Асар бага орлоготой өрхүүдийн амин зуулга

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Асар бага орлоготой өрхүүдийн амин зуулга

Монголын төр хүүхдийн мөнгө олгож эхлэхдээ хожим түмний амьдралын “амин зуулга” болно чинээ санаагүй биз. Ямар азаар хүүхдийн мөнгө гэж олгож эхэлсэн юм бэ. Энэ мөнгө одоо нийгмийг аварч байна. Энэ мөнгө асар бага орлоготой өрхүүдийн амиа зогоох гол "хэрэгсэл" болж байна. Зарим нэгний үзэж байгаа шиг тэд НӨАТ-ын урамшууллын мөнгөөр амьдраад байгаа ч юм биш.

Анх 1957 оны дөрөвдүгээр сарын 3-наас хүүхдийн мөнгө гэж дөрвөн хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд 100 төгрөгөөр тооцон жилд 400 төгрөг, 5 бол хүүхэд бүрд 150 төгрөгөөр тооцон, жилд 750 төгрөг олгож эхэлжээ. Харин зургаагаас дээш бол хүүхэд бүрд 200 төгрөгөөр тооцон олгож байсан аж. Тухайлбал, найман хүүхэдтэй өрхөд жилд  1600 төгрөг олгож байсан байх жишээтэй. Гэхдээ хүүхэд 16 нас хүрээд мөнгөнөөс хасагддаг байж. Нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-2004 оны хооронд хүүхдийн мөнгө сураг тасарчээ.

УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулийн өмнө “Эх орон-Ардчилал” эвсэл хүүхэд бүрд 10 мянган төгрөг амласан. Гэхдээ сонгуулийн дараа байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд  сард 3000 төгрөг олгох болсноор хүүхдийн мөнгө дахин сэргэсэн түүхтэй.

2020 он хүртэл хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож байсан билээ. Харин цар тахлын улмаас өрхийн орлого өсгөх үүднээс хүүхдийн мөнгийг 2020 оноос 100 мянга болгосон. Энэ бол хүүхдийн талаар төрөөс  баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж яваа арга хэмжээ.

“Хуримтлалтай хүүхэд” бодлого 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилсэн. Эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Дараа нь хүүхдийн мөнгөө бэлнээр нь авах хүсэлт гаргасан эцэг эх, асран хамгаалагчийн дансанд шилжүүлэх зохицуулалттай болгосон юм.

Хүүхдийн мөнгийг бэлнээр нь авахын тулд сар бүрийн 15-нд хүсэлт гаргана. Тухайн хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах сонголт хийсэн нөхцөлд жилд нэг удаа хүсэлт гаргана. Харин 2022 оны 7 дугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгийг хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулна. Харин 50 мянган төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хүсэлт гарган бэлнээр хүлээн авах юм.

Улсын хэмжээнднийт 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авахаас энэ оны эхний сарын байдлаар 1.1 сая нь хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргасан байна.

ӨРХИЙН ОРЛОГО БУУРЧЭЭ

Цар тахлаас өмнө буюу 2019 онд гэр хорооллын айл өрхүүдийн орлого Улаанбаатар хотын бусад хэсэгт амьдарч буй өрхүүдийнхээс бага байсан бол одоо түүнээс ч улам дорджээ. Тухайн үед нийт айл өрхийн 50 хувиас дээш хэсэг өөрсдийн үндсэн санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжгүй гэсэн судалгаа гарч байж.

Цар тахлын улмаас тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй болсон айл өрхүүдийн амьдрал тансаг хэрэглээтэй баячуудтай харьцуулашгүй бөгөөд тэнгэр, газар шиг ялгаатай болжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гэр хороололд амьдардаг айл өрхүүдийн дунд хийсэн судалгаагаар 2019 онд 400 мянган төгрөгөөс бага орлого олдог өрхүүд судалгаа хийсэн өрхүүдийн 25 хувийг эзэлж байсан аж. Үлдсэн хувийг 500-600 мянга, 700-800 мянган төгрөг олдог өрхүүд эзэлж, 1.5 сая төгрөг олдог айл өрх зөвхөн 7 хувь эзэлжээ.

Монгол Улсын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.6 сая төгрөг болсон байна. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 218300 төгрөг буюу 15.3 хувиар нэмэгдсэн дүн юм.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувийг 2020 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 7.8, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 1.1, бусад орлого 0.1 нэгж хувиар буурчээ. Гэтэл тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 6.3 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор бүлэглэн, 2021 оны дөрөвдүгээр улирлыг 2020  оныхтой харьцуулан гаргажээ. Тухайлбал, нэг жилийн дотор  300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 27 мянгаар, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 32.3 мянгаар, 700- 900 мянган төгрөгийн орлоготой өрх 25.7 мянгаар, 900-гаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.4 мянгаар тус бүр буурчээ.

Харин 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 23.4 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 33.2 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 29.2 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 23.0 мянгаар тус тус нэмэгдсэн дүн мэдээ гарчээ.

2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн орлого 32 мянган төгрөгөөр буурсан байна. Учир нь өрхийн цалин хөлсний орлого өмнөх улирлаас 41 мянган төгрөгөөр буурчээ. Статистик сөхөхөд ийм буюу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж