Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ эрс өсч ачаалал нь нэмэгдэж байгаа өртөөдийн нэг бол Толгойт хэсэглэлийн Аршаант өртөө юм. Гуравдугаар зэрэглэлтэй тус өртөө нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотод хамгийн ойрхон оршдогоороо онцлогтой. Тийм ч учраас анх хоёр замтай байсан зөрлөг эдүгээ ачиж буулгах зургаан замтай, дээр нь “М-Ойл”, “Мон суль”, “Монголиан ойл”, “Синчи ойл”, “Лекс ойл”, “Гор газ” зэрэг нефть импортлогч компаниудын долоон салбар замтай болжээ. Эдгээрээс хоёр нь газын бүтээгдэхүүн ачиж буулгадаг. Тус өртөөний бас нэг онцлог нь УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнхараагаас Улаанбаатар чиглэлд аялж байгаа 4500 тонноос дээш жинтэй галт тэргүүдийг Аршаант өртөө хүртэл түлхэлтийн ажиллагааг хийдэг аж. Аршаант өртөө жилд 2500-3000 вагон буулгах хүчин чадалтай, жилд дунджаар 150-200 вагон ачиж байна. Аршаант өртөөний хамт олон 2021 онд өмнөх оноосоо 2 дахин илүү их орлого олжээ. Тэд энэхүү нөр их хөдөлмөрөөрөө өнгөрсөн оны УБТЗ-ын “Хөдөлмөрийн уралдаан”-нд шагналт байрыг эзэлжээ.
Өртөөний дарга М.Алтаншагайтай утсаар холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр, 2013 онд ТЗДС-ийг ашиглалтын инженер мэргэжлээр төгсөнгүүтээ Сайншанд руу томилогджээ. Улмаар, анхны алсын удирдлагатай 855 дугаар зөрлөгийн жижүүрээр ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Дараа нь, 39 дүгээр зөрлөгт жижүүр, Улхын-Овоо зөрлөгийн дарга, Цагаанхяр зөрлөгт томилолтын жижүүр, Агуйт зөрлөгийн жижүүр, Мандал өртөөнд жижүүр, галт тэрэгний найруулагчаар ажиллаж байгаад 2020 оноос Аршаант өртөөнд томилогдсон байна. Түүнээс “Шугам замд ойр ойрхон сэлгэж ажиллах нь залуу хүний хувьд хүндрэлтэй биш үү?” хэмээн асуухад, “Би гуравдахь үеийн төмөр замчин хүн. Аав минь Хангай, Туул, Хонхор зөрлөгт холбооны механикчаар гуч гаруй жил ажилласан. Сүүлд, Улаанбаатар татах хэсгээс гавьяаны амралтаа авсан. Ээж минь Туул, Налайх зөрлөгт жижүүрээр ажиллаж байгаад 2021 онд тэтгэвэртээ суусан. Дүү маань Эмээлт зөрлөгийн холбооны механикчаар ажилладаг. Эхнэр мөн л төмөр замчин. Би хар багаасаа л шугам замаар ээж аавыгаа дагаж өссөн. Ингээд бодохоор төмөр зам гэх алтан босготой байгууллага миний төрсөн гэр, шугам замын өртөө зөрлөгүүдэд ээнэгшин дассан орчин минь юм” гэлээ.
Аршаант өртөө нь Улаанбаатар хотын ард иргэдийг А-80,А-92,А-95 болон Дизелийн түлш гэх бүтээгдэхүүнээр хангах зориулалт бүхий 12 мянган тоннын нөөц агуулахтай. Мөн ахуйн хэрэглээний болон автомашины газын бүтээгдэхүүн ачиж буулгах зориулалт бүхий 5250 тоннын нөөц агуулахтай. Энэ ч утгаараа тухайн өртөөний төмөр замчид сонор сэрэмжийг өндөр түвшинд барьж ажиллах шаардлага тулгардаг. Дээр нь Аршаант тосгонд 300 гаруй оршин суугч ажиллаж амьдардаг учраас төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөрдүүлэх, Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ард иргэдэд сургалт таниулга хийх хэрэгцээ шаардлага ч их байдгийг М.Алтаншагай дарга учирлана билээ.
Түүнээс гадна Аршаант өртөөний хамт олон 2021 онд их барилга хөрөнгө оруулалтын хүрээнд зам паркдаа нийт 17 цамхаг гэрлийг байршуулсан байна. Ингэснээр шөнийн цагт ч өдөр мэт гэрэлтэй орчинд сэлгээний ажлаа хийж, ХАБЭА-гаа бүрэн хангах боломжтой болжээ. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ пульттай болсондоо жижүүрүүд сэтгэл хангалуун байгаа аж. “Манай өртөө үндсэн гурван замтай байх үед замын баруун хойноос их хэмжээний үер орж ирдэг байсан. Замын захиргаанаас шийдвэрлэж, үерийн далан барьснаар энэ асуудал бүрэн шийдэгдсэн. Ер нь, манай өртөөний ирээдүй маш сайхан харагдаж байгаа. Хамгийн захын жишээ дурдахад, 2022-2023 онд “Богд хан” төмөр замын төслийн ажил эхэлнэ. Энэ хүрээнд Аршаантаас Мааньт өртөө хүртэл шинээр барих салаа замын ажлын бүтээн байгуулалт өрнөх юм билээ.Өнгөрсөн онд Замын захиргаанаас инженерүүд ирээд холбогдох зураг төслийг нь хийсэн. Үүнд мэдээж манай хамт олон гар бие оролцож таарна” хэмээн сэтгэл хангалуун ярилаа.
Аршаант өртөөнд жижүүр Энхзул, Содномцэрэн, Мөнххулан, Отгонбаяр, Дарьсүрэн, галт тэрэгний найруулагч С.Тэмүүлэн, С.Сүхбаяр, М.Одгэрэл, Х.Эрдэнэбат, Ачаа вагон хүлээлцэгч, тасалбарын нярав Э.Мөнхтуяа, Б.Гэрэлчимэг нарын 13 хүн ажиллаж байна. Тэднээс зургаа нь ажил амьдралын гараагаа эхлүүлж буй залуу боловсон хүчин гээд бодохоор ажлын эрч хүч, идэвхи санаачилгаар оргилсон залуусаас бүрдсэн баг хамт олон энэ ажлыг амжуулдаг аж. Цар тахлын үед л гэхэд тушаал шийдвэр, зааварчилгаа, сургалт, зөвлөгөөн гээд бүх үйл ажиллагаа онлайн хэлбэрт шилжүүлж ажилласан. Энэ нь энгийн үед цаг хугацаа хэмнэхээс эхлээд ололттой талууд бий болсон гэдгийг тэд онцолсон юм. Цахим орчныг давуу тал болгон ашиглаж байгаа нь яалт ч үгүй шинэ цагийн залуусын давуу тал юм даа гэсэн бодол энэ зуурт төрж байлаа.
Сэтгүүлч Б.Дэлгэрхишиг
Холбоотой мэдээ