Хятадын Хайнань арлын Боао хотноо өнгөрсөн Лхагва гаригт "Дорнын Давос" гэгддэг Азийн эдийн засгийн форум эхэлсэн билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус чуулга уулзалтад цахимаар оролцож, үг хэлэв. Тэрбээр видео илтгэл тавьж, “Улс хоорондын харилцаанд ганц талын хориг арга хэмжээ, давхар стандартын бодлогыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж мэдэгджээ.
Ши Жиньпин “Хүйтэн дайны үеийн сэтгэхүй гагцхүү дэлхий дахины энх тайвны үндэс суурийг алдагдуулдгийг, ноёрхох үзэл, харгис хүчний бодлого дэлхий нийтийн энх тайвныг аюулд оруулдгийг, блокуудын сөргөлдөөн XXI зуунд аюулгүй байдлын сорилтуудыг улам нэмэгдүүлж байгааг баримтууд дахин нотоллоо” гэж хэлсэн байна.
Хятадын удирдагч “Дэлхийн бүх улс орон нэг том хөлөг онгоц дээр нэгдмэл хувь заяатай хөвж байна. Хүчирхийллийн давлагааг гаталж, гэрэлт ирээдүйн замаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол бүгд нэг чигт харах ёстой. Хэн нэгнийг далайд хаях оролдлого байж болохгүй” гэж хэлснийг тус улсын төв телевиз иш татан мэдээлжээ.
Тэрбээр улс орнуудад хандан санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг уриалсан байна.
Энэ удаагийн чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “Covid-19-ийн нөхцөл байдал, түүнээс хойшхи дэлхий ертөнц: Дэлхийн хөгжил, нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа зүтгэе” уриан дор болж буй юм.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ