Усан далайгаас ширэнгэн ой руу шилжиж буй хот

Хуучирсан мэдээ: 2022.04.22-нд нийтлэгдсэн

Усан далайгаас ширэнгэн ой руу шилжиж буй хот

Усан далайгаас ширэнгэн ой руу шилжиж буй хот

Индонезийн нийслэл Жакарта хот 10.2 сая хүн амтай, улсынхаа хамгийн том хот. Тус хот үүсгэн байгуулагдсан огноог 1527 он гэж үздэг. Индонези улс нийслэлээ Ява арлын Жакартагаас Борнео арлын Нусантара хэмээх шинэ хот руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Тус улсын Хөгжил төлөвлөлтийн газар нийслэлийг нүүлгэх асуудлыг 2020-2024 оны үндэсний хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан байна. Нийслэлээ нүүлгэснээр Ява болон бусад арлуудын хоорондын хөгжлийн зөрүүг арилгаж, Жакартагийн хүн амын хэт өсөлтийг хянах юм.

2018 оны мэдээллээс харахад, Индонезийн дотоодын нийт бүтээгдэхүүний 58.48 хувийг Явагийн эдийн засаг бүрдүүлжээ. Харин тус улсын зүүн хэсэг буюу Калимантан, Сулавеси, Малуку, Папуа мужууд нийт нутаг дэвсгэрийн 64 хувийг эзэлдэг ч дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 16.8 хувийг бүрдүүлдэг байна.

Энэ байдал 2010 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй тул нийслэлээ Ява мужаас гаргах нь Индонезийн зүүн хэсгийн тэгш хөгжлийг дэмжих давуу талтай гэж тус улсын Засгийн газар үзжээ.

Жакартад хүн ам маш их төвлөрсөн тул замын түгжрэл мэдээж их. Замын түгжрэл жилд 56 их наяд рупи буюу 3.8 тэрбум ам.долларын алдагдал авчирдаг ажээ.

АМЬ ТЭМЦЭЖ БУЙ ХОТ

Жакартад их хэмжээний хур тунадас орж, үер усны аюул байнга нүүрлэдэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж байдал улам хүндэрсээр, хот өдгөө хоолойгоор татсан усанд "амь тэмцэж" байна. Байгалийн хүчин зүйлсээс гадна гүнийн усыг их хэмжээгээр олборлох болсон нь дайны хажуугаар дажин гэгч болжээ.

Жакартагийн хойд хэсгээр яваад үзвэл зам нь хажуугийн байшингуудаасаа өндөрт байрласан дүр зураг харагддаг аж. Зарим бүс нутаг жилдээ 15 см-ээр живж буй юм байна. Австралийн Монаш их сургуулийн хот төлөвлөлтийн дэд профессор Эка Перманасари хэлэхдээ “Жакарта хот хоёр талаасаа дайралтад өртөж байна” гэжээ. Нэг талаасаа гол ус, нөгөө талаасаа хуурай газраас хүртэл аюул нүүрлэж буй аж.

Энэ асуудлын улмаас тус улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэх тухай олон жил яригджээ. Индонези улс 1945 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш үе үеийн засаг захиргаа нийслэлийг нүүлгэх талаар төлөвлөсөөр ирсэн ч ажил болсон нь үгүй аж.

Одоогийн ерөнхийлөгч Жоко Видодогийн Засгийн газар 35 тэрбум ам.долларын өртөгтэй шинэ төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм байна. Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сард баталсан тул олон жил яригдсан ажил биелэлээ олоход ойртжээ. Индонези улс эдийн засгийн хувьд Ява арлаас маш их хамааралтай.

ШИРЭНГЭН ОЙН ШИНЭ СОЁЛ


Индонезийн нийслэл болгохоор төлөвлөж буй Борнео арал нь орангутан, заан зэрэг төрөл бүрийн амьтадтай ширэнгэн ой юм. Энэ нь одоогийн нийслэл Жакартагаас 1300 км зайд байрладаг. Гэхдээ Нусантара хотыг барихаар төлөвлөж буй талбай нь ширэнгэн ой бүхий бусад хэсгээ бодвол харьцангуй биологийн төрөл зүйл багатай хэсэг аж. Индонезийн Хот, бүс нутаг төлөвлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн хэлснээр, “Нийслэлийг шилжүүлснээр эдийн засгийг тэнцвэржүүлнэ гэдэгт итгэхгүй байгаа ч ядаж хөгжлийн сэтгэлгээгээ өөрчлөх боломж юм” гэжээ.

Нусантара хотыг хөгжүүлэх найман зарчим гаргасан байна. Эдгээр зарчим нь нүүрстөрөгчийн хийг саармагжуулах, эдийн засгийг эргэлтэд оруулах гэсэн үндсэн зорилгод тулгуурлажээ. “Хэрвээ цаасан дээр буусан шигээ Нусантара хот хөгжиж чадвал ногоон, тогтвортой хөгжил ямар байх ёстойг яруу тодоор харуулж, Зүүн Өмнөд Азидаа жишиг тогтоож ч болно” гэж Индонезийн Монаш их сургуулийн профессор Лечнер хэлсэн байна. Нусантара хотыг Борнеогийн бусад хэсгүүдтэй холбохын тулд зам гүүр тавих нь ойлгомжтой. Энэ нь мөн л байгаль, хүрээлэн буй орчинд хөнөөлтэй юм байна.

БУСДЫН АЛДААНААС СУРАЛЦАХУЙ 

1900 онд дэлхий дээр ердөө 40 гаруй нийслэл байжээ. Гэтэл одоо 200 шахам болсон бөгөөд эдгээрийн 40 орчим хувь нь ачааллаа дийлэхгүй болсон тул нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдөж ирсэн. Өнөөдрийн байдлаар дор хаяж таван нийслэл шинээр төлөвлөгдөж байгаа гэх мэдээлэл бий. 40-хөн нийслэлтэй байсан тэр цагаас хойш шинээр баригдсан нийслэлүүд бараг ихэнх нь төлөвлөлтийн томоохон бүтэлгүйтэлтэй нүүр тулсан гэхэд болно.

Алдаа 1: Архитектурын ном дээр байдаг хотууд. Ихэнх архитектурчид тухайн орон нутгийнхаа нөхцөл байдлыг үл харгалзан, өөрсдийн хувийн сонирхлыг тусгасан шийдлүүд гаргаж байжээ. Шинэ нийслэл гэхээр л усан оргилуур гэх мэт том орон зай эзэлсэн схемүүд давамгайлах талтай. Энэхүү монументаль хэв маяг Сэргэн мандалтын үеэс хойш хөгжжээ. Орчин үед хот төлөвлөгчид монументаль хэв маягаа шинэчлэхийг  хичээж буй.

Алдаа 2: Байгалийн давамгайлал. Байгалийн хүчин зүйлийг номхруулах гэсэн бүтэшгүй санаа хүн төрөлхтөнд заримдаа төрдөг бололтой. Намаг, ширэнгэн ой, элсэн манхан, гандуу хээр тал, эрс тэс уур амьсгалтай газруудад хүчээр баригдсан шинэ нийслэлүүд бий. Тухайлбал, Бразилын төв хэсэгт их хэмжээний саванна ургамлыг цэвэрлэж, Бразилиа хотыг барьжээ. Үүний оронд байгалийг өөрийнх нь үндсэн хэв маягаар сонгох ёстой аж.

Зөвхөн оршин суугчдын сайн сайхан байдлыг бус амьтан, ургамлын тухай ч бас бодох ёстой юм байна. Нусантарагийн хот төлөвлөгчид харин энэ алдааг давтах вий гэсэн хардлага төрж байна. Борнеогийн ширэнгэн ой нэн ховор амьтдын өлгий нутаг юм.

Алдаа 3: Хоосон мөрөөдөл. Хувиа хичээсэн удирдагчид шинэ нийслэл барьснаар алдаршина гэсэн мөрөөдлөөр өөрсдийнхөө хүнд суртлыг шингээх нь бий. Тухайлбал, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэгдсэн Нур-Султан хот байна. Тэнд Назарбаевын гараа хээ бүхий хүрэл хөшөө байдаг бөгөөд иргэд түүнд хүрвэл хүсэл биелнэ гэж үздэг.

Зарим хотыг онцын шаардлагагүйгээр зөвхөн удирдагчдын хүслийг биелүүлэх гэж нүүлгэн шилжүүлсэн тохиолдол байдаг бололтой. Хэрвээ шинэ хот аль нэг өндөр албан тушаалтнаас хамааралтай бол хоосон мөрөөдөл болон замхрах эрсдэлтэй.


Алдаа 4: Аль нэг үндэстэн, шашны бүлгийг өргөмжлөх. Олон үндэстэн ястан оршдог орнуудад нийслэлээ нүүлгэх нь дотоод зөрчилдөөн үүсгэх эрсдэлтэй байдаг. Индонезийн шинэ нийслэл Нусантара гэх үг Ява гаралтай юм. Ява арлаас бусад газарт амьдардаг индонезичүүдэд зориулсан нийслэл биш юм уу гэх зэргээр шүүмжлэл дагуулжээ. Хэрвээ олон шашинтай улсын шинэ нийслэлд аль нэг шашны дүрслэл давамгайлж байвал мөн л зөрчилдөөн үүсгэнэ.

Алдаа 5: Жендерийн тэгш байдал. Энэ нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хүүхэд асрах төв зэрэг газруудыг бодолцсон байх зарчим юм. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол, тээврийн хэрэгсэл, орон сууцны хүртээмжийг бодолцон, гэр бүлүүдэд зориулсан хот төлөвлөлт хийх нь нэн чухал ажээ.

Эх сурвалж: THE CONVERSATION, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж