Төсвийн байнгын хороо өнөөдөр /2022.04.21/ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцлээ. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэлэхдээ 30 тэрбум төгрөг хэмнэх биш нэг их наядаар нь хэмнэ гэсэн бөгөөд Засгийн газар уг хуулийн төслийг эргэж нэг харах хэрэгтэйг онцоллоо.
Тэрбээр “Хэмнэлтийн тухай хууль нийгмийн сэтгэлзүйд хандсан ёс төдий гал унтраах төдий харагдаж байна. 30 гаруй тэрбум төгрөг бол бага мөнгө. Тиймээс дорвитойхон оруулж ирвэл яасан юм. Яам агентлагийн дэд дарга, орлогч, зөвлөхийг бүрэн цөөлбөл яасан юм. Хэмнэх болохоор орон нутаг руу ордог. Хэмнэлтийн горимыг яам, тамгын газар, Засгийн газар, УИХ-ын түвшинд хийх ёстой. УИХ ажлаа сайн хийхгүй байж, орон тоо нь дэндүү данхагар байна.
Төрийн хэмнэлтийн тухай хууль гэхээр ард түмэн нэрнээс нь маш гоё юм горьдож байгаа. “Одоо цаадуул чинь ухаарч байгаа юм байна. Гайгүй хэмнэх гэж байна”. Гэтэл 30-аад тэрбум төгрөг байна.
Төрийн өмчийн газруудыг жийп машиныг худалд гэж байна. Муу жийпээ худалдаад ирэх жил ахиад шинэ жийп авах гэж байгаа юм. Дуудлага худалдаа гэсэн нэрээр сайхан машиныг акталж ченжийн гараар оруулж мөнгө угаах гэж байна. Эргээд орон нутаг руу явах гэсэн авахаас өөр аргагүй боллоо гээд ахиад авна. Гэтэл хөдөөгийн түргэний тэрэг сэг болсон байдаг. Сайд дарга нарыг дагасан зөвлөхүүд том машин унаж байгаа. Энэ хууль шилний цаанаас чихэр долоолгох гэж байгаа юм биш үү. Нэг их наядаар нь хэмнэх ёстой. Ийм зүйлийг зоригтой оруулж ирэх ёстой. Засгийн газар энэ хуулиа эргэж нэг харж үзээч ээ” гэлээ.