын дарга хууль зөрчиж байна. Учир нь музейн тусгай хамгаалалттай бүсээс нэг метр орчим газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буйг музейн ажилчид хэлж байв. Бид энэ асуудлыг сурвалжиллаа.

Богд хааны ордон музей он цагийн уртад хуучирч, гундсан ч сүрдэм уран нарийн хийцээрээ гайхуулна. VIII Богд Жавзандамба хутагт буюу Монголын хамгийн сүүлчийн хааны ордон музейн цогцолбор барилга гэдгээрээ онцлог.

Музейн үүдэнд зам засварын машин техник холхилдож, явган хүний замын хавтангууд өржээ. Ажилчид нь машинаас хавтан зөөж, ид ажил өрнөж байв.

Тохижилтын ажлыг нийслэлийн Авто замын ашиглалт, засварын газраас хариуцан хийж байгаа аж. Нийт 300 метр урттай дугуйн зам шинээр тавих бөгөөд зураг төсөл нь гараагүй байгааг ажилчид нь хэлсэн юм.

“НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, СОЁЛЫН ЯАМАНД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН”

Богд хааны ордон музейн менежер Д.ЭНХБАЯР:

-Хотын даргын Хууль эрх зүйн зөвлөх Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгээс Богд хааны цэцэрлэгт хүрээлэнг тойрсон хайсыг буулгах ажлыг дөрөвдүгээр сарын 8-наас эхлүүлсэн. Музейн зүгээс хашааг буулгахаас эхлээд “Тусгай хамгаалалттай хамгаалалтын бүс. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулаарай” гэж байнга сануулсаар ирсэн. Нийслэлийн зүгээс музейн эргэн тойрныг маш сайхан тохижуулж, хааны ордон гэдэг утга, мөн чанараар нь тохижуулахгүй бол өнгө үзэмжгүй болоод байгааг анхааралдаа авч, гаднах орчны тохижилтод нийслэлээс онцгой анхаарч байгааг ийнхүү эхлүүлж байна гэж тайлбарлаад байна. Мэдээж музейн эргэн тойрны орчныг тохижуулаад өгье гэж байхад манай зүгээс татгалзах зүйлгүй.

Гэхдээ тусгай хамгаалалтын бүсийг Соёлын өвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хууль гээд хэд хэдэн хуулиар зохицуулсан байдаг. Тэгээд ч дугуйн зам тавих ажил эхлэх үеэр манай ажилчид ямар зохицуулалтаар ажил хийж байгааг асуухад “Явган хүний замыг нарийсгаж, хажууд нь дугуйн зам тавих гэж байгаа юм” гэсэн. Дугуйн зам нь тусгай хамгаалалттай газрын кадастрын зураг руу нэг метр гаруй орж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэдгийг музейн зүгээс хэлж, шаардсан ч өнөөдөр ажил үргэлжилсээр байна. Тиймээс энэ сарын 20-нд нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Соёлын яаманд энэ талаар албан бичиг хүргүүлсэн.

Тусгай хамгаалалтын бүс Соёлын өвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хууль гээд хэд хэдэн хуулиар зохицуулсан. Тодруулбал,

Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйл. Дурсгалт газрын дэглэм

  • Дурсгалт газарт хаалт, хашлага барих, сэрэмжлүүлсэн дохио, тэмдэг тавих, түүний хамгаалалтыг нутгийн оршин суугчдад хариуцуулан өгөх зэргээр хамгаалалтын арга хэмжээ авна.
  • Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3.0 км-ын орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно гэж заасан байдаг.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООСОН ГАЗРЫГ АШИГЛАХДАА ЯАМНААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА

Нийслэлээс энэ хууль бус үйлдлийнхээ оронд музейн 2019 онд зураг төсөл нь гарсан ч төсөв нь шийдэгдээгүй авто зогсоол, урд талбайн тохижилтын ажлыг шийдэж өгөхөө амлажээ.

Богд хааны ордон музей нийт 16 мянган га талбайгаас 6500 гаруй талбайг өөрийн хамгаалалтын бүс болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Үлдсэн 9400 гаруй м.кв талбай нь “АПУ” компанийн харъяа “Ван Трейд” компанитай газрын маргаантай олон жил явж байна. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай үргэлжилж байгаа аж.

Богд хааны ордон музей Монголын хаант төрийн гүн бэлгэдэлтэй, шашны хосгүй үнэт эдлэл, түүхэн дурсгалуудыг агуулсан, уран хийцтэй барилга болон сонгодог бүтээлийн цогцолбор юм. Гэтэл иргэд ганцхан музей гэж харж байгаа нь өрөөсгөл болохыг судлаачид хэлж байв.

"Тусгай хамгаалалттай түүхэн газрыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй. Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүс тогтоосон газрыг өмчлөгч Соёлын яамтай зөвшилцсөн эсэх нь тодорхойгүйгээр шууд ашиглаж болохгүй. Соёлын өвөө хамгаалах гэж байгаа бол хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэй" гэдгийг Улаанбаатар хотын музейн судлаач Г.Очбаяр онцолсон юм.

“БИД НОМ ЖУРМЫН ДАГУУ Л АЖЛАА ХИЙЖ БАЙНА”

Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Богд хааны ордон музейн газрын хэмжээ 5.7 га. Нийслэлээс 2019 оноос тус музейн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар иргэд ихээр зорин ирэх болсон байна. Энэ ажлаа үргэлжлүүлж, хашааг буулган тохижуулж байна. Тохижилтын ажил эхлээд хоёр, гурав хонож байна. Ирэх долоо хоногт дуусна. Богд хааны ордон музейн зүүн талд явган хүний болон дугуйн замтай цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж байна. Энэ газар хувийн компанийн эзэмшилтэй, хашаа татсан байсныг хот чөлөөлж, ном журмын дагуу тохижуулж, ногоон байгууламжийн ажил хийж байгаа юм. Энэ газрыг “Ван Трейд” компани эзэмшдэг байсныг 2019  онд хотоос цуцалж, тохижуулсан. Энэ зам дээр хотын иргэд л явна шүү дээ. Бид ном журмын дагуу л ажлаа хийж байна.

Хотын дарга С.Амарсайханы үед 2019 онд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Тухайн үед 2009 онд батлагдсан зураг төслөөр нийт 14.470 ам метр талбайн 8000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсэг “Ван Трейд” компанийн мэдэлд байжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр 2019 онд “Сензо” констракшн” компани ажиллаж, нийт 1.4 га талбайг тохижуулан, 13 хөшөө сүндэрлүүлэх байсан ч өдгөө хоёр гуравхан хөшөө харагдана.

“ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БУУЛГАСНААР ИРГЭД САЛХИЛЖ, АМАРЧ БАЙНА”

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт цөөнгүй иргэн амарч, салхилж байлаа. Иргэдийн хувьд цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахын тулд дугуйн зам дайны газар тавих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.

Иргэн Б.БАТЧУЛУУН:

-Аль ч газар цэцэрлэгт хүрээлэн хашаагүй байвал сайхан шүү дээ. Ойр орчимд ийм цэцэрлэгт хүрээлэн тун цөөн. Өндөр өндөр орон сууцны хороололд алга дарам хүүхдийн талбайнаас өөр талбай байдаггүй. Харин музейн цэцэрлэгт хүрээлэнг буулгаснаар иргэд олноор салхилж, амарч байгаа нь ажиглагдаж байна. Өмнө нь хашаатай байхад энэ цэцэрлэг рүү орж, гарахад хүндрэлтэй байдаг байсан.

Иргэн Б.НЯМ-ЭРДЭНЭ:

-Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж байгаа нь сайшаалтай. Өмнө нь хашаатай байхад энэ цэцэрлэг рүү нэг их ордоггүй байсан. Тухайн музейн өмчийн газар л гэж боддог байлаа. Хотод ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн тун ховор. Тийм учраас нэг ч гэсэн талбай гаргаж байгаа учраас энэ зэргийн газар дээр дугуйн зам тавих нь зөв.

Төрийн ордон бол Богд хааны ордон музейтэй адил төрийн тусгай хамгаалалттай газар. Хэрэв түүх дурсгалаа үл хүндэтгэж, хууль зөрчиж байгаа бол Төрийн ордны хашааг ч гэсэн буулгая.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж