Данийн ерөнхий сайд Метте Фредериксен болон Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нар өчигдөр /2022.04.21/ Киевт айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, Украинд зэвсэг нэмж илгээхээ амлалаа. Метте Фредериксен их хэмжээний хохирол амссан Бородянка хотод мөн очсон байна.
Фредериксений ажлын албаны мэдээлснээр, уг айлчлалын зорилго украинчуудыг цаашид дэмжих, дайны гэмт хэрэг, хүний эрх зөрчсөн хэргээр Оросыг яллах асуудалд чиглэнэ гэв. Хэлэлцээний дараа удирдагчид хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.
Оросууд түрэмгийлснээс хойш украинчуудад дэмжлэг үзүүлэхээр Европын хэд хэдэн удирдагч Киевт айлчлаад байна. Фредериксен бол оросууд түрэмгийлснээс хойш Украинд ирж буй Скандинавын орны анхны удирдагч юм. Дани улс хэдийнэ Украины армид 2700 танк эсэргүүцэгч илгээгээд буй.
Ерөнхий сайд Фредериксен нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа илүү их зэвсэг илгээх шаардлагатай юм байна гэжээ. Түүнчлэн дайны дараа Украины сэргээн босголтод хувь нэмэр оруулах тухай ТВ2 сувагт ярилцлага өгөхдөө дурдсан байна.
Испани улсын хувьд Украин дахь дайныг зогсоохын төлөө шаардлагатай бүх хүмүүнлэгийн болон цэргийн тусламж илгээж, дүрвэгсдийг хүлээж авах болно гэжээ. Тус улс одоогоор 134 мянган дүрвэгч хүлээж авснаас 64 мянгыг нь орон байраар хангах, ажиллах зөвшөөрөл олгох зэргээр түр хамгаалалтад авсан байна.
Мөн Даваа гаригт зуу зуун тонн зэвсэг, хүмүүнлэгийн бараа ачсан арав орчим онгоц Мадридаас Киев рүү хөдөлснийг Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес мэдэгджээ. Украиныг дэмжиж байгаагийн бас нэг илрэл бол Испани улс Киевт Элчин сайдын яамаа хэдхэн хоногийн дараа дахин нээхээр болжээ. Хоёрдугаар сарын 24-нд оросууд түрэмгийлсний маргааш аюулгүй байдлын үүднээс тус улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа түр зогсоогоод байжээ.
Эх сурвалж: REUTERS, THE LOCAL
Холбоотой мэдээ