Малчдаас төвлөрүүлсэн татварын мөнгөний зарцуулалтад хяналт алга

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Малчдаас төвлөрүүлсэн татварын мөнгөний зарцуулалтад хяналт алга

Малчдаас төвлөрүүлсэн татварын мөнгөний зарцуулалтад хяналт алга

Монгол Улс  хүн амынхаа тооноос хэд дахин нугарсан малтай, хөдөө аж ахуйн орон боловч эдийн засгийг нь уул уурхайн салбар нуруундаа үүрч буй. Иймд малын тоонд бус чанарт анхаарч эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг салбарынхан үзэж байгаа юм. Улмаар жилээс жилд өсч буй малын тоо толгойг тогтоон барих үүднээс Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Энэ дагуу малчид малын хөлийн татвар төлдөг болоод байна. Гэсэн ч орчин цагийн залуу малчид мянгат болохын “өвчин” одоо ч амь бөхтэй оршсоор. Харин малчдаас төвлөрүүлсэн татварын орлогын үр ашиг одоо ч тодорхойгүй байгааг салбарынхан үгүйсгээгүй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болсон. Энэ үеэр малчдаас төвлөрүүлсэн татварын зарцуулалт олон нийтийн хяналтаас гадуур байгааг холбогдох албаны хүмүүс хэлэв.

ТАТВАРЫН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.БАТСҮРЭН: 

-Төсвийн тухай хуулиар Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар төвлөрсөн мөнгө малын чанар сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, бэлчээр хамгаалах, бэлчээр усжуулах зэрэгт зарцуулна. Тэгвэл эдгээрийг ач холбогдлоор нь эрэмблэх эрх нь орон нутагт байгаа. Хэдэн төгрөгөөр ямар татвар авах вэ? гэдгийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийддэг. Аймаг, сум бүр харилцан адилгүй үнэ тогтсон.

Ерөнхийдөө татварыг тогтоосон байдал нь дунджаар адуу болон ямаа 1500-2000 төгрөг, үхэр тэмээний тоо толгойг өсгөх бодлогын хүрээнд 500-800 төгрөгийн байдлаар хуваалцаж байна. Зарим аймаг, сум тэмээн сүргээ өсгөх бодлогоор тэмээнд татвар тэглэсэн.

Малчид татвараа төлөхдөө нэг ч удаа  хойш суугаагүй ч гагцхүү төлсөн мөнгө нь тэдэнд нэн шаардлагатай зүйлд зарцуулах ёстой. Гэтэл татвараас төвлөрсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тиймээс нэн тэргүүнд дээрх асуудалд төвлөрүүлэх хэрэгтэй. Ялангуяа бэлчээрийн даац хэтэрсэн тохиолдолд мал бүртгэлжүүлэхэд татвараас төвлөрсөн мөнгийг зарцуулах ёстой. Гэтэл малчин малаа бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахаар хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин малчин малаа бүртгүүлэх мөнгөө өөрөөсөө гаргах шаардлагатай болдог. Энэ асуудалд татвараас төвлөрсөн мөнгөнд оруулах хэрэгтэй. Ингэснээр малчин төрөөс олгож буй урамшууллаа авах эрх нь эхний ээлжид үүсч байгаа юм. Дараа нь малын чанар, бэлчээрийн даац зэрэгт үе шаттай анхаарлаа хандуулах ёстой.

Малчид малын тоонд бус чанарт анхаарах шаардлагатай. Чанаргүй мал нь малчин өрхийн орлого төдийгүй сум, аймаг, улсын эдийн засагт хүртэл сөргөөр нөлөөлж байна гэлээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр бэлчээрийн даац 2.5 дахин, ачаалал 33 хувиар хэтэрчээ. Иймд малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулахын тулд сүргийн зохистой бүтцийн харьцааг бүрдүүлэх шаардлага толгойн өвчин болж байна. Тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын  мэргэжилтэн Т.Түмэнбаяр “Малын тоо, толгойн хэт өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч байна. Улмаар мал бэлчээрээс шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь махны ашиг шимд нөлөөлж байна. Өмнө нь уламжлалт аргаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэг малаас махны хэмжээ их байсан бол сүүлийн үед найрлагад өөрчлөлт орж мал өөхөн тарга их авч байгаа юм. Энэ нь эргээд малчдын орлогыг бууруулж, нэг малаас авах ашиг шимийн хэмжээ буурснаар орлого буурахад сөргөөр нөлөөлж байна” гэлээ.

МАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД 300 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн М.БААСАНЖАРГАЛ: 

-Хүн ам өсөхийн хэрээр хүнсний хэрэгцээ нэмэгдэнэ. Улсын хэмжээнд газар нутгийн 0.5 хувьд л тариалан эрхлэх боломжтой. Үүний тодорхой хувь нь Сэлэнгэ аймагт бий. Тариалалт нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн талбай багасна. Малын тоогоо бууруулж эрчимжүүлэх шаардлагатай. Энэ утгаараа уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн татварыг нэмэгдүүлж байна гэж харж байна. Сэлэнгэ аймаг 1990 оноос өмнө өсгөөд 600 мянган толгой малтай байсан бол өнөөдрийн байдлаар 2.5 сая толгой мал болж бэлчээр маш их доройтож байна. бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Цаашид бэлчээрийн даацад тохирсон малтай болъё. Мал нь үр ашиг шимтэй, цэвэр эрлийз эрчимжсэн аж ахуйтай хослуулах санал гаргаж байгаа.

Одоогоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар малчдаас 1.4 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүний 300 гаруй сая төгрөг нь зөвхөн  мал аж ахуйтай холбоотой зүйлд зарцуулахаар төлөвлөсөн.

Үүнд малын чанар сайжруулж хээлтүүлэгч мал авах, худаг ус сайжруулах зэрэг багтаж байгаа. Татварын мөнгийг одоогоор зарцуулж эхлээгүй одоо л төлөвлөөд байна. Ер нь малын үүлдэр угсаа сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлчилгээнд татварын мөнгийг зарцуулнаг гэдгийг бүх суманд хүргүүлсэн.

Улсын хэмжээнд 27.1 хувийг малчин өрх, ажиллах хүчний 27.5 хувийг малчид бүрдүүлж байгаа юм. Насны бүлгээр нь авч үзвэл малчдын дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 24-51 насныхан. Мөн орон нутгийн эдийн засгийн 80 гаруй хувийг малчид бүрдүүлж байгаа юм. Гэхдээ малын чанарыг сайжруулах, мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд татварын мөнгөөр малчдыг хөгжүүлэх шаарддлагатай аж.

МАЛЧДЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙГЭЭР ТАТВАРЫН МӨНГӨ, ЗОРИЛГО ХЯНАЛТААС ГАДУУР ҮЛДНЭ

Зөвлөх мал зүйч, доктор Г.СУВДАА:   

-Малын тоо толгойн албан татварыг мөрдөж эхэлснээс хойш судлаач хүний хувиар ажиглаж байгаа. Өнөөдөр төсвийн орлогоо яах аргагүй Сангийн яаманд зангидаж байна. Тус яамны өгсөн мэдээллээр 2021 оны татвар 14.5 тэрбум төгрөг байна. Гэтэл зарцуулалт нь байхгүй. Зардлын ангиллуудад нарийвчилсан зохицуулалтгүй учраас харах боломжгүй байна. Энэ талаар Татварын ерөнхий газраас асуухад мэдэхгүй. Энэ нь Малын тоо толгойн албан татварын хуулийг баталснаар улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь сайн. Гэхдээ зарцуулалт нь юунд байна вэ? гэдэг нь чухал.

Шүүмжлэлтэй тал нь татварын мөнгийг бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэхэд зохицуулахгүйгээр малын халдварт өвчин зэрэг өөр зүйлд зарцуулж байна. Гэтэл малын гоц халдварт өвчин улсын төсвөөс хөрөнгө зарцуулж буй арга хэмжээ. Ийм байдлаар төвлөрүүлсэн орлогын зарцуулалт хяналтгүй байвал хууль үндсэн ухагдахуунаа алдана. Тиймээс татвар төлөгч өөрөө зарцуулсан мөнгөө хянах чадвартай болохын тулд малчдыг хөгжүүлэх асуудал чухал байгаа юм.

Наад зах нь, малчдад орчин үеийн технологийн хөгжил, байгалийн гамшигт эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэдэгт мэдлэгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Жишээ нь, татвар төлөгч болсон малчин татварын тайлангаа цахим, И-Монголиа аппликейшнээр авах мэдлэгтэй болгох шаардлагатай.

Үүнд татвар төлөгчийн өөрийн мөнгөнөөс зарцуулах саналыг гаргаж байгаа юм. Үгүй бол бид мал аж ахуйгаа хөгжүүлье, бэлчээрээ сайжруулъя, мал махны чанараа сайжруулах тухай мянган зорилт дэвшүүлээд үр дүн багатай.

Хувь хүний хөгжил, мэдлэгийн цар хүрээг хөгжүүлэхгүйгээр дээрх зорилтууд цаг хугацаа алдсан асуудал болно. Энэ талаас асуудлыг дэвшүүлж байна. Нөгөөтэйгүүр, Малын тоо, толгойн албан татварын бүрдүүлэлтээс малчныг сургаж сурталчлах, зардалд зарцуулахыг Төсвийн тухай хуулиар эрх болгосон бол эрхзүйн хүрээнд орлогын бүрдүүлэлтээс зарцуулаач гэж орон нутгийнханд санал дэвшүүлж байгаа. Тиймээс биш малчин хүн хэзээ ч өөрийнхөө саналаар “өөрийгөө хөгжүүлье, надад зориулж татварын мөнгөнөөс зарцуул” гэж хэлэхгүй. Тэгэхээр Төсвийн тухай хуулиараа тодорхой хувийг малчны хөгжилд зарцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж